Франц улсад улс эх орны удирдагчид болон тэдний бодлого шийдвэрүүдийг эсэргүүцэн долоо хоног бүрийн Бямба гаригт жагсдаг “ Шар хантаазтанууд”-ын хөдөлгөөн өчигдөр /2019.03.16/ 18 дахь долоо хоногтоо үргэлжилж, дөрөв дэх сартайгаа золголоо. Хамгийн эхний жагсаал 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гаригт болж байсан ба 300 мянга гаруй хүн Франц улсын өнцөг булан бүрт шатахууны үнийн хөөрөгдөл, татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн жагсаалын байдлаас дүгнэхэд үймээн самууны шинжтэй болсон байсан жагсаал цуглаан харьцангуй намжих төлөвтэй байсан боловч энэ долоо хоногийн жагсаал эргээд маш замбараагүй болж, жагсагчид тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн байлаа.
Өчигдрийн жагсаалд улс орон даяар 32 мянга гаруй хүн оролцсон бол нийслэл Парис хотноо 10 мянга орчим хүн цугларсан байна. Мөн Парисын нөгөө талд 36 мянган хүн уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулсан байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ.
Эх сурвалж: BBC