Бөө мөргөлийн зан үйлийг дагаж "цэцэглэсэн" бизнес | News.MN

Бөө мөргөлийн зан үйлийг дагаж "цэцэглэсэн" бизнес

Бөө мөргөлийн зан үйлийг дагаж "цэцэглэсэн" бизнес

Бөө мөргөлийн зан үйлийг дагаж "цэцэглэсэн" бизнес

Цас ханзарч яргуй дэлбээлмэгц хууль бусаар амьтан агнаж өөрсдийгөө эрсдэлд оруулах нь цөөнгүй. Хэзээнээс ч юм бүү мэд иргэдийн дунд “Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нь маш сайн”, “Тарваганы “хүн мах” идвэл нойр булчирхайнд сайн”, “Жирэмсэн эмэгтэйн гэдсийг баавгайн савраар домновол хүндрэлгүй төрнө”, “Зэрлэг гахайн элэг нь элэгний В,С вирусийг устгаж, нөхөн төлжүүлдэг”, “Чононы бүх эд эрхтэн хүний эрүүл мэндэд тустай” гэх мэт ам дамжсан яриа дэлгэрсэн нь өнөөдөр ч “хүчтэй” хэвээрээ. Нөгөө талаас мухар сүсэг, бөө мөргөлийн зан үйл нь эдүгээ бизнес болтлоо хөгжсөн нь зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, байгалийн унаган төрх алдагдаж, доройтох шалтгаан болж буйг мэргэжилтнүүд сануулж буй.

МОНГОЛД 20 МЯНГА ГАРУЙ БӨӨ БАЙНА

Хэдийгээр бөө мөргөл нь монголчуудын унаган шүтлэг, эртний шашин гэх боловч өнөөдөр бөөгийн 100 орчим байгууллага, 20 гаруй мянган бөө байгаа гэх албан бус тоон баримт бий. Гэхдээ үүний цаана дов болгонд, айл бүрт хэчнээн бөө байгааг тааж мэдэх аргагүй юм. Энэ хэрээр шашны зан үйлд  амьтны эд эрхтэн, арьсыг ашиглах нь нэмэгдэж байгаа нь хууль бус ангийн наймааг өөгшүүлж байна.

Баавгай, чоно, халиун буга, согоо, бор гөрөөсний арьс нь бөө мөргөлд чухал байр суурь эзэлдэг байна. Амьтны арьс муу зүйлээс хамгаалдаг гэж үзэхээс гадна уналга болдог ажээ. 

Бөөгийн эдлэл хэрэгсэл зардаг лангуунууд “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвд олноороо байдаг нь нууц биш. Энд бурхан тахилаас авахуулаад шар шувуу, бүргэд, тасын өд, бор гөрөөс, чонын арьсаар хийсэн хэц хэнгэрэг болон арьс нь лангуун дээр дэлгээтэй байдаг.

"НАРАНТУУЛ"-Д ЗЭРЛЭГ АМЬТНЫ ЭД ЭРХТЭНИЙГ НУУЦААР ХУДАЛДААЛЖ БАЙНА

Манай сурвалжлах баг ховор амьтдын эд эрхтнийг хууль бусаар худалдаалдаг эсэхийг сонирхож “Нарантуул” захыг зорилоо. Ингэхдээ сэтгүүлч бус энгийн худалдан авагчийн зүгээс наймаачидтай цөөн хором ярилцсан юм.

Амралтын өдөр тул тус зах хөл хөдөлгөөн ихтэй. Өнгө өнгийн бараа өлгөсөн лангуунуудыг сүлжсээр монгол гэрийн бүслүүр, эмээл, сур зардаг лангууны хажууд бөөгийн эдлэл хэрэгсэл зардаг лангуунууд байх аж. Хоёр эгнээ бүхий энэ лангуугаар хүний хөл хөдөлгөөн бага. Харин бидний хайсан зэрлэг ан амьтны эдлэл хэрэгсэл нүдний гэм болжээ. Наймаачдын хэлснээр "Өвөл бор гөрөөс, чонын арьс болон шувууны өдийг лангуун дээр ил зарж худалдаалдаг байсан бол гуравдугаар сарын 1-нээс хурааж, цагдаа нар хяналтыг чангаруулжээ. Иймд утсаар урьдчилан захиалга өгөх боломжтой. Эндхийн лангууны наймаачнаас баавгайн савар, чонын арьс  асуувал “Зэрлэг амьтны эд эрхтэн, арьс шир худалдаалахыг хориглосон шүү дээ. Гэхдээ баавгай савар байхгүй хумс нь байна. Бас хамаагүй асууж болохгүй, цагдаа байвал яана. Миний утсыг тэмдэглээд ав, итгэлтэй хүндээ л зарна” гээд аяархан шивнэв.

Тэрбээр баавгайн нэг ширхэг хумсыг 120 мянган төгрөг, дөрвөн ширхгийг авбал нэг сая төгрөг болох ба бор гөрөөсний арьсыг хэмжээнээс нь шалтгаалан 80-250 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Ингэхдээ баавгайн хумсыг цүнхнээсээ нууцаар гарган харуулсан юм. Харин бор гөрөөс, чонын арьс зэргийг урьдчилан утсаар захиалахыг санууллаа. Мөн өөр нэгэн лангууны наймаачин бор гөрөөсний арьсаар хийсэн хэц хэнгэрэг бэлэн худалдаалахгүй захиалах боломжтой гэж хэлээд утас цохилоо. Тэрбээр “Бор гөрөөсний арьс яаралтай хэрэгтэй боллоо. Чамд өнөөх чинь бэлэн байгаа юу. Маргааш гэхэд л хэрэгтэй байна даа” гэж өөр нэгэнд давхар захиалга өгсөн.

Эндээс харахад наймаачид нь дам, дамаар зэрлэг амьтадын эд эрхтнийг худалдан авдаг, борлуулдаг сүлжээ бий болсон нь харагдана. Харин тэд зараар болон сураг ажгаар худалдан авдаг тухай тайлбарласан бол зарим нь хариулахаас эрс татгалзсан. Захын наймаачид бор гөрөөсний арьсаар хийсэн хэц хэнгэрэг гурав, тав, зургаа, есөн талаасаа шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй 230-280 мянган төгрөг, чонын арьсан хэц хэнгэрэг 250 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд зөвхөн захиалгаар борлуулж байна. Харин ямааны арьсаар татсан хэц хэнгэрэг 50 мянган төгрөгөөс эхэлжээ.

Бас  шар шувууны  нэг ширхэг том өд нь  8000 төгрөг бол дундаж нь 5000 төгрөг. Бүргэдийн өд нэг ширхэг нь 5000 төгрөгийн үнээр утсаар захиалж авахыг мөн л санал болгов.

Өнгөрсөн жил шар шувууны өд нэг ширхэг нь 3000-5000 төгрөгийн үнэтэй байсан бол бүргэд, тасын өд 1000-5000 төгрөгийн үнэтэй лангуун дээр эгнээстэй байв. Бөөгийн малгай буюу майхавчинд шар шувуу, бүргэд, тасын өдийг хатгадаг бөгөөд өдний тоо нь шавийн тоо болон удам угсааны үеийн тоог илэрхийлдэг аж. Бөөгийн уналга болсон эдгээр баавгайн сарвуу, бор гөрөөс, согоо, халиун буга, бүргэд, чоно зэрэг зэрлэг амьтадын арьсыг чихмэлээр орлуулж болох тухай лавлахад наймаачид нэлээн гайхсан янзтай харж, “Зэрлэг амьтны л арьс байна уу гэхээс чихмэл гэж мэдэхгүй юм байна. Онго тэнгэр чинь ямар амьтны арьс нэхэхээс л шалтгаална даа” гэсэн юм.

   ОН ГАРСНААС ХОЙШ ХУУЛЬ БУС АН 20 ХУВИАР ӨСЧЭЭ

Олон зууны турш уламжлан ирсэн өв уламжлалаа дагах шашны зан үйлийг буруутгаагүй ч өнөө цагт энэ нь хэт туйлширч буй нь нэг айлын эдийн засгаас гэм хоргүй зэрлэг ан амьтдын цус урсч, мөхлийн эрмэгт тулах аюултай юм. Хууль бус ан агнуур нь манай улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 0.7 хувийг эзэлдэг. Хувиар нь авч үзвэл бага юм шиг боловч байгаль орчинд учруулах хохирол, хор хөнөөл нь асар их аж.

Сүүлийн гурван жилийн байдлаар ан амьтан хууль бусаар агнах төрлийн гэмт хэрэг эрс өсч, 2019 оны эхний хоёр сарын байдлаар 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны мэдээлснээр нэн ховор цоохор ирвэс агнасан тохиолдолд дөрөв, баавгайн долоон ширхэг савар, эд эрхтэн, хөлдөөсөн алтайн хойлог шувуу, борцгор хотон хууль бусаар агнасан зөрчил гарчээ.

  Цагдаагийн ерөнхий газрын газрын Мөрдөн байцаах албаны мэргэжилтэн Н.БАЯСГАЛАНБАТ: 

-Сүүлийн гурван жилийн байдлаар хууль бус ан агнуурын хэрэг дараалан өссөн. Гэмт хэрэг өсч буй таагүй мэдээ боловч үйлдэгддэг байсан хэргүүдийг цагдаа нар илрүүлж холбогдох байгууллагуудтай хамтран хяналтын ажиллагааг явуулж байгаа нь гэмт хэрэг өссөн мэт харагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хийдэг. Төлөвлөгөөт шалгалтын үр дүнд дэлхийн улаан номд бүртгэгдсэн цоохор ирвэс агнасан тохиолдол дөрөв бүртгэгдсэн. Мөн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай, халиун буга, хандгай, алтайн хойлог шувуу агнасан хэргүүдэд мөрдөн байцаах ажлыг үргэлжлүүлж байна. Эдгээр амьтад нийслэлд байхгүй нь тодорхой. Хууль бусаар агнах болсон шалтгааныг авч үзвэл уламжлалтын ардын эмчилгээнд хэрэглэх, мухар сүсэг шашны зан үйлд ашиглах болон бэлэг дурсгал сувенирийн зорилгоор ашиглаж байна. Бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд шувууны сарвуу, өд, чонын соёо, эврийг тоноглож, шигтгээ наан өндөр үнээр зардаг.

Үүнээс гадна “Нарантуул”, “Хархорин” зах бол хууль бусаар агнасан зэрлэг амьтдын эд эрхтнийг худалдан борлуулдгийг хүмүүс мэдэх байх. Наймаачид нь лангууныхаа араас бүтэн чоно гаргаж ирсэн тохиолдол ч бий. Асуухаар олоод өгнө гэж шууд хариулдаг. Ер нь хууль бус ан байна гэдэг нь цаанаа эрэлт байна гэсэн үг.

Ийм гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нь хууль эрх зүйн орчноос илүү иргэд мэдлэг, мэдээлэлгүй, нөгөө талаас амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хууль бус ан агнаж байна. Монголчууд амьтны амь тасалж олсон мөнгө мөнгө болдоггүй гэж ярьдаг. Энэ ч утгаараа ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд олсон ашиг нь мөнгө болдоггүй” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсан байдаг. Энэ хуулийн заалтад хууль бусаар зэрлэг ан амьтан агнасан тохиолдолд хохирлын хэмжээг нь нөхөн төлүүлж, зөрчилд тооцдог байсан бол 2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн гэмт хэрэгт тооцож яллагдагчаар татах хүртэл арга хэмжээ авдаг болжээ.  Манай орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтад орсон байдаг. Үүнд, цөөвөр чоно, гангар хун, цоохор  ирвэс, гургуул, мазаалай баавгай, тахь адуу, хавтгай тэмээ, цаа буга, борцгор хотон гэх мэт ан амьтад орсон. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад байдаг бөгөөд аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад оржээ.

МХЕГ ХУУЛЬ БУС АНГИЙН НАЙМААНД ХЯНАЛТ ТАВЬДАГГҮЙ

Хууль бус наймаа болон худалдан борлуулалтад хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ тодруулга өгөхөөс татгалзсан бөгөөд хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан хэлэхдээ МХЕГ нь эрх үүргийн хүрээнд хяналт тавьж шалгах боломжгүй. Үүнд хяналт тавих эрх бүхий байгууллага бий. Тэд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас өнөөдөр зэрлэг ан амьтныг хууль бусаар агнах, эд эрхтнийг нь худалдаалах хэрэг гаарч байна. Улсын байцаагчийн эрх олгосноор байгаль хамгаалагчид Байгаль орчин, аялал жуулчлалын яамд харьяалагддаг. Тэд харьяа орон нутаг, хариуцсан газартаа хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хууль бус ангийн наймаа, худалдан борлуулалтыг хариуцсан улсын байцаагч байхгүй, манайхаас олгосон эрх бүхий байгаль хамгаалагчид Байгаль орчин аялал жуулчлалын яамд харьяалагдаж энэ асуудалд хяналт тавьж ажилладаг гэсэн үг. Ерөнхийдөө мэргэжлийн хяналтын байгууллагаас хөндлөнгийн шалгалтыг бүх чиглэлд явуулдаг. Энэ хүрээнд худалдааны төвүүдээр нэн ховор амьтны эд эрхтэн, арьс ширийг нь борлуулж байгаа тохиолдолд хурааж авах эрхтэй. Тиймээс торгууль ногдуулахгүй. Дэлгүүр худалдааны төвүүд зөвшөөрлийн бичигтэй эдгээр зэрлэг амьтны эд эрхтнийг худалдан борлуулах ёстой” хэмээлээ.

ХУУЛЬ БУС АНГИЙН НАЙМААНД ХЯНАЛТ ТАВИХ ГОЛ БАЙГУУЛЛАГА НЬ МХЕГ 

Байгаль орчин аялал жуулчлалын яамны /БОАЖЯ/зүгээс зэрлэг ан амьтныг хамгаалах, хууль бус ангийн эсрэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг ч бодлогын түвшинд ажилладаг тул хяналт тавьдаггүй гэдгээ тодотгосон юм. Тус яамны Хүрээлэн буй орчин хариуцсан  мэргэжилтэн Н.Жамьяанхүүгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Зэрлэг амьтдыг хууль бус анчдын гарт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар арга хэмжээ авч ажилладаг вэ. Энэ асуудлыг  МХЕГ-аас танай яамыг хариуцаж хяналт тавьж ажиллах ёстой гэх байр суурийг илэрхийлж байна?

-Хууль бус ан болон наймаанд гол хяналт тавьж ажилладаг газар нь Мэргэжлийн хяналтын байгууллага. БОАЖЯ бол төрийн захиргааны төв байгууллага. Тиймээс хууль бус ан агнууртай хэрхэн тэмцэх талаар төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, эрхзүйн актыг нь гаргаж өгдөг. Энэ дагуу хэрэгжүүлж, хяналт тавих нь МХЕГ болон Цагдаагийн байгууллагын үүрэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь орон нутгийн сав газруудад босоо удирдлагатай ажилладаг, бодлогын түвшинд асуудлыг авч хэлэлцдэг. Манайх тусгай хамгаалалттай Горхи тэрэлж, Богд Хан уул, Хустай, Хар ус нуур, Хар ямаат зэрэг бүх тусгай хамгаалалттай газрыг босоо удирдлагаараа хариуцдаг. Бид хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан тохиолдолд хамгаалах ямар ямар арга хэмжээ авч ажилладаг вэ гэхээр урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлуудыг нэгдүгээрт тавьдаг. Хууль тогтоомжийн хэрэгжилт, аргазүйн зөвлөгөөг орон нутгийн байгаль орчны газрууд болон  мэргэжлийн хяналт цагдаагийн байгууллага, шүүх прокурорынхонд сургалтын ажлуудыг тогтмол хийж байна. Мөн нэн ховор амьтдыг хамгаалах ажлыг зохион байгуулдаг. Тухайн амьтны тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, шаардлагатай тохиолдолд тодорхой биотехникийн арга хэмжээ авдаг юм. Дэлхий нийтээрээ устаж үгүй болж болзошгүй амьтадыг хамгаалах тал дээр олон улстай хамтран ажиллаж байна.

-Байгаль хамгаалагчид л хууль бус ангийн эсрэг хяналт тавьж ажиллана гэх юм?

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид шалгалт хийх, хяналтаа тавих ёстой бол орон нутгийн байгаль хамгаалагчид байгаль орчны газарт харьяалагдана. БОАЖЯ-наас хууль бус ан агнуурт хяналт тавьж ажиллахгүй зөвхөн бодлого эрхзүйн хувьд боловсруулах арга зүйн туслалцаа зөвлөгөө өгөх үүрэг чиглэлтэй.

-БОАЖЯ-аас иргэдэд ахуйн зориулалттай болон гадаад улсын иргэдэд тодорхой хэмжээгээр ан хийх зөвшөөрөл олгодог. Энэ зөвшөөрөл яг бодит эзэддээ хүрдэггүй гэх яриа бий?

-БОАЖЯ болон Засгийн газраас жилд агнах тусгай зориулалтын үйлдвэрлэл соёлын боловсролын тоон хэмжээ гадаадын анчид агнах тоо хэмжээ, ахуйн зориулалтаар агнах тоон хэмжээ хоёрыг баталж бүх аймагт хүргүүлдэг. Хуваарийн дагуу зөвшөөрлөө авч агнасан нь эд эрхтнийг нь хилээр гаргах хууль ёсных юм. Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховон, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог. Мөн Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц бий. Энэ дагуу БОАЖЯ зэрлэг ан амьтны эд эрхтнийг гадаад улсад гаргах, оруулах, дамжин өнгөрүүлэх  тусгай зөвшөөрлийг олгодог. Хилээр зөвхөн зөвшөөрөлтэй амьтадыг оруулж гаргадаг гэсэн үг. Тусгай зөвшөөрлөөр гараагүй тохиолдолд хууль бус гэж үзнэ. Тодруулбал, ховор жагсаалтад ороогүй бусад амьтдыг агнах, хилээр гаргах зөвшөөрлийг олгодог. Жишээ нь бугын эвэр, бугын эд эрхтнийг гадаад улсад гаргахад тусгай зөвшөөрлийн шар гэрчилгээтэй хил давуулна. Ийм гэрчилгээг манай яамнаас олгох ба хэрэв байхгүй бол энэ нь хууль бус ан, тээвэр болно. Энэ тал дээр нэгдүгээрт бодлого хууль тогтоомжуудыг нь гаргаж, мөрдүүлж байна. Мөн тусгай зөвшөөрлийг нь олгож байна.

-Хууль хяналтыг чангаруулж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь эрэлттэй шууд холбоотой. Ер нь зэрлэг ан амьтдын эд эрхтний хэрэгцээ дотоодод илүү байдаг уу. Эсвэл гадаадад илүү өндөр үнээр худалдан борлуулах зорилготой агнадаг юм болов уу?

-Ер нь дотоодод нэн ховор, ховор амьтан болон элбэг амьтны эд эрхтнийг тэр бүр хэрэглэх нь бага. Хамгийн том зах зээлтэй БНХАУ-д энэ эрэлт хэрэгцээ их байна. Дэлхий нийтээр бүх амьтны эд эрхтний наймаа урд хөрш рүү чиглэсэн. Ялангуяа уламжлалт эм, эмийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, сувинерийн хэрэгсэлд их хэрэглэгддэг. Бугын эвэр, чив, баавгайн доньд сарвуу гавар ирвэсийн арьс яс зэргийг маш өндөр үнээр авдаг л даа. Тэд үүгээр эмийн бүтээгдэхүүн хийдэг. Энэ утгаараа Монгол Улс нийлүүлэгч орон болдог. Тиймээс хилийн хорио цээр болон Хятадын талын хилийн хорио цээр чанга сайн байвал энэ асуудал хэдийгээр нийлүүлэлт байгаа ч таслан зогсоож, Монголд гарч байгаа хэрэг багасах боломжтой. Энэ тал дээр Хятад сүүлийн хоёр жил онцгой анхаарч, хилийн хатуу чанга цээр тавьсан. Монголд ч бас Дэлхийн байгаль хамгаалах сан, байгаль зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэг, хил гааль, Хууль зүй, дотоод хэргийн яам, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулж хорио цээрийг чангаруулсан. Гаалийн байгууллагын тоног төхөөрөмж ч бас сайжирлаа. Тэгэхээр орон нутагт гарч байгаа хууль бус ан хилээр гаргах зорилготой. Тодруулбал, хууль бус анчид зэрлэг амьтны эд эрхтнийг хот руу оруулж ирдэг. Ченжүүдэд худалдан дамжуулж, цааш хилээр гаргах зэрэг дамжлагаар орж ирж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газартай холбогдоход энэ төрлийн гэмт хэрэг  он гарсаар 20 хувиар өссөнийг дуулгалаа. Энэ бол өнгөрсөн онтой харьцуулахад их өндөр тоо. 2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тухайн амьтныг агнасан эд эрхтэн хадгалсан худалдсан бол Эрүүгийн гэмт хэрэгт тооцно.

-Зэрлэг амьтдын эд эрхтнийг хилээр гаргахаас гадна “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвд зарж борлуулдаг. Үүнд хэрхэн анхаарч байна?

-“Нарантуул”, “Хархорин” “Дүнжингарав”, “Номин” худалдааны төв болон гаалийн татваргүй барааны дэлгүүр, жуулчдад үйлчилдэг сувенирийн дэлгүүр гэх мэт энэ бүгдэд тодорхой хэмжээгээр зэрлэг амьтны эд эрхтэн янз бүрийн зорилгоор худалдаалагддаг. Тухайлбал, эмийн найрлагад ордог, сувенир болгон худалдаж авах, ёс заншил соёлын зориулалтаар борлуулагдаж байна. Үүнийг нь гаднын жуулчин худалдан авч хилээр гарах болоход гаалийн ажилтнууд зөвшөөрөлгүй бараа гэж хураах, торгох зэрэг асуудал үүсдэг. Бид Мэргэжлийн хяналтын газарт хандаж ийм газруудад худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа асуудалд нэгдсэн шалгалт хийх хүсэлт тавьсан. Энэ дагуу МХЕГ-аас тодорхой шалгалтуудыг хийж, зөвлөмжүүд өгсөн торгууль шийтгэл ногдуулсан мэдээллээ ирүүлсэн. Саяхан Замын-Үүдийн гаалиас Монгол Улсын иргэн чонын арьс хилээр гаргахыг завдсан хэрэг гарлаа. Нөгөө талаас тухайн иргэн хууль бус ангийн талаар мэдэхгүй байна. Хоёрдугаарт, худалдаж байгаа дэлгүүр нь зөвшөөрөлгүй байдаг. Энэ асуудлыг цэгцлэх хүсэлтийг МХЕГ-т  хүргүүлэхнэ.

-Хууль бус анчид ихэвчлэн ховордсон амьтадыг агнадаг нь байгаль орчинд онцгой хохирол учруулж байна. Ихэвчлэн ямар амьтдыг агнадаг вэ?

– Хууль бус анд түгээмэл өртдөг амьтан бол нэгдүгээрт устаж байгаа монгол бөхөн байсан. Эврийг нь урд хөрш рүү их хэмжээгээр гаргадаг байсан. Энэ амьтныг агнах нь сүүлийн хоёр жилд багассан нь хоёр орны хилийн хорио цээр чангарсантай холбоотой. Хоёрдугаарт, халиун буга, хүрэн баавгай, зэрлэг гахай, тарвага агнах нь түгээмэл байна. Халиун бугын мах, чив, арьс болон зэрлэг гахайн элэг соёо, хүрэн баавгайг агнах нь их байна. Энэ жил гэхэд тав, зургаагаар агнасан тохиолдол гарлаа. Мөн зун болмогц тарвага маш ихээр агнадаг. Шонхорыг амьдаар нь  Орос руу гаргах тохиолдол их байна.  Түүнчлэн цоохор ирвэс агнасан дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Судалгаагаар галт зэвсгийн квот их өндөр хувьтай гарсан. Хууль бус ан хийж байна гэдэг чинь галт зэвсэг хэрэглэж байна гэсэн үг. Тодорхой хэмжээгээр хавх ашигладаг байсныг бид хурааж авсан. Хавх бол амьтан агнахад хориотой хэрэгсэлд ордог. Сүүлийн  дөрвөн жилийн хугацаанд иргэдийн гарт байдаг хавхыг хурааж авсан. Нэг талаар иргэд хууль бус ангийн талаарх мэдээ мэдээлэлгүй нөгөө талаас мэдсэн ч амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор ан хийдэг.

Хэдийгээр хууль бус агнуурын эсрэг тэмцэлд ахиц гарч байгаа ч эрэлтэд тулгуурласан амьтны эд эрхтний хууль бус худалдаа буурахгүй байна. Тиймээс төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжийг бий болгох, боловсон хүчний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт хийх зэрэг ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг энд тодотгоё.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2019-03-18 122.201.21.207

Чонын чихний үсээр гараа үрвэл хулгайг баригдуулдаггүй харин соёлонгийн хялгасыг бөхийн шээсээр норгоод тэргүүндээ хүргэвэл мухар сүсэгт сайн гэсэн шүү

Avatar

Зочин 2019-03-18 202.21.106.163

Тэнгэрээ шүтдэг хүмүүс байгалиа шүтэж хамгаалдаг гэсэндээ. Бөө нар ийм эрэлт үүсгээгүй байхаа.

Avatar

Амьдрал үзсэн хүн 2019-03-18 103.212.119.20

Заа тэр гөрөөсний цус мусыг сайн мэдэхгүй харин эмгэн хумсын зүүн нүдний нуух нь эхнэртээ өвдөглүүлсэн хүнийн төмсөгөнд үнэхээр сайн юм байналээ

Avatar

иргэн 2019-03-18 192.82.65.141

Энэ бүгдийг цэгцэлмээр байгаа нь бүгдэд тодорхой. Яаж гэдгийг түшээд минь бодоорой. Үнэхээр гамшиг болж байгаа шүү.

Avatar

Зочин 2019-03-18 103.212.117.252

Бөөгийн захиалгаар амьтан алаад байгаа юм шиг л гарчиг өгчихсөн байна. Уул нь ан хийж байгаа нөхдүүдийн ихэнх нь зугаагаа гаргаж хийморио сэргээдэг нөхдүүд байдаг юм. Дээр нь эрхтнүүдийг идвэл сайн гээд ойлгочихсон. Алаад ирсэн арьс өдийг нь ашиглаж л байгаа байх. Бв

Avatar

Зочин 2019-03-18 66.181.189.103

ХҮНД ЮУНД МӨНГӨӨ ҮРЭХ НЬ ТА НАРТ ЯМАР ХАМАА БАЙНАА. ХАРИН ТӨРИЙНХӨН ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЖ , АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ОРКДООД, НАРАНТУУЛ ДЭЭР ХУУЛЬ БУС НАЙМАА БАЙНА ГЭЖ ЭРГҮҮТЭХЭЭ БОЛЬЧИХ.

Avatar

Зочин 2019-03-18 202.72.245.205

СОЦИАЛИЗМЫН ГАНЦ ОЛООТ ГЭГДДЭГ БҮХ НИЙТИЙГ БОЛОВСРОЛТОЙ БОЛГОСОН ГЭДЭГ НЬ ХУДАЛ БӨГӨӨД ИХЭНХИ ИРГЭД БОЛОВСРООГҮЙ ГЭГЭЭРЭЭГҮЙ БАЙХАД ЭНЭ МЭТ МУХАР СҮСЭГ ӨРГӨН ДЭЛГЭРСЭЭР БАЙХ БОЛНО. ЯАХ Ч АРГАГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2019-03-18 202.21.122.166

Уг нь бөөгийн зан үйл нь ан амьтан,газар шороогоо хайрлан хамгаалж гэж сургадаг учиртай юм.Бөөгийн талаар хамаагүй худал зүйл ярихгүй байвал зүгээр шүү.Анхаараарай.

Avatar

Зочин 2019-03-18 103.14.38.210

зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд торгуулийг маш өндөр тавих,тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгох, мэдээлэлийг өндөр үнээр худалдан авах урамшуулал өгөх зэргээр л хязгаарлах хэрэгтэй ш дээ

Avatar

Zochin 2019-03-18 202.126.89.199

buugiin suljeegeer amidardag. s****m uzmerch nar het olshirvh humuusiig het tuurugduulj bn. setgel oyunaar ediin zasgaar toglodog aidas huixest avtuuldag shantaajlah arga bariltai. ger buliinh huniig uhne ene ter gej ailgj bj heden tugrig salgadag. esvel tiim umiig n buteen gj hudal mungu avdag. mergejlii hynalt. oron nutgiin horoo zahirgaanaas n sanuulga ugch busdad hohirol uchruulbal toriin baiguullagaas horig shahalt yzuuldeg bmaar bn.

Avatar

Зочин 2019-03-18 66.181.178.81

За больцгоо мэдэхгүй тоглоомоо бүү цуурцгаа алдас л болно гэм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж