Халдлагын эсрэг галт зэвсгийн хуулиа чангатгана

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Халдлагын эсрэг галт зэвсгийн хуулиа чангатгана

Халдлагын эсрэг галт зэвсгийн хуулиа чангатгана

Шинэ-Зеландын Крайстчерч хотноо зэвсэгт этгээд сүмд гал нээснээс 49 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Үүний дараа Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн галт зэвсгийн тухай хуулийг чангатгаж, хүссэн хүн бүр хагас автомат галт зэвсгийг эзэмшдэг байдлыг зогсоохоо мэдэгджээ. Халдлагын сэжигтэн Брентон Таррант гэгч нь халдлага үйлдэхийнхээ өмнө хотын галт зэвсгийн худалдааны дэлгүүрээс дөрвөн төрлийн буу худалдан авсан болохыг цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Шинэ Зеланд улсад галт зэвсгийн тухай хуулийг 2005, 2012 болон 2017 онуудад өөрчлөхөөр парламентад оруулж ирсэн ч дэмжигдээгүй аж.

Аймшигт халдлагын дараа галт зэвсгийн тухай хуулийг өөрчлөхөд эсэргүүцэх хүн гарахгүй гэдэгтэй иргэд санал нэгтэй байгаа аж. Тухайлбал, 22 настай Макс Роберт гэгч хувьдаа галт зэвсэг эзэмшдэг боловч хуулиа чангатгах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Мөн зарим иргэд тодорхой төрлийн галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах нь зөв гэсэн байна. Халдлагын үеэр сүмийн ариун цэврийн өрөөнд нуугдаж амь гарсан Австралийн иргэн Эллиот Давсон өөрийн оронд нь  хагас автомат бууг хувь хүн эзэмшихийг хориглосон байдгийг дурджээ. Австралид 1996 онд зэвсэгт этгээд гал нээж 35 хүнийг хөнөөсний дараа хуулиа чангатгасан аж.

Галт зэвсгийн хуулийг чангатгаснаар бүх халдлагыг зогсоож чадахгүй боловч буу ашиглан халдлага үйлдэх явдлыг бууруулдаг нь олон улсын туршлагаар нотлогджээ. Галт зэвсэг худалдах, худалдан авах хуулийг чангатгаснаар буу ашигласан гэмт хэрэг, халдлагын тоо огцом буурдаг болохыг 10 орны жишгээс харж болох тухай “Epidemiologic Reviews” сэтгүүлд 2016 онд нийтэлжээ. Тухайлбал, АНУ-ын Коннектикут муж улсад гар бууг тусгай зөвшөөрлөөр худалдан авах болсноор галт зэвсгээр үйлдсэн аллагын тоо 40 хувь, амиа хорлолт 15 хувиар буурчээ.

Шинэ Зеландад галт  зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг, хүчирхийллийн тоо бага. Тус улсад 1,2 сая ширхэг галт зэвсгийг хувь хүн эзэмшдэг ба нэг хүн ойролцоогоор дөрвөн буутай байдаг гэнэ. Энэ нь Шинэ Зеланд улс нь иргэдийн галт зэвсэг эзэмших байдлаар дэлхийд 20 дугаарт бичигдэж байна.

АНУ-ын Конгрессын хуулийн номын сангаас тайлбарласнаар Шинэ Зеландын хуулийн систем галт зэвсгийг бүртгүүлэх биш лицензжүүлэхэд голчлон анхаарсан байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд галт зэвсэг худалдан авахын тулд эхлээд лиценз авдаг. Лицензийг олгохдоо тухайн хүний ял шийтгэлийн түүх, хүчирхийлэл үйлдэж байсан эсэх, согтууруулах, мансууруулах бодисын хэрэглээ, эрсдэл бүхий эсвэл аюултай хүмүүстэй харилцаатай эсэхийг судалдаг байна. Лицензээ авсны дараа хүссэнээрээ буу, сум худалдан авч болох ч зарим төрлийн зэвсгийг худалдан авсныхаа дараа цагдаагийн газарт бүртгүүлэх шаардлагатай байдаг аж. Лицензийг 10 жил тутамд шинэчилдэг ба энэ хугацаанд цагдаагийн газраас цуцлах боломжтой. Харин галт зэвсэг худалдаалагчдын хувьд цагдаагийн газраас лицензээ авч, хяналтад байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж