Эрүүгийн цагдаагийн албанаас “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” хэмээх хэлэлцүүлгийг өнгөрөгч Баасан /2019.03.15/ гаригт зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Монголын оюуны өмчийн эрхийг хамгаалах холбоо ТББ, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, “Ддэш” тв, “Скайтел” групп “SPS” тв, “Азхур” ХХК, “Монсудар” Паблишнг, “Х-Түц”, “Хувьсал”, "Шилдэг өнгө", “Ю-Фильм”, “Фантастик”, “Этик”, “Талент Медиа” ХХК, “Мөрөөдлийн театр”, “Аримун”, Ай фай зэрэг продакшн болон төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.
“БАЙТАГ БОГД” КИНОГОО ХУЛГАЙД АЛДСАНЫХАА ДАРАА МАШ ИХ СЭТГЭЛЭЭР УНАСАН
Энэ үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзийтэй ярилцлаа.
-Зохиогчийн эрхийн талаарх хэлэлцүүлэг болж байна. Та бүхэнд зохиогчийн эрхтэй холбоотой ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Уран бүтээлч бид нарт нэг бүтээл хийхэд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Бид хийсэн бүтээлээ хамгаалах гэж хамгийн ихээр шаналж, тэмцэж ирсэн. Хуулиар хамгаалагдсан нөхцөл нь юу гэвэл оюуны өмчийн тухай хуульд оюуны өмчийг хулгайд алдвал Зөрчлийн тухай хуулиар торгуулдаг юм билээ. Тэр дундаа оюуны өмчийг хулгайлаад олон нийтэд олшруулж тараасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар ердөө 500 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг байх жишээтэй. Манай уран бүтээлчид хийсэн бүтээлээ СD болгож хувилуулчихаад Оюуны өмчийн газарт хандахад дээд талын арга хэмжээ нь 500 мянган төгрөгөөр торгодог, хуулийн байгууллага эзэн холбогдогчийг олсон ч мөн л 500 мянгаар торгодог юм билээ.
-Тэгэхээр хууль эрх зүйн орчинг сайжруулах тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Оюуны өмчийн хулгайтай тэмцэхийн тулд хуулийг чангатгах хэрэгтэй. Зөрчлийн тухай хууль гэдгийг бид нар ойлгодоггүй. Оюуны өмчийн газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан оюуны өмчийн хулгайн гэмт хэрэгтэй яаж тэмцэх вэ гэсэн гаргалгаа гаргахаар бидэнтэй уулзаж байна. Уран бүтээлчдийн хувьд уран бүтээлээ л хийх зорилготой. Тэрнээс биш хууль, хулгайтай яаж тэмцэх талаар толгойгоо гашилгамааргүй байгаа юм. Үүнийг хийх ёстой хүмүүс нь хийх байх. Гэхдээ бид бүтээлээ алдсаныхаа дараа маш их сэтгэлээр унадаг. Хамгийн сүүлд хийсэн “Байтаг богд” уран сайхны кино маань кино театраар гарч байх үед нь киногоо алдсан. Тухайн үед СD-г нь интернетэд тавихад гол харласан. Жишээлбэл, манай киног сошиалд тавихад 130 мянган хүн үзсэн байсан. Үүнийг бид нар IPTV-д тавьсан бол олсон орлогоороо олон сайхан бүтээл хийх байсан юм.
-Оюуны өмчөө алдахгүй байх талаар кино театртай гэрээ хийдэг үү?
-Бид нар киногоо гаргахаас өмнө гэрээ хийдэг. Тэгэхдээ кино театрын зүгээс бид гаргах үүрэгтэй, хулгайгаас хамгаалах хүнийг та нар өөрсдөө хийгээрэй гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр бид дахин хүн хөлсөлж, бусад театрт хяналт тавьдаг. Сүүлийн үеийн театрууд камертай болсон нааштай байдал харагдаж байна.
-Таны зүгээс цагдаагийн байгууллагад оюуны өмчөө алдчихаад хандсан тохиолдол бий юу?
-Байлгүй яах вэ. Сүүлийн хийсэн киногоо бүгдийг нь алдах жишээтэй. Түүнийгээ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулж байсан. Ер нь үр дүнд хүрдэггүй юм билээ.
-Оюуны өмчөө алдлаа гэхэд ямар нэгэн байдлаар таны хохирлыг барагдуулав уу?
-Тийм зүйл байгаагүй.
-"Байтаг богд" киногоо ямар хэлбэрээр алдсан бэ?
–Файл хэлбэрээр алдсан. Тэгэхдээ уран бүтээлчдээс биш өөр арга замаар авсан байсан. Түүний эзэн холбогдогчийг тогтоосон. Тэгэхдээ тухайн хүн 500 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаа юм.
-Дээрх байдлыг өөрчлөхийн тулд уран бүтээлчид маань хоорондоо нэгдээд ярилцаж үзсэн үү?
-Бид ярилцдаг. Тэгэхдээ бид нар ярилцаад ямар ч шийдэлд хүрэхгүй шүү дээ. Тиймээс Оюуны өмчийн хуулийг чангатгах хэрэгтэй.
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ИРГЭДИЙН ДУНД ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ МАШ ДУТМАГ
Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар оюуны өмчийг хулгайлахтай холбоотой хэчнээн хэрэг шалгагдаж байна вэ?
-2019 оны эхний гурван сарын байдлаар зохиогчийн эрхтэй холбоотой 10 хэргийг хяналтын байцаагч нар шалгаж байна.
-Өнгөрсөн онд зохиогчийн эрхтэй холбоотой хэрэг хэчнээн бүртгэгдсэн юм бол?
-Өнгөрсөн жил Оюуны өмчийн газрын хяналтын хэлтэс нийтдээ 143 хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн. Зохиогчийн эрхийг хоёр хуулиар шийдвэрлэдэг. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулиар, болон зөрчлийн хуулиар шийддэг. Хуулийн байгууллагаас Оюуны өмчтэй холбоотой хэрэгт 50-аас дээш сая төгрөгийн хохиролтой хэргийг шалгадаг. Хэрэв 50 саяас доош хохиролтой байвал Оюуны өмчийн газрын байцаагч нар шалгаж, шийдвэрлэдэг. Монгол Улсад 1996 онд Оюуны өмчийн газрыг байгуулсан. 2000 оноос оюуны өмчийн талаар хүмүүс нэлээд ярьдаг болж эхэллээ. Урлаг соёлын асуудал бол харьцангуй шинэ асуудал. Нэгдүгээрт, оюуны өмчийн ухамсрыг төлөвшүүлэх, хүүхэд багачуудад бага наснаас нь соёлыг төлөвшүүлэх хамгийн чухал.
-Уран бүтээлчид хэлэхдээ оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар санал нэгдэж байна. Үнэхээр хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай юу?
-Бид өнөөдөр оюуны өмчийн хулгайн хэргийг 50 сая төгрөгт хүрэхгүй болохоор нь хэрэгсэхгүй болгоод түүнээс илүү гарахаар нь тогтоогдохгүй байна гээд яваад байгаа нь аргачлалтай холбоотой. Тэгэхээр оюуны өмчийн эсрэг гэмт хэргийн талаар иргэдийн дунд эрх зүйн мэдээлэл маш дутмаг байна. Дээрх хэргийн 50 гаруй хувийг шийдвэрлэгдсэн. Үлдсэн 50 гаруй хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэ салбарын хувьд хамгийн чухал асуудал нь хохирлын үнэлгээний тухай асуудал байдаг. Яг нарийвчлан хэдэн төгрөгийн хохирол гарчихаад байгааг тогтоож чаддаггүй. Хохирлын асуудал тогтоогдохгүй байгаа учраас ихэнх гэмт хэрэг шийдэгддэггүй.
Хууль тогтоомж бол хангалттай сайн. Хуулиас илүүтэй хүмүүсийн ухамсрыг сайжруулах хэрэгтэй. Мөн сургалт судалгааны ажил хийх хэрэгтэй. Зохиогчийн эрх бол хүний хөдөлмөрийн үр дүнд бий болдог онцлогтой юм.
Холбоотой мэдээ