Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн М.Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ.
Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ.
Энэ талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал өнгөрөгч баасан гаригт /2019.03.15/ дараах тайлбарыг өгсөн юм. “Жи тайм” сүлжээний хэргийг шалгаж байна. Тус сүлжээнд 11.734 иргэн хохирсон гэж мэдүүлгээ өгчээ. Уг сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн М.Марат нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй нь хэргийн мөрдөн байцаалтын явц хохирлыг барагдуулах ажил удаашрах шалтгаан болсон. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая төгрөгөөр үнэлэгдэх авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилсэн. Мэдүүлэг өгсөн иргэдийн хувьд 26 орчим тэрбумын хохирол гарсан гэх тооцоо гарсан байна. Хохирсон иргэдийн дийлэнх нь мөнгөө аваагүй байгаа" хэмээн ярилаа.
Э.АРИУН
Холбоотой мэдээ