Нийслэлийн Улаанбаатар чуулган XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг тоглох болсон талаарх хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Улаанбаатар чуулганы дарга Р.Мөнхсайхан, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, , хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл болон “Төгөлдөр” сан-гийн тэргүүн Х.Отгонтуяа нар оролцлоо.
“Ариун хаврын тахилга” балетыг Улаанбаатар чуулга “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа байна.
И.Стравинсий энэхүү балетыг 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичсэн бол энэ удаад Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглох ажээ. Хөгжмийг Монголын чадварлаг залуу хөгжмийн зохиолч СТА Х.Алтангэрэл найруул, бүжгийг СТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг удирдан тоглуулна.
Тус бальтыг дэмжин ажиллаж байгаа “Төгөлдөр сан”-гийн тэргүүн Х.Отгонтуяа “Манай сангийн энэ балетыг дэмжих болсон гол шалтгаан нь И.Стравинский хөгжим амьдаар тоглогдох гэж байгаад оршино. Өмнө нь түүний балет тоглогдож байсан ч хөгжим нь амьдаар биш байсан. Мөн И.Стравинскийгийн хөгжмийг Монгол ардын цөөхүүл хөгжмөөр тоглогдох гэж байгаа учраас энэ үйл ажиллагаанд оролцож үүнийхээ нэг хэсэг болж байгаад баяртай байна” хэмээн ярьсан юм.
И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” балет 2015 оны дөрөвдүгээр сарын 24,25-ны 19 цагт Улаанбаатар чуулганы тайзнаа болно.
Б.БИЛГЭЭ