"БНСУ-д "харласан" иргэдэд хариуцлага тооцох боломжгүй" | News.MN

"БНСУ-д "харласан" иргэдэд хариуцлага тооцох боломжгүй"

"БНСУ-д "харласан" иргэдэд хариуцлага тооцох боломжгүй"

БНСУ руу ажиллах хүчин илгээх шалгалтын бүртгэл өнгөрсөн Баасан гаригт /2019.03.15/ дууссан. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын /ХХҮЕГ/ Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Ч.Алтанбаганатай ярилцлаа.


БНСУ-Д САРД ДУНДЖААР 3,5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ

 

Өнгөрсөн жил БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн тоо хэдэн мянгаар хэмжигдэн бүртгэл явагдах байрны гадна хонон өнжин дугаарлаж байсан. Энэ жилийн тухайд цахимаар бүртгэл явуулж байгаа нь тэр бүх хүндрэлийг шийдсэн болов уу гэж харж байна. Цахим системийн ачаалал  хэр байна вэ?

Цахимаар бүртгүүлсэн иргэд энэ сарын 13-15-нд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлсэн. Нийслэлийн есөн дүүргийг цахимаар бүртгэсэн бол 21 аймгийн хөдөлмөр халамжийн хэлтсүүд дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэхээр зохицуулсан. Цахимаар бүртгүүлсэн иргэд цагтаа ирэхгүй байх тохиолдол их гарсан.

Бүртгэлийн системд солонгос хэлээр асуултууд байршуулсан бөгөөд эдгээр асуултын нэгийг нь буруу хариулбал тухайн хүний мэдээлэл баталгаажих боломжгүй. Мөн мэдээллээ буруу бүртгүүлбэл засах боломжгүй. Ингэсэн тохиолдолд дараа жилийн бүртгэлд хамрагдана. 

Хүмүүс асуултдаа буруу хариулсан эсвэл хувийн мэдээллээ буруу бүртгүүлчхээд цахим систем болохгүй байна гээд гомдол мэдүүлж байна. Хэрэв хэлний мэдлэггүй бол бүртгүүлж цаг зав, мөнгө зарах хэрэггүй гэдгийг дараа жил бүртгүүлэх залуучуудад хэлмээр байна. Хүмүүс бүртгүүлчихээд тэнцэхгүй байх шалтгаан нь хэлний мэдлэг. Бүртгэлийн явцад цахим систем ачаалсан зүйл байхгүй. Цахим бүртгэлд хүмүүс их ам сайтай байгаа.

-Энэ жил БНСУ руу 1900 ажиллах хүчин илгээхээр тогтсон. Үүнээс хэчнээн нь эмэгтэй хүн байна гэж тоо заасан бол?

Энэ жил 8000 гаруй хүн бүртгүүлсэн. Үүнээс 1900 ажиллах хүчин илгээхээр тусгагдсан байгаа. Манайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн квот гэж ирээгүй. Гэхдээ БНСУ руу явах  эмэгтэй хүмүүсийн нөөц их бий. Монгол Улс аж үйлдвэрийн салбарт хуваарилагдсан учраас ихэвчлэн эрэгтэйчүүдийг авдаг. Эмэгтэйчүүдийг авах нь цөөн. Энэ нь манай эмэгтэйчүүд очоод тогтвор суурьшилтай ажилладаггүй. БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр байршихаар ажил олгогч нар өөрсдөө сонголт хийх явцад л эрэгтэй хүмүүсийг сонгох нь илүүтэй байдаг. Магадгүй эрэгтэй хүмүүст тохиромжтой ажил олноороо гардагтай л холбоотой.

-БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнгөрсөн сарын сүүлд гаргасан мэдэгдэлдээ “БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт дунджаар 700-800 орчим байгаа. Үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчлан шалгах шаардлага тулгарч байна” гэсэн.  Тэгэхээр гадаад руу чиглэн ажиллах хүчний урсгал татрах болов уу?

-Монгол Улсад үйлдвэрлэл алга. Улс орны байдал хэцүү байна.

БНСУ-д сард нэг  сая 700 мянган вонн буюу монгол мөнгөөр гурван сая 500 мянган төгрөг авдаг. Тус улсын цалингийн доод хэмжээ нь нэг сая 785 мянган вонн.

Монголд авдаг цалингаасаа хэд дахин илүү цалин авах учраас тус улсыг л зорихыг бодох нь аргагүй. 2017 онд уул уурхай хөгжөөд эдийн засаг сэргэж байх үед БНСУ-ыг зорих иргэдийн тоо эрс буурч байсан. Манай яам Монголдоо залуусыг тогтвортой ажлын байраар хангах, гадны орнууд руу явах ажиллах хүчнийг бууруулна гэх бодлого баримталж байна. Тиймээс цаашдаа энэ явдал бодитоор хэрэгжих байх.

БНСУ-ЫН ЗҮГЭЭС МОНГОЛ АЖИЛЧДЫН ГЭР БҮЛИЙГ НЬ БОГИНО ХУГАЦААГААР ТАТАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙГАА 

-БНСУ-д хууль бусаар оршин суухаар үлдэж байгаа иргэдэд  хариуцлага хүлээлгэх хууль зүйн зохицуулалт бий юу?

-Хариуцлага тооцох нөхцөл байхгүй. Бусад оронд бол хүмүүсээс явахад нь барьцаа хөрөнгө авдаг. Тийм ч учраас харлах нь бага. Монгол Улсын хувьд барьцаа хөрөнгө  авах нөхцөлгүй учраас хариуцлага тооцох боломжгүй.

-Ид ажил хийх насан дээрээ байгаа залуусыг сорлоод явуулчихдаг гэсэн яриа иргэдийн дунд их байдаг. Гэр бүлээр нь явуулж, ажиллуулах асуудал дээр танай хэлтсээс ямар хүсэлт гарган ажиллаж байна?

-Монголд цалин бага ажил хийж байснаас өндөр цалинтай ажил хийгээд гэр бүлээ тэжээж, амьдралаа дээшлүүлэх боломж тэдгээр хүмүүст олдож байгааг гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Бид БНСУ-д байгаа иргэдийнхээ хууль, эрх зүйн  орчныг хамгаалах, мэдээлэл хүргэх, эх орондоо эргэж ирээд хөдөлмөрийн зах зээлд оролцох гээд бүхий л тал дээр БНСУ-ын талтай хамтарч ажиллаж байна. БНСУ-ын зүгээс монгол ажилчдын гэр бүлийг нь богино хугацаагаар татах асуудлыг судалж байгаа гэсэн мэдээлэл бий.

-БНСУ руу гэрээгээр ажиллах иргэд зарим тохиолдолд эрүүл мэндийн шалтгааны улмаас  шалгуурт бүдэрдэг гэж сонссон юм байна?

-Манай иргэдийн хувьд ихэвчлэн элэгний B,С вирус, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс болж тэнцдэггүй. Ер нь бэлгийн замын халдварт өвчин залуусын дунд түгээмэл байдаг.

-Цахим хуудсаар дамжуулан мэдээллээ байнга шалгаад байх боломжгүй иргэд хэрхэн ажлын санал ирсэн гэдэг болон өөр мэдээллийг олж авах боломжтой вэ?

Ажлын санал ирсэн тохиолдолд манайх залгадаг. Манай халамж үйлчилгээний газар, үйлчилгээг гардан явуулж байгаа хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтнүүд сайтад мэдээллээ тавихаас гадна ажлын санал ирэнгүүт иргэдтэй холбоо барихаар үлдээсэн утасны дугаарууд руу нь залгаж мэдээллийг хүргэж байгаа. Утасны дугаар нь холбогдохгүй ч юм уу, аваагүй тохиолдолд мессеж үлдээх гээд байж болох бүхий л аргуудыг хэрэглэж байгаа.

Бүртгэл дөхөхөөр л  БНСУ руу хурдан хугацаанд  зуучилна  гэх үйлчилгээ мэр сэр гараад эхэлдэг. Танай  байгууллагын зүгээс үүн дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Хүмүүс мэдээлэл дутагдсанаас болоод авлига, хээл хахууль, янз бүрийн зүйлд өртөх вий гэсэн үүднээс бид мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай хүргэж байгаа. Болж өгвөл иргэд хүмүүст хууртаж болохгүй. Энэ бол хүнээр захиа дайн, танил талаар яваад байх зүйл ерөөсөө биш. Хүсвэл зүгээр ирээд бүртгүүлээд л явчихна. Хэцүү, хүнд асуудал биш гэдгийг хүмүүст маш сайн ойлгуулж байгаа. Тэгэхгүй бол өнгөрсөн жил ийм асуудал үүсч байсан. Бүртгэлээр далимдуулан хэн нэгнийг залилах явдал өмнөх жилүүдэд гарсан болохоор энэ жил аль болох ийм зүйл гаргахгүй байх тал дээр их анхаарсан.

-БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн манай гэрээт ажилчид мэргэжлийн үнэмлэх олгож байгаа юу?

-Манай гэрээт ажилчид гурван жил ажиллачихаад гэртээ яараад шууд хүрээд ирдэг юм байна. Гэтэл гэрээний хугацаа дуусахаар БНСУ-ын тал мэргэжлийн үнэмлэх олгох сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг ч манайхан хамрагддаггүй хэмээн бидэнд хэлсэн. Уг нь мэргэжлийн үнэмлэхтэй болчихвол эх орондоо ирээд ажиллахад ч хэрэгтэй.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж