Засгийн газрыг мэхэлсэн хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг мэхэлсэн хэрэг юу болов?

Засгийн газрыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө завшсан гэх томчуудын авлигын хэрэг чухам юу болж байгааг мэдэх хүн алга. Авлигатай тэмцэх газрынхан сүр дуулиантайгаар өнгөрсөн зунаас шалгаж эхэлсэн энэхүү хэрэг хаана очоод замхарсан талаар сонирхуулъя.

Хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын гишүүдийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө гаргуулан, хувийн компанийн данс руу шилжүүлсэн гэх үндэслэлээр тэдэнд анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Халзанбүргэдэй, Солонготын даваа чиглэлийн 100 километр автозамын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад уг замд шинээр зам тавина гэж Засгийн газрын гишүүдэд ташаа мэдээлэл өгч, хууран мэхэлж шинээр тогтоол батлуулж, 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Тэднийг шалгах бас нэгэн сэжүүр нь Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх боомтын цогцолборт 8.7 киломерт хатуу хучилттай замын төсвийг завших зорилгоор зориудаар хөрөнгө нэмж батлуулсан байж магадгүй гэдгийг хэргийг шалгаж эхлэхдээ АТГ мэдээлж байсан. Тодруулбал, дээрх замын техник эдийн засгийн үнэлгээ нь 20 тэрбум төгрөгөөр гарсан байтал Засгийн газраар 33 тэрбумаар батлуулж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид мөнгийг нь шилжүүлсэн гэх мэдээллийг хуулийнхан өгч байсан юм.

Энэхүү үйлдлүүдэд нь хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яам болон бусад байгууллагын ажилтнуудыг сэжигтээр татан шалгаж байгаа гэдгийг тухайн үед Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр, Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат нар мэдээлж байв.

Гэтэл энэ хэрэг одоо хаачсан нь мэдэгдэхгүй цаасан дээр мөргүй замхарчихаад байна. Авлигатай тэмцэх газраас “Манайд шалгагдаж байгаа хэргүүд дотор ийм хэрэг байхгүй” гэсэн бол хавтаст хэрэг очих магадлалтай нийслэлийн Прокурорын газрын албаны эх сурвалжууд “Одоогоо хянагдаж байгаа хэргүүд дотор энэхүү хэрэг байхгүй. Магадгүй хэрэгсэхгүй болгож, хэргийг хаасан байх магадлалтай” гэх хариултыг өгч байна.

Төр, засгаа хууран байж улсын мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь халаасалж, хувийн ашиг сонирхлын үүднээс хуйвалдан үйлдсэн байх магадлалтай гэгдэж байсан энэ хэрэг ямартай ч ийнхүү ор сураггүй болсон бололтой. Эндээс харахад АТГ-ынхан сүр дуулиантай мэдээлж байсан хэргээ ор тас мартав уу эсвэл энэ бас нэгэн улстөржилт нь байсан уу гэдэгт тэд тайлбар хийх ёстой юм.

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж