УИХ-ын гишүүд хурлаа таслах, хүний өмнөөс кноп дарах, ирц бүрдэхгүй байх асуудал парламент байгуулагдсан цагаас л чихнээс хонх уясан асуудал байсан. Байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд картаа шургуулаад гарах тохиолдол элбэг. Тухайлбал, дэргэдээ суугаа гишүүндээ болон хурал зохион байгуулж буй байнгын хорооны дарга, ажилтанд дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа гэх саналаа хэлээд, картаа үлдээгээд гардаг. Мөн чуулганы хуралдааны үеэр гишүүд “төгөлдөр хуур” дарах тохиолдол олон бий. Ирц 60 хувьтай байгаа ч чуулганы танхимд 10 гаруйхан гишүүн сууж байх нь түгээмэл. Тэгвэл хаврын чуулганаас эхлэн УИХ-ын гишүүдийн ирц, саналыг зөвхөн хурууны хээгээр бүртгэж эхлэх юм.
Ингэснээр бусдын өмнөөс санал өгөхгүй, бусдад найдаж картаа үлдээхгүй зөвхөн өөрийн биеэр санал өгөх эрхтэй болж байгаа юм.
Онцлоход, УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж байгаа ч энэ дэг үйлчлэхгүй бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх ээлжит чуулганаас эхлэн мөрдөгдөх юм.