Н.Түвшинбаяр зургаа давав

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр зургаа давав

Н.Түвшинбаяр зургаа давав

“Бээжин 2008” олимпийн аварга, “Лондон 2012” олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр 2019 он гарсаар заалны барилдаанд барилдаагүй билээ. Тэгвэл аварга маань өчигдөр Бөхийн өргөөнд болсон Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд барилдаж зургаа давлаа.

Улсын заан Н.Түвшинбаяр гурвын даваанд аймгийн начин Ц.Отгонбатыг, дөрвийн даваанд аймгийн арслан Б.Цэдэнсодномыг, тавын даваанд улсын начин Г.Ганжадыг, зургаагийн даваанд улсын начин Д.Амарсайханыг давж, шөвгийн дөрөвт үлдсэн. Барилдааны долоогийн даваанд улсын арслан Э.Оюунболд Н.Түвшинбаяр аваргыг давсан юм. Бөхийн тайлбарлагч Ц.Батнасан олимпийн аваргын бугуйны гэмтэл нь сэдэрч тахимаа өгсөн юм байна гэсэн тайлбарыг өгсөн. Гэхдээ их шөвөгт үлдсэн Н.Түвшинбаяр аваргыг үзэгч түмнээ хүндлээд барилдсанд Бөхийн өргөөнд ирсэн түмэн олон баяртай байв.

Жүдогийн татамид монгол түмнээ баярлуулж яваа аварга маань “Лондон 2012” олимпийн наадмын дараа +100 кг-ын жинд барилдаж байгаа. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард Германд болсон “Их дуулга”-д оролцож, энэ жилийн тэмцээнээ эхлүүлсэн. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан сүүлийн чансаагаар Н.Түвшинбаяр +100 кг-д 21-р байрт бичигдсэн. Үндэсний бөхөөр барилдах нь бага ч гэлээ олимпийн аварга маань энэ жилийн Монгол цэргийн баярын барилдаанд их шөвөгт үлдэж, бэлтгэл сайн байгаагаа харуулаад авлаа.

Архив: Н.Түвшинбаяр 2017 оны Цагаан сарын барилдааны үеэр.

Ч.ШАРХҮҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж