Этиопын зам тээврийн сайд өчигдөр /2019.03.17/ осолдсон “Boeing 737 Max 8” онгоцны хар хайрцагны мэдээллийн талаар мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр эцсийн хариу 30 хоногийн дотор гарах ёстой бөгөөд урьдчилсан байдлаар таван сар гаруйн өмнө Индонезид осолдсон “Boeing 737 Max 8” хөлөг болон өнгөрсөн ням гаригт Этиопт осолдож 157 хүний аминд хүрсэн “Boeing 737 Max 8” хөлгүүд ижил төстэй шалтгаанаар осолдсон нь тодорхой байгаа гэнэ.
Мөн АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар болон Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын газар уг мэдээллийг хараахан баталгаажуулаагүй гэж мэдэгдээд байсан ч Этиопын Зам тээврийн сайдын өчигдрийн мэдэгдэлд АНУ болон Этиопын хамтарсан мөрдлөгийн баг хар хайрцагны урьдчилсан дүгнэлтийг баталгаажуулсан гээд үүнээс гадна хар хайрцагны мэдээллийг сэргээхэд туслалцаа үзүүлсэн Францын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Хар хайрцагны мэдээлэл болон хиймэл дагуулаас авсан хоёр онгоцны нислэгийн траектороос харахад хоёулаа хөөрөөд удалгүй огцом хурд авч, өндөрт гарсан байгаа юм. Үүний дараа Этиопын онгоцны нисгэгч буцах зөвшөөрөл хүсээд холбоо тасарсан. “The Boeing” компани энэхүү загварын MCAS (maneuvering characteristics augmentation system) автомат систем суулгасан байна. Энэ систем нь өмнөх загваруудад байдаггүй, зөвхөн “Boeing 737 Max 8” хөлөгт зориулан шинээр суулгасан аж. Ийм шинэ систем суулгаснаа Индонезид онгоц нь осолдож 189 хүний амийг авч одсоныхоо дараа л албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн байгаа юм. MCAS нь ерөнхийдөө онгоцны автоматаар маневр хийх систем буюу онгоц огцом хэт өндөрт гарвал үүнийг онгоцны хамар дээрх мэдрэгчээрээ мэдэрч нисгэгчийн удирдлагагүйгээр автоматаар онгоцны хамрыг аажим аажмаар буулгаж хэвийн түвшинд аваачих систем юм байна. Мөрдөн шалгах багийнхан уг системд ямар нэгэн алдаа гарсан гэж сэжиглэж байгаа ажээ.
эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ