Хятадын мэс засалчид 5G технологийг ашиглан дэлхийн анхны алсын зайн мэс заслыг 3000 километрийн цаана байгаа өвчтөнд бямба гаригт /2019.03.16/ хийжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “PLAGH” эмнэлгийн мэс засалч доктор Лин Жифэй Хайнан дахь салбар эмнэлгээсээ уг мэс заслыг удирдан хийсэн байна. Дэлхийн анхны алсын зайн мэс засалд амжилттай орсон өвчтөн төв мэдрэлийн системийг гэмтээж, булчингийн үйл ажиллагааг зогсоодог Паркинсоны өвчнөөр өвдсөн байжээ. Мэс засал гурван цаг үргэлжилсэн ба Хятадын мэдээлэл технологийн “Huawei” компанийн хөгжүүлсэн 5G технологийг ашиглан өвчтөний тархины гүнд хөдөлгөөн хянах хэсэгт өдөөлт өгөх суулгац суулгах мэс ажилбарыг ийнхүү амжилттай хийсэн байна.
Паркинсоны өвчин нь орчин үеийн насжилт өндөртэй улс орнуудад элбэг тохиолддог, тархины өвчин юм. 1990 онд дэлхийд энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 2,5 сая байсан бол 2006 онд 6,2 сая болж өсчээ. Уг өвчнийг бүрэн төгс анагаах эмчилгээ одоогоор байхгүй байна.
Дээрх мэс засал нь үнэндээ хоёр дахь удаагийн алсын зайн мэс засал гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт 2000 километрийн зайнаас Шэньжэнийн нэгэн өвчтөнд элэгний мэс заслыг мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөн дор амжилттай хийсэн юм байна. Харин энэ удаагийн тархины мэс засал нь эмч бие даан хийсэн анхны алсын зайн мэс засал болж байгаа юм. Үүнээс өмнө нэгдүгээр сард Фушиан анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд амьтан дээр уг мэс заслыг амжилттай туршжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ