Крым ОХУ-тай нэгдcэний таван жилийн ойд

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Крым ОХУ-тай нэгдcэний таван жилийн ойд

Крым ОХУ-тай нэгдcэний таван жилийн ойд

-Энэ өдрүүдэд Оросын ард түмэн Крым болон Севастополь хот ОХУ-тай нэгдэн нийлсний таван жилийн ойг тэмдэглэж байна. Крымын оршин суугчдын хувьд энэхүү үйл явдал нь гэртээ харих урт удаан замын эцэс төгсгөлийн бэлгэдэл болсон юм. Эцсийн эцэст тэд өөрсдийн хувь тавилангаа өөрсдөө шийдэж чадсан ба Крым болон ОХУ-ын түүхэн нэгтгэл нь 2014 оны 3-р сарын 16-нд явагдсан бүх нийтийн санал асуулгын үр дүнд болсон билээ. Энэхүү түүхэн үйл явдлын эргэн тойронд янз бүрийн гүтгэлэг болон цуу яриа тархсан хэвээр байгаа учир хэрэг явдал хэрхэн өрнөснийг эргэн сануулахад илүүдэхгүй болов уу? Монгол уншигчдад маань энэ талаарх мэдээлэл мөн сонирхолтой байх болно хэмээн найдаж байна-

1941-1945 онуудад үргэлжилсэн Аугаа их Эх орны дайны дараа ЗСБНХУ-ын Бүгд найрамдах холбоот улсуудын нэг болох ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Крымын автономит улсыг Крымын муж болгон өөрчилсөн бол 1954 онд ямар нэгэн санал хураалтгүйгээр, мөн ЗСБНХУ-ын үйлчилж байсан хууль тогтоомжийг илт зөрчин энэхүү бүс нутгийг ЗСБН Украйн Улсын засаг захиргаанд нэгтгэжээ. Тэр үед ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар цагтаа Украйныг удирдаж байсан Н.С.Хрущев ажиллаж байсан ба тэрээр энэхүү алхамыг Орос Улстай нэгдсэний 300 жилийн ойгоо тэмдэглэж байсан Украйн Улсад бэлэг болгон хийжээ. ЗХУ задран унаж байсан 1991 онд Крымын иргэд өөрсдийн хувь заяагаа гартаа авч, бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд 93% нь ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх бүгд найрамдах улсын эрхэнд автономит статусыг сэргээх саналыг дэмжсэн байна. Улс төрийн замбараагүй байдлын үр дүнд Крымыг Украйны бүрэлдэхүүнд үлдсэн ч тэр цаг үед ирээдүйн «Крымын хавар» хэмээн нэрлэгдэх үйл явдлуудын эхлэл тавигдсан юм. Харин 2014 онд Киевт улс төрийн эргэлт гарч, төрийн эрхийг Оросын эсрэг үзэлтэй этгээдүүд авсны дараа Крымын иргэд ардчилсан чөлөөт хэлэлцүүлэг явуулж, үүний үр дунд 97 хувь нь ОХУ-тай нэгдэх саналыг дэмжжээ. Ингэснээр тэд дэлхий ертөнцөд жинхэнэ ардчилал гэж юу байдгийг харуулж чадсан юм.

2014 оны 3-р сарын 18-нд Крым болон Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах тухай гэрээнд гарын үсэг зурав. Ийнхүү Крымын ард түмэн өөрсдийгөө илэрхийлэх хууль ёсны эрхээ эдэлж чадсан ба энэхүү эрх нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрэм болон бусад олон улсын эрх зүйн баримт бичгүүд, түүний дотор Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Хурлын (ЕАБХАХ) Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт заасан хэм хэмжээнүүдийн хүрээнд хэрэгжсэн байна. Тиймээс Крымын нутаг дэвсгэрийн харъяллын тухай бүх асуудлууд нэгэнтээ шийдэгдсэн.

Одоогийн Украйны эрх баригчид ОХУ-ыг 1994 оны Будапештын санамж бичгийг зөрчсөн хэмээн буруутгахыг оролдож байгаа ч ОХУ нь энэ баримт бичгийн аливаа заалтыг огтхон ч зөрчөөгүй гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү санамж бичигт ОХУ, Украйн, Их Британи болон АНУ гарын үсэг зурсан бөгөөд түүний дагуу Украйн Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэн орж, өөрийн нутаг дэвсгэрээс аливаа цөмийн зэвсгийг зайлуулах үүргийг хүлээсэнтэй нь холбогдуулан талууд түүний улс төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг хүч хэрэглэхээс, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлэхээс татгалзахаар тохиролцсон.

ОХУ-ын ГХЯ нь Будапештын санамж бичгийн дагуу бидний хүлээсэн үүрэг нь зөвхөн цөмийн зэвсэг ашиглана хэмээн сүрдүүлэхээс татгалзах бөгөөд түүний бусад заалтууд нь Хельсинкийн гэрээний заалтуудтай давхцаж байгааг нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Крым дэх нөхцөл байдал нь зөвхөн Украйны дотоод үйл явдлуудтай холбоотой бөгөөд эдгээр үйл явдлууд нь ОХУ болон Будапештын санамж бичигтэй ямар ч хамаагүй юм. Үүнээс гадна Будапешт хотноо ОХУ, Их Британи, АНУ болон Украйны удирдагчид санамж бичгээс гадна хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан гэдгийг Украйны эрх баригчид мартсан бололтой. Энэхүү баримт бичгийн дагуу талууд арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах түрэмгий үндсэрхэг үзлийн тархалттай тэмцэх үүрэг хүлээсэн. ОХУ-ын ГХЯ-ны нэгэн мэдэгдэлд «Украйны бодлого дахь энэхүү улс төрийн хэт сөрөг үзэгдэл нь Крымыг тусгаар тогтнолоо зарлахад хүргэсэн юм. Будапештын санамж бичгийн хүрээнд ОХУ нь Крымыг заавал Украйны нэг хэсэг хэвээр үлд хэмээн тулган шаардах үүрэг хүлээгээгүй» хэмээн заажээ. Оросын байр суурь нь аливаа хоёрдмол утгагүй бөгөөд олон улсын хууль эрх зүйн үүднээс бат бөх байгааг бид харж байна.

Крымын ард иргэд 2014 онд өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлснээр аймшигт иргэний дайнаас, тухайлбал Киевийн эрх баригчид бараг таван жилийн турш Донбасст тарьж буй гай зовлонгоос зайлсхийж чадсан юм. Украйнд ажиллаж буй ЕАБХАБ-ын хяналт шалгалт дүн шинжилгээний тусгай ажлын хэсгийн тайлангуудад Киевийн буруугаас болж энэ бүс нутагт аймшигтай нөхцөл байдал тогтсон тухай өгүүлж байна. Киев нь нутаг дэвсгэрээ буцаан авахаар төлөвлөж байгаа боловч тэнд амьдардаг хүн ам түүнд хэрэггүй бололтой.

«Крымын хавар» дууссаны дараа энэхүү бүс нутаг нь «шилжилтийн үе»-ийг бүрэн утгаар даван туулав. Украйн Улсын бүрэлдэхүүнд байсан үеийнхтэй харьцуулахад төрийн албан хаагчдын гар дээр ирдэг бодит цалин болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хоёр дахин өссөн. Одоо хүртэл зарим нэгэн асуудал шийдэгдээгүй ч бүс нутгийн хөгжил нь улсын дунджаас өндөр байгаа. Үүний хажуугаар Крым нь Оросын бусад субъектүүдийг хөгжлийнхөө дундаж үзүүлэлтүүдээрээ хараахан гүйцээгүй байгаа ч тэдэнтэй эн зэрэгцэхийн тулд их юм хийгдэж байгаа. Тухайлбал, 2015 оноос 1 их наяд рублийн өртөгтэй «2022 он хүртэлх Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хотын нийгэм, эдийн засгийн хөгжил» хэмээн дунд хугацааны Холбооны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 2019 оны 1-р сарын байдлаар Бүгд Найрамдах Улс нь Оросын бусад муж, нутгуудтай хамтран ажиллах тухай 57 гэрээ байгуулжээ. 2014 оныг хүртэл Крымд жил бүр 5.5 сая жуулчин амардаг байсан бол 2018 онд 6.5 сая гаруй хүн зочилсон байна. 2018 оны 5-р сараас Крымын гүүрэн дээгүүрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээснээс хойш жуулчдын урсгал 20-25 хувиар өсчээ. Үүний зэрэгцээ жуулчдын бүтэц өөрчлөгдсөн ба өдгөө тэдний 85 орчим хувь нь Оросын иргэд болов (2014 он хүртэл хагас нь байсан). Үүнээс гадна дэлхийд дахинд алдартай буюу Крымын шигтгээ болсон «Артек» олон улсын хүүхдийн зусланг бүрэн хэмжээгээр нь сэргээн засварлах тухай асуудал яригдаж байна.

Шашин шүтлэгийн хувьд Бүгд Найрамдах Крым Улс нь Оросын бусад тойргуудтай харьцуулахад хамгийн баян нутаг ба энд мянга гаруй шашны нийгэмлэгүүд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Үнэн алдартны болон Лалын шашин нь хамгийн их даган бишрэгчидтэй бөгөөд энэ утгаараа Крымын татаруудын хувь заяа маш ихийг өгүүлнэ. Крым, олон улсын хүний ​​эрхийн байгууллагуудын зөвлөмжүүдийг үл тоомсорлодог Украйны нэг хэсэг байхад Крымын татаруудын эрх мэдэлгүй нөхцөл байдал Барууны улс орнуудын санааг огтхон ч зовоодоггүй байсан ба хорь гаруй жил тэднийг ялгаварлан гадуурхаж, эрхийг нь зөрчсөний улмаас муудсан нөхцөл байдлыг орчин үеийн Орос Улс засан залруулах шаардлагатай тулгарсан. Өдгөө Крым болон Севастополийн лалын шашинтнуудын оюун санааны удирдах газар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс гадна Крымын хүүхдүүд Орос, Украйн, Крымын Татар зэрэг аль хэлээр сургуульд сурахаа өөрсдөө буюу чөлөөтэй сонгох боломжтой болсон.

2018 онд гадаадын зочид төлөөлөгчдийн оролцоотойгоор Крымд болсон үйл явдлуудын дунд онцгой байр суурийг IV Ялтын олон улсын эдийн засгийн форум эзлэнэ. Түүний хүрээнд орчин үеийн Крымын хөгжлийн төлөвийг олон улсын байр сууринаас хэлэлцэх боломж нээгдсэн бөгөөд энэхүү форумд оролцохоор дэлхийн 71 улс орноос 612 зочин гийчид хүрэлцэн ирж, тэд нийтдээ 162 тэрбум гаруй рублийн өртөгтэй 70 орчим гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн олон улсын улс төрийн шинжлэх ухааны Ливадиа чуулганы зуны болон өвлийн ээлжит уулзалтууд нь бидний зүй ёсны анхаарлыг татахуйц арга хэмжээ билээ. Бүгд Найрамдах Крым Улс нь гадаадын улс орнуудтай бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа өрнүүлэхийн тулд идэвхтэй ажиллаж байна.

Тиймээс амьдрал болон цаг хугацаа нь Крымын иргэд зөв сонголт хийснийг баталж байна. Өнөөдөр Крым нь ОХУ-ын улс төр, эрх зүй, нийгэм, эдийн засгийн орон зайд амжилттай нэгдэж дууслаа хэмээн итгэл төгс хэлж болно. Мэдээжийн хэрэг, Севастополь болон Крымыг бүрэн дүүрэн хөгжүүлэхийн тулд хийх зүйл их байгаа ба ажил үргэлжилсээр байна.

Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж