-Алтайн бүсээс Баянхонгор, Ховдын багууд шалгарлаа-
Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Тал, Алтайн бүсийн тоглолтууд эхэлж, шигшээд өрсөлдөх багууд эхнээсээ тодорч байна.
Завхан аймагт болсон Алтайн бүсийн 15 хүртэлх насны ангилалд 3, 17 хүртэлх насанд 2 баг өрсөлдлөө. 15 насны ангилалд Завхан, Баянхонгор, Ховд аймгийн багууд өрсөлдсөнөөс талбайн эзэд шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхийг аваагүй байна. Энэ хэсгээс Баянхонгор, Ховд аймгийн багууд Улаанбаатар хотноо болох финалын тоглолтод өрсөлдөх эрхийг авчээ.
Харин эдгээр өдрүүдэд Хэнтийн аймагт Талын бүсийн тоглолтууд болж байгаа бөгөөд шигшээд өрсөлдөх багууд ирэх баасан гаригт тодрох юм.
Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ жилээс эхлэн 21 аймгийн гурван бүс, Улаанбаатар хотын есөн дүүрэг, холбоонд бүртгэлтэй клубүүд урьдчилсан шатанд өрсөлдөх юм. Эндээс шалгарсан багууд ирэх зургадугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна.
Бүсийн хуваарь:
IV.18-24 Талын бүс (Хэнтий аймаг. Чингис хот)
IV.20-24 Алтайн бүс (Завхан аймаг. Улиастай хот)
IV.26-30 Хангайн бүс (Хөвсгөл аймаг. Мөрөн хот)
IV.26-30 УБ хотын дүүргүүд, клубүүд (Улаанбаатар хот)
НЭМЭЛТ:
Алтайн бүсийн 15 хүртэлх насны ангилалаас Ховд, Баянхонгор аймгийн багууд шигшээд өрсөлдөнө.
Ч.БОЛОР