400 лицензийг төрийн мэдэлд авах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.17-нд нийтлэгдсэн

400 лицензийг төрийн мэдэлд авах боломжгүй

400 лицензийг төрийн мэдэлд авах боломжгүй

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравдугаар сарын 7-нд хуралдаж, 400 гаруй лицензийг төрийн мэдэлд буцаан авах тухай ярилцсан байдаг ч Уул уурхайн яамнаас өнгөрсөн баасан гаригт энэ асуудалд тайлбар хийхдээ “Боломжгүй” болохыг мэдэгдлээ.

Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн “Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд  400 гаруй ордын тусгай зөвшөөрлийг цуцлах, улс авах боломжгүй. Компаниуд хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний дараа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн хамгийн түрүүнд өргөдлөө өгсөнд нь олгодог болсон. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайд өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн ААН байхыг үгүйсгэхгүй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд  бид хуулийн зөвлөхүүдтэй хамтран зөв шийдэл гаргах ёстой..Бүх тусгай зөвшөөрлийг хураана, цагдан хорино гэдэг асуудал байж болохгүй. Одоогийн хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.4.5-д энэ талаар маш тодорхой зааж өгсөн. Бид хуулийн л хүрээнд ажиллах ёстой” хэмээсэн юм.

Иймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санасандаа хүрье гэвэл УИХ-аар 400 лицензийг хувийн хэвшлийнхнээс булаан авах хуулийн төсөл батлуулахаас аргагүй болж буй юм.

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийн тулд гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлдөг байхаар хууль баталж, парламентын бүрэн эрхэд халдаж чадсан тэд энэ удаад хувийн хэвшлийнхнийхээ хөрөнгө рүү халдах алхмыг энэ аргаараа хийхгүй гэх баталгаа байхгүй. Юу болохыг нь нийтээрээ хүлээн харах л болж байна.

Н.Алтанхуяг МАНАН-г устгах тэмцлээ эхлүүлэв

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой таарамж муутай байгаа тухай ярианд орж байсан зөвлөх Н.Алтанхуяг чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн баасан гаригт гаргалаа.

Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөс чөлөөлөгдөх болсон шалтгаанаа Ардчилсан намын дарга С.Эрдэнийг түлхэн унагах, МАНАН бүлэглэлтэй тэмцэх зэрэгтэй холбон тайлбарласан. Гэвч цаад талдаа З.Энхболд даргатай гар нийлж ажиллахад бэрх байгаагаас Ардчилсан намын удирдлагад хамаг болохгүйг тохон Улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа өгч байх талтай гэх хардлага ч араасаа дагуулж буй юм.

Өнгөрсөн хугацаанд З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаасаа чөлөөлөгдөж, Ардчилсан намд ирэх нь гэх зэрэг “шуум” дэгдэж байсан ч Н.Алтанхуяг явснаар хоёр экс даргатай холбоотой зөрчлийн тухай дуулиан намжих нь ээ.

Айлчлалууд зэрэгцэв

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар гуравдугаар сарын 11-15-нд тус улсад албан ёсны айлчлал  хийв. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ.

Олон нийт энэхүү айлчлалыг дэндүү өндөр өртөгтэй айлчлал хэмээн шүүмжилж байна.

Ерөнхий сайд цэргүүдэд шагнал гардуулсан бол УИХ- ын дарга Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогтын Швейцарын “Gredit Suisse Ag”банк дахь дансных нь хуулгыг авчирсан тухай дуулиан дэгдэв. Ам.долларын гурав, еврогийн хоёр дансны хуулгыг авчирчээ.

Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ бүхнээ мэдүүлсэн, валютынх нь эх үүсвэр, гүйлгээ зэрэг нь сэжгийг баталж чадахгүй нөхцөлд сайд асан С.Баярцогтыг данстайнх нь төлөө буруутгах эрх хэнд ч байхгүй.

УИХ-аас 2017 онд Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушгаалтнууд оффшор бүсэд данс нээлгэх, хадгаламж нээх зэргийг хориглосон хуулийг баталсан. Үүнд Швейцарь улсыг багтаасан. Харин сайд асан С.Баярцогттой холбоотой энэхүү данс 2008-2013 оны хоорондох гүйлгээтэй холбоотой юм.

Дарханы замыг шинэчлэн барина

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Азийх хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчлэн барихаар болжээ.

Зам барих ажил ирэх дөрөвдүгээр сарын 25-наас эхэлнэ. Эвдрэл гэмтэл их болсноос сүүлийн жилүүдэд дээрх замд автын осол олноор гарах болсон.

Тус чиглэлийн замаар оргил үедээ өдөрт 12,300 автомашин зорчдог бөгөөд өнгөрсөн онд улсын хэмжээнд осол аваарын тоогоор гуравт эрэмбэлэгджээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам барих ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 25-наас эхлүүлэн арванхоёрдугаар сарын сүүл гэхэд дуусгахаар төлөвлөсөн тул долоон сарын хугацаанд уг маршрутыг хааж, түр зам гаргахаар болжээ. Булган Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэх бол том оврын автобусуудыг вагонд шилжүүлэн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавигдах хоёр урсгалт замын нийт урт нь 204,16 км байх бөгөөд нэг эгнээ замыг 83,8 сая доллараар барихаар төлөвлөжээ. Энэ замыг тавихад 27 ширхэг жижиг объектыг чөлөөлөн холдуулах шаардлагатай болж, газар чөлөөлөлттэй холбоотой ажлыг эхлүүлсэн байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж