–NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-
1921.03.18 Ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан армийн ангитай хамтаар Хиагтыг гамингаас чөлөөлөв.
1921.03.18 Ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан армийн ангитай хамтаар Хиагтыг гамингаас чөлөөлөв. Журамт цэрэг дөрвөн хороотой бөгөөд хороо бүр 100 цэргийн зохион байгуулалттай байв. Цэргийн жанжнаар Д.Сүхбаатар, хороодын даргаар Б.Пунцаг, Ц.Хасбаатар, Ч.Базарсад, О.Цэрэндорж нарыг томилжээ.
1921.03.19 Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдав.
1924.03.21 Монголын баруун хязгаар дахь Дөрвөдийн хоёр аймгийг татан буулгаж, Ховдын сайдын газарт захируулав. Дараахан нь энэ хоёр аймгийн нутгийн захиргааны дүрмийг баталсан билээ.
1925.03.20-28 БНМАУ-ын II бага хурал хуралдав. Тус бага хурлаар нутгийн захиргааны явдалд онцгой анхаарч, ардчилсан захиргаа байгуулаагүй газарт түүнийг яаравчлан байгуулахыг заажээ.
1934.03.20 Сайд нарын зөвлөлийн дэргэдэх цэргийн зөвлөлийг татан буулгав.
1936.03.22 Улсын XX бага хурлаар Д.Догсомыг УБХ-ын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар тус тус томилжээ.
1955.03.24 БНХАУ-ын Төмөр замын яам Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр зам болон ЗХУ, БНМАУ-ын олон улсын шууд ачаа тээвэр ашиглалтад ороход бэлэн болсон ба хятадын төмөр зам ачаа тээвэр зохицуулах комисс байгуулж, мэргэжлийн хяналт шалгалт хийх хоблогдох нэгж байгууллагын бэлтгэл ажлыг гүйцэтгэн, мөн жилдээ багтаан олон улсын ачаа тээвэрлэлт ашиглалтад орох тухай баталгаа өгсөн байна.
1963.03.18 БНХАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид болон БНМАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид хоёр улсын Засгийн газрын 1963 оны харилцан бараа нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурав. Протоколд Хятадаас Монголд торго дурдан, машины сэлбэг хэрэгсэл, химийн түүхий эд болон өргөн хэрэглээний бараа зэргийг, Монголоос Хятадад адуу, шар тос, өлөн гэдэг болон төрөл бүрийн арьс зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр тогтов. БНХАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, ГЯЯ-ны дэд сайд Бай Сянин, БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн дарга, Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн ГЯЯ-ны сайд н.Гомбожав нар тус тусын улсыг төлөөлөн гарын үсэг зурав.
1981.03.22 Монгол хүн сансарт нисэв. Зөвлөлтийн сансрын нисгэгч В.А.Жанибеков, Монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар "Союз-39" хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийв.
1983.03.23 БНМАУ БННикарагуй улстай соёлын хэлэлцээр байгуулав.
1990.03.15-22 Хятад Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ-д айлчлал хийж, хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанд оролцон, хоёр талын хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурав. Хурал дээр Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрэв.
1990.03.22-24 АИХ-ын 11 дэх удаагийн наймдугаар чуулган хуралдаж, П.Очирбатыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар, Ш.Гунгаадоржийг СнЗ-ийн даргаар тус тус сонгов.
2010.03.18 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай зөвлөмж, тэмдэглэл гаргаж байв.
2013.03.18 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Загдсүрэнгийн Болдбаатарт Хошууч генерал, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Баянмөнхийн Билэгт, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Шархүүгийн Лхачинжав нарт Бригадын генерал цолыг тус тус хүртээлээ.
Холбоотой мэдээ