Б.Махбалын шүүх хурал гэрч дутуу гэх шалтгаанаар хойшиллоо
Б.Махбалд холбогдох шүүх хурал хойшиллоо. Тодруулбал хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон ч өнөөдрийн хуралд гэрчээр гурван хүн оролцжээ. Тиймээс гэрч дутуу гэж үзэн, хуралдааныг хойшлуулсан байна.
Дараагийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлогдсон байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ЗТХЯ-ын сайд асан, төрийн нарийн, дэд сайд болон хэрэг гарах үед хамт байсан газрын дарга нарыг шүүх хуралд оролцуулах санал гаргаж байжээ.
Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх:
-Хэрэгт Б.Махбалаас гадна хоёр хүнд холбогдох хэрэг үүсгэн шалгаж байсан. Прокурор тэр хоёр хүний хэргийг Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосон. Хэргийн анхнаас яригдаж байсан яллагдагчийн хувьд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсэн эдгээр шийдвэрүүдийн аль алийг нь бид хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг буюу ердийн хүн амины хэргийн ял шийтгэл 8-12 жил хорих ял. Харин 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг хүндрүүлэх нөхцөл буюу хүний амь насанд санаатай халдсан бол 12-20 жил хорих эсхүл бүх насаар нь хорих ял оноодог. Ял шийтгэлийн хувьд асар их ялгаатай гэв.
Б.Махбалд холбогдох шүүх хурал түр завсарлалаа
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.03.18/ Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан 10.00 цагт эхэлсэн бөгөөд дөнгөж сая түр завсарласан байна.
Мөн Б.Махбал нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож байгаа аж.
Б.Махбалд холбогдох шүүх хурал эхэллээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.03.18/ Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан 10.00 цагт товлогдсон юм. Тус шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлон өнөөдөр болж буй.
Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.
Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Тус заалтад “Хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Шүүх хуралд ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл гэрчээр оролцож байгаа гэх мэдээлэл ч бас бий. Мөн хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон байна. Прокурорын байгууллага дээрх хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлсэн билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ