Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын дунд шөвгийн сугалаа явагдлаа. Энэ улиралд Английн дөрвөн баг шалгарч үлдсэн нь онцлог байсан юм. Дунд шөвгийн дараа Английн 2-3 баг хагас шигшээд үлдэх боломжтой байна.
Ливерпүүл – Порто"
Хэсгийн шатны тоглолтод Английн “Ливерпүүл” клуб тийм ч тогтвортой байж чадаагүй. Гэхдээ шөвгийн 16-д Германы хүчирхэг баг Бавари Мюнхен клубыг буулгаж авснаар дунд шөвөгт шалгарсан. Өнгөрсөн жилийн премьер лигийн мэргэн бууч Египет довтлогч М.Салах гоолгүй байгаа ч С.Мане үнэхээр гялалзаж байна. Дээр нь Нидерланд төвийн хамгаалагч В.Ван Дейк “Ливерпүүл” клубын хамгаалалтыг хүчирхэг болгохын зэрэгцээ арын шугаманд гайхалтай манлайлж байгааг онцлох ёстой.
Тэдний өрсөлдөгч Портогийн хувьд “амьдрал”-ын хэсэгт багтсан бөгөөд тийм сайн байгаагүй ч ямартаа ч хэсгээ тэргүүлж чадсан. Хасагдах шатанд азтай гэмээр Рома клубыг А.Теллесийн оруулсан торгуулийн цохилтоор хожиж дунд шөвөгт шалгараад байна. Ливерпүүл клуб бол Рома биш. Мөн өнгөрсөн улирал яг энэ шатанд Ливерпүүл клубт талбайдаа 5-0 харьцаатай хожигдож байсан.
Өмнө нь Ливерпүүл болон Порто клубууд Европын дэвжээнд 2000-2001, 2007-2008 болон 2017-2018 оны улиралд таарч тоглоход нийлбэр дүнгээр Ливерпүүл клуб хожиж байжээ. Иймд Порто клубын хувьд хагас шигшээд шалгарах боломж тун хомс. “Ливерпүүл” талбайдаа эхний тоглолтоо хийгээд хариу тоглолтыг Портогийн талбайд хийнэ. Ливерпүүл өмнөх шатанд яг ийм хуваарийн дагуу Бавари Мюнхен клубтэй тоглож буулгаж авсныг мартаж болохгүй.
Тоттенхэм Хотспур – Манчестер Сити
Английн хоёр багийн хувьд мөн л хүч тэнцвэргүй тоглолт болох болов уу? Хэдийгээр Тоттенхэм Хотспур клуб хүнд хэсгээс гарч ирэн хасагдах шатны эхний тоглолтондоо Боруссиа Дортмунд клубыг буулган авсан ч тоглолтын чанар суларсаар байгааг харж байна. Хасагдах шатны эхний өрсөлдөгч Боруссиа Дортмунд клуб тоглолтын чанар нь суларч хэдий нь лигийн тэргүүлэгчийн байр сууриа алдахад хүрээд байгаа тийм өрсөлдөгч байсан. Иймд М.Почеттиногийн шавь нарт Манчестер Сити клубт яалт ч үгүй хүнд өрсөлдөгч байна.
“Тоттенхэм Хотспур” клуб сүүлийн бүх таван тоглолтоос ердөө ганц хожил авч, нэг тэнцээд байгаа нь нэгийг өгүүлж байгаа болов уу? Манчестер Сити болон Тоттенхэм клубуудын сүүлийн 5 тоглолтонд Манчестер Сити 3 хожиж, 1 тэнцсэн бол Тоттенхэм Хотспур клуб нэг хожсон. Энэ 5 тоглолтонд Манчестер Сити клуб 10 гоолыг Тоттенхэм Хотспур клубын хаалганд оруулсан бол Тоттенхэм Хотспур 6 гоолыг оруулжээ. Испани мэргэжилтэн П.Гуардиолагаар удирдуулсан Манчестер Сити энэ улирлын аваргуудын лигийн гол фаворит юм.
Аякс – Ювентус
Аваргуудын лигийн 4 удаагийн аварга Нидерландын Аякс Амстердам клуб 13 жилийн дараа аваргуудын лигийн хасагдах шатанд шалгараад байгаа. Тэд хамгийн сүүлд 2005-2006 оны улиралд хасагдах шатанд шалгарч Италийн Интер Милан клубт хожигдон тэмцээнээ өндөрлүүлж байсан. Харин энэ улирал хэсэгтээ Бавари Мюнхен болон Бенфика гэсэн багуудтай өрсөлдөж хэсгээс 2-р шалгарч шөвгийн 16-д шалгарсан.
Хэсэгтээ Германы Бавари Мюнхен багийг багагүй сандаргаад авсан. Хасагдах шатанд аваргуудын лигийн сүүлийн гурван удаагийн аварга Реал Мадрид клубыг аваад залсан. Урдаа Х.Зийех, дундаа де Йонг гэсэн авъяаслаг залуус яалт ч үгүй Аякс клубын амжилтыг гол хөзөр болж байна. Гэхдээ. Гэхдээ К.Роналдотой хамгаалалтаараа гайхагддаг Ювентус клубыг буулгаж авна гэж бодохгүй л байна. Ювентус хатуу ширүүн хамгаалалттай Испаний “хатуу самар” Атлетико Мадрид клубыг хэрхэн буулгаж авав!
Ялангуяа К.Роналдо гэж хүчирхэг залуу Атлетико Мадридын хамгаалагч нарыг яаж ажилгүй болгож чадсаныг хөлбөмбөг сонирхогчид бүгд харсан. Ювентус 2015, 2017 оны аваргуудын лигийн шигшээ тоглолтын азгүйтлээ эцэс болгох, К.Роналдо аваргуудын лигт 3 өөр багт түрүүлсэн К.Зеедорфын амжилтыг давтах хүсэл яг зэрэгцэж байна. Иймд энэ тоглолтонд Ювентус дараагийн шатанд шалгарах магадлал нь илүү болов уу?
Манчестер Юнайтед – Барселона
Английн Манчестер Юнайтед Норвеги мэргэжилтэн О.Г.Сульшер хүрч ирснээс хойш моторт завинд суусан юм шиг л урагшилж байна. Лигтээ өмнөө таарсан бүх өрсөлдөгч нараа ээлж дараалан буулган авч, аваргуудын лигт ч “од”-той тоглож байна. Тэднийг шөвгийн 16-д хүчирхэг ПСЖ-гийн эсрэг гайхалтай тоглож эргэн ирэлт хийсний дараа Манчестер Юнайтедын хөгжөөн дэмжигчид тэртээ 1998-1999 оны аваргуудын лигт түрүүлсэн тэр дурсамжийг эргэн санаж, тус тоглолтын гол баатар О.Г.Сульшерыг магтан дуулж байна. Арга ч үгүй биз.
1999 оны аваргуудын лигийн шигшээ тоглолтод шүүгчийн мэдлийн нэмэлт цагт сэлгээгээр талбайд гарч ирсэн довтлогч О.Г.Сульшер хожлын гоолыг оруулж Манчестер Юнайтед хоёр дахь “дэлдэн чихт” цомыг хүртэж байсан. Өнөөдрийн Манчестер эв нь таарвал Барселонаг буулган авч болох талтай. Манчестер Юнайтед 2009, 2011 оны аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Барселона клубт хожигдсон.
Одоо энэ хариугаа авах хүсэл дүүрэн байгаа болов уу? Өнгөрсөн жил Ромагийн эсрэг маш шийдэмгүй бус тоглолт үзүүлснийхээ горыг амсаж байсан Э.Вальверде Манчестер Юнайтед бол Рома биш гэдгийг сайн мэдэж байгаа. Барселона клубын хамгаалалт болон дундын шугам сайн ажиллаж чадвал Л.Суарез, Л.Месси хоёр ямар ч нөхцөл байдалд гоол оруулж чадах тоглогчид. Гол асуудал нь Шави, А.Иньестагийн хэмжээний талбайн төвийн жанжин өнөөдрийн Барселона клубт дутагдаж байгаа нь сул тал болж магадгүй юм. Гэхдээ Барселона бол Барселона гэдгийг мартаж болохгүй.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ