Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болдог. Энэ хүрээнд тус өдрийн 16.00 цагаас улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарч, дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажилладаг.
Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.
Тус өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.
1 дэх дохио дуугарахад иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.
Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
2 дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Харин гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байх хэрэгтэй.
Холбоотой мэдээ