ШИНЭ НОМ: “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

ШИНЭ НОМ: “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/

ШИНЭ НОМ: “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/

Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан түүхийн ухааны доктор Д.Наранжаргалын “Хятад ажилчид БНМАУ-д” /1949-1964/ нэртэй номын нээлт өчигдөр /2019.03.15/ боллоо. Түүний эл бүтээлийг түүх, гадаад харилцаа, гадаад бодлого судлалын мэргэжлийн хүрээний судлаач, эрдэмтэд “1949 оноос  өнөөг хүртэлх 70 жилийн түүхтэй хоёр улсын харилцааны түүхийн эхний 15 жилийн үйл явцыг нарийн тодорхой задлан шинжилсэн” гэдгийг онцолсон юм. Уншигчдын гарт хүрч буй энэхүү бүтээлийг товч танилцуулъя.

Бидний урд хөрш 1955-1964 онд мянга мянган иргэнээ манай улсын социалист бүтээн байгуулалтад туслуулахаар илгээж байжээ. Эдгээр ажилчид нь Монголд эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, хөнгөн үйлдвэр, орон сууцны олон зуун барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан тухай, хөрш хоёр орны хамтын ажиллагааны нэгэн онцлог үеийг архивын болон гадаад харилцааны баримт сэлт дээр тулгуурлан энэхүү бүтээлд өгүүлсэн байна.

Монгол ирж ажилласан хятад иргэдийн хувьд 50 гаруй төрөл мэргэжлийнхэн байсан ба тэд Улаанбаатар хотод 40 мянгат, 50 мянгат, 120 мянгатын орон сууц; 5, 6, 14 зэрэг ерөнхий боловсролын сургууль, дээд сургууль, техникумын барилга, оюутны дотуур байр, Байгалийн түүхийн музей, Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Энхтайваны гүүр, Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн  зэрэг олон арван барилга барьсан түүхтэй.

Монголд ирсэн хятад ажилчид нь хот хөдөө, хаана хаана ямар бүтээн байгуулалтад оролцсон, ямар ажил мэргэжлийнхэн голлож байсан, тэдний ахуй нөхцөл, хөдөлмөрийн гэрээ зэрэг нарийвчилсан тоо баримтуудыг эл номоос харж болно. Дашрамд дурдахад, БНМАУ-ын удирдагчдын удаа дараагийн хүсэлтийн дагуу Хятадын коммунист намын төв хороо Монголын бүтээн байгуулалтад хятад ажилчдыг илгээн туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг.

МАХН-ын Төв хорооноос 1955 оны нэгдүгээр сарын 14-нд хариу захидал илгээж, нийт 12250 ажилчныг ямар ямар мэргэжлээр хүлээж авах тухайгаа мэдэгдсэн байна. Ийнхүү Монголын бүтээн байгуулалтад туслах зорилгоор хятад ажилчдыг оруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1955 оны дөрөвдүгээр сарын 7-нд Бээжин хотноо байгуулж, тавдугаар сард эхний ээлжийн 8000 ажилчин Монголд иржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж