“Хоёр чуулган”: Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү их найр тавина

Хуучирсан мэдээ: 2019.03.16-нд нийтлэгдсэн

“Хоёр чуулган”: Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү их найр тавина

“Хоёр чуулган”: Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү их найр тавина

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 13 дахь удаагийн сонгуулийн чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд болж өндөрлөсөн билээ. Арван өдрийн турш үргэлжилсэн энэхүү чуулганд Хятадын 3000 орчим депутат оролцож, улсынхаа хөгжлийг тодорхойлох хамгийн чухал санал, шийдвэрүүд, мөн хэд хэдэн шинэ хуулийн төслийг хэлэлцэн баталжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин өнгөрсөн баасан гаригт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хятадын “Хоёр чуулган” буюу БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган болон Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хоёрдугаар чуулган нь жилд нэг удаа зохион байгуулагддаг томоохон чуулган юм. Мөн энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй төдийгүй дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлон бүтээж, нэгдүгээр 100 жилийн зорилтоо биелүүлэх онцгой жил болж байгаа аж. Иймээс энэ жилийн “Хоёр чуулган” гадаадын улс орнуудын анхаарлыг ихээхэн татжээ.

БХАТИХ-ын энэ удаагийн чуулганы нээлтийн өдөр тавьсан Засгийн газрын ажлын тайлан нь жил бүрийн “Хоёр чуулган”-ы эхлэл байдаг аж. Энэ дагуу Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өнгөрсөн 13 дугаар сонгуулиар байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны анхны жилийн ажлын тайланг танилцуулж, 2018 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэхийн сацуу 2019 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Элчин сайд Шин Хайнмин хэлэхдээ “Өнгөрөгч 2018 онд Хятадын нийгэм, эдийн засаг гойд ахиц дэвшилттэй байлаа. Үүнд нэгдүгээрт, эдийн засаг тогтвортой өсөж, ард түмний аж амьдрал тасралтгүй сайжирсан. Эдийн засгийн өсөлт 6.6%-д, ДНБ-ий нийт хэмжээ 90 их наяд юань хүрсэн байна. Хот суурин газарт 13.6 сая хүн шинээр ажлын байртай болж, 13.8 сая иргэнийг ядуурлаас гаргасан байна. Хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц сайжирсан.

Хоёрдугаарт, нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн шинэчлэл гүнзгийрч, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсээр байна. Ган төмөр болон нүүрсний салбарын үйлдвэрлэлийн илүүдлийг арилгах ажил ахицтай байж, үйлдвэрлэлийн бүтцийг эрчимтэй шинэчиллээ. Засгийн газар энэ онд Татварыг бууруулах бодлого хэрэгжүүлж, аж ахуйн нэгж болон хувь хүний албан татварын зардлыг 1.3 их наяд юаниар бууруулж, хадгаламж нөөцийн харьцааг дөрвөн удаа бууруулж, үйлдвэрлэлийг дэмжлээ.

Гуравдугаарт, гадаад улс орнуудад нээлттэй байх төрийн бодлогоо үргэлжлүүлж, Хятадын хөгжил дэлхийн эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Хятадын анхдугаар Олон улсын импортын экспог амжилттай зохион байгуулж, Хайнаний чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.

Гаалийн татварын ерөнхий түвшин 9.8% байснаас 7.5 хувь хүртэл буурснаар бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нийт дүн 30 их наяд юаниас давлаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтад хаалттай байх салбарын жагсаалтыг ихээр хумьж, шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани 70%-р нэмэгдсэн. Бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 138.3 тэрбум ам.доллар байж, Хөгжиж буй орнуудын дунд тэргүүлэв.

Энэ жилд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Хятад Улсын Засгийн газар болон ард түмэн нийгэм, эдийн засгийн тасралтгүй эрүүл хөгжлийг хадгалахыг хичээж, онц дүнгээр энэхүү 70 жилийн ойгоо тэмдэглэх болно. 2019 онд эдийн засгийн өсөлтийг 6-6.5% байлгах, 11 саяас дээш хүнийг шинэ ажлын байраар хангах, хот суурин газрын бүртгэлтэй ажилгүйдлийн түвшинг 4.5%-ийн дотор байлгах, 10 саяас дээш иргэдийг ядуурлаас гаргах, түүнчлэн хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 3% орчимд байлгах зорилт тавьж байна.

Дээрх зорилтуудаа биелүүлэхийн тулд энэ удаагийн “Хоёр чуулган”-аар гурван хуулийн төслийг баталсан. Нэгд, “Гадаадын хөрөнгө оруулалтыг татах”. 13-р сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганаар “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Хятад Улс зах зээлд нэвтрэх шаардлагыг зөөлрүүлж, гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн өмчийн эрхийг хуулийн дагуу хамгаалах тухай тодорхой хуульчилсан. Гадаад улс орнуудын ААНБ-ууд Хятадад үйл ажиллагаагаа амжилттай явуулах боломж илүү нээлттэй болно гэдэгт итгэлтэй байна.

Хоёрдугаарт, “Эрч хүчийг нэмэгдүүлэх”. 2019 онд урьдчилсан байдлаар ААН-д ноогдуулах албан татвар болон нийгмийн даатгалын хураамжийн дарамтыг хоёр их наяд юаниар бууруулахаар төлөвлөж буй бөгөөд үйлдвэрлэлийн салбарт өнөөдрийн мөрдөгдөж байгаа 16%-ийн татварыг 13% болгон багасгаж, хот суурин газрын ажилчдын тэтгэврийн даатгал төлөгч байгууллагын хураамжийг бууруулж, 16% болгох боломжтой юм. Ингэж татвар, хураамжийг бууруулснаар ААН-ийн дарамтыг багасгаж, зах зээлийг эрчимжүүлэх болно.

Гуравдугаарт, “ААН-ийн Гадагш гарахыг дэмжих”. Хятад Улс гадаад улс орнуудад хөрөнгө оруулах хамтын ажиллагааны эрүүл, дэг журамтай хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, зах зээлийн зарчим болон олон улсын нийтлэг дүрэм журмыг мөрдөж, аж ахуйн нэгжүүд өөрсдийн давуу талаа ашиглан, олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааг тэлэх болно.

Өнгөрөгч жилд, Хятадын онцлогт их гүрний гадаад харилцаа өндөр амжилттай байсан. Бид Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл санааны удирдах байр суурийг баталсан. Хятадын гадаад харилцаа ихээхэн үр дүнтэй байж, Бо-Ао-гийн Азийн форум, Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний форум, Бээжин хотноо болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум, мөн Анхдугаар удаагийн Олон улсын импортын экспо зэрэг Олон улсын чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

“Нэг бүс нэг зам” санаачилга тасралтгүй үр дүнгээ өглөө. Тухайлбал, “Бүс ба зам” дагуух орнуудын хамтын ажиллагааны механизм илүү боловсронгуй болж, харилцаа холбоо эрчимжсээр байна. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, Хятад улс дэлхийн тайзны төв рүү өдрөөс өдөрт ойртсоор байна.

Шинэ нэг жилд бид Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл санааг бүх талаар тууштай хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замыг баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагааг чандлан биелүүлж, дэлхий нийтийн энх тайвныг хамгаалахын төлөө, хүн төрөлхтний хөгжлийн төлөө илүү их хувь нэмрээ оруулах болно.

Бид мөн энэ ондоо Хятадын гадаад харилцааны хамгийн томд тооцогдох Олон улсын арга хэмжээ болох Хоёрдугаар удаагийн “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумыг зохион байгуулах болно. Бид “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг илүү чанартай, өндөр стандартыг хангуулан хөгжүүлэх болно.

Мөн бид дэлхийн засаглалд гүнзгий оролцож, дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалж, их гүрнүүдтэй харилцаа хамтын ажиллагаагаа тогтвортой байж, хөрш орнуудтай болон бусад хөгжиж буй улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно" гэв.

Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. 70 жилийн хугацаанд хоёр улсын Засгийн газар болон ард түмний хамтын зүтгэлээр хоёр улсын харилцааны хөгжил асар их амжилтад хүрснийг Элчин сайд тэмдэглэв. Энэхүү 70 жилийн ойг тохиолдуулан хоёр тал хэд хэдэн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг төлөвлөж байгаа аж.

Элчин сайд хэлэхдээ "Талуудын хамтын хичээл зүтгэлээр Хятад, Монгол хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл илүү бэхжих, бодит хамтын ажиллагаа илүү гүнзгийрч, хоёр улсын ард түмний харилцаа улам ойр дотно болж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөрш орнуудын харилцаанд үлгэр жишээ болно гэдэгт бат итгэлтэй байна” гэлээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж