Төрд авах 400 лиценз социализмыг даллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Төрд авах 400 лиценз социализмыг даллаж байна

Төрд авах 400 лиценз социализмыг даллаж байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн уул уурхайн ордуудын ашиглалтын зөвшөөрөл буюу лицензийг улсын мэдэлд авна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гуравдугаар сарын 7-ны өдөр мэдэгдсэн нь одоо ч уул уурхайн салбар төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байна. З.Энхболд даргын мэдэгдсэнээр нийт 400 орчим хайгуулын лицензийг төр өөрийн мэдэлд авах ажээ. ҮАБЗ-ийн энэ зөвлөмж нь Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төрийн өмч менежмент хийж явна гэдэг заалтыг хэрэгжүүлж байгаа хэрэг хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдэгдсэн.

Харин энэхүү мэдэгдэл хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шууд хураана, буцаана гэсэн ойлголт байхгүй, гарц хайж байна хэмээн мэдэгдлээ.

З.Энхболд даргын эш татсан Үндсэн хуулийн заалт эх хувиасаа гажсан байгааг анзаарах хэрэгтэй. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн бичигдсэн байгаа.

Монгол улс уул уурхайн арвин баялаг нөөцөө ашиглаж эхлэх бодлогын шийдвэр гаргаж, уул уурхайн салбарыг хөгжүүлээд даруй 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Ашигт малтмалын анхны хууль 1997 онд гарч, сүүлд 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. 20 гаруй жилийн хугацаанд Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо уул уурхайн салбар хөгжсөн бөгөөд ДНБ болоод эдийн засгийн өсөлтийн гол суурь нь уул уурхайн салбар болсон. Бүх зүйл энэ салбарт төгс сайхан болчхоогүй, олборлолт хийж байгаа уурхайн нөхөн сэргээлтийг ном журмын дагуу хийдэггүйгээс байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсон, малчдын дөрвөн улиралд нүүдэллэн амьдрах газар орны онгон байдал хөндөгдсөн, лицензийн наймаа, гар аргаар алт олборлогчид гээд асуудал цөөнгүй бий. Ялангуяа лицензийн асуудал. Лицензийг анхлан өргөдөл өгсөн хүнд өгөх зохицуулалтаас үүдэн лиценз олгох өдөр Ашигт малтмалын газрын үүдэнд түрүүлж орох гэсэн хүмүүс нэг бус удаа үймээн хийж байсан үе бий. Лицензийн замбараагүй олголт, олгосон лицензийн ашиглалтын байдал хяналтаас гарсан учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз олголтыг зогсоож байсан. Бараг таван жил шахам ашигт малтмалын лицензийг шинээр олгоогүй бөгөөд 2016 оноос лицензийг цахимаар олгож эхлээд байгаа.

Төр хураан авах гэж байгаа 400 гаруй лицензийн 95 хувьд нь уурхай баригдаагүй гэсэн үндэслэлийг З.Энхболд дарга хэлсэн. Лиценз олголт хуулиар зохицуулагдаж байгаа учраас зохих хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хийх нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Мөн тэр 400 орд ямар орд болох, лицензийг хурааж аваад ордыг эзэмшиж байгаа хувийн компанийн үйл ажиллагаанд төр оролцохгүй гэсэн ямар баталгаа байгаа эсэх талаар ямар нэг тодорхой мэдээлэл хийгдсэнгүй.

Нөгөө талаар хуулийн дагуу олгогдож буй лиценз бол ордыг ашиглах л эрх. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар орд ашиглах эрхийг хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа процесс, түүнээс биш аль нэг компанид ордыг өмчлүүлж буй асуудал байхгүй. Монголын ашигт малтмалын ордуудын ихэнх нь социализмын үед төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн онцлогтой. 2000 оноос хойш хувийн компанийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн цөөн ордын нэг нь Оюутолгой. Ашигт малтмалын хайгуул хийнэ гэдэг асар их хөрөнгө шаардах ажил бөгөөд аз эзийн зүйл. Өчнөөн сая ам.доллар зарцуулаад илэрц байхгүй бол тэр хөрөнгө салхинд хийслээ л гэсэн үг. Уул уурхайн салбарын ид оргил үед жилдээ 200-300 сая ам.доллар гаднаас хайгуулийн ажилд орж ирдэг байжээ.

Одоо үйлчилж байгаа хуулиар хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн, тэр нь стратегийн орд газар бол төр 34 хувийг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол ордын 51 хувийг төр авах зохицуулалттай.

Ямар ч гэсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ҮАБЗ-ийн шийдвэрийг эргэлзэнгүй хүлээж авснаа  илэрхийллээ. Лицензийн ард хувийн хөрөнгө яригдаж байгаа учраас үүнийг хэрхэн зохицуулахаас Монголын төр социализм руугаа буцах уу, үгүй юу гэдэг асуултын хариулт харагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж