Д.Тогтохсүрэн: Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ

Д.Тогтохсүрэн: Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ

УИХ-ын хаврын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх хүрээнд өнөөдөр /2019.03.15/ Төрийн ордонд “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид болон  хуулийн төслийг боловсруулж буй ажлын хэсэг  мөн 1996, 2016 онд тус хуулийг боловсруулахад оролцсон хүмүүс  оролцсон  өргөн хүрээний хэлэлцүүлэг болов.

Энэхүү хуулийн төсөлд Нутгийн удирдлагын тогтолцлоо, эрхзүйн шинэчлэлийг тусгаж аж.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ:

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим
  • Зарчмын шинжтэй бусад өөрчлөлт

Дээрх хуульд 2016 оноос хойш 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа 11 нь тусгайлсан хууль дагаж орсон өөрчлөлтүүд байгаа нь хуулийн анхны үзэл баримтлалыг алдагдуулах, хууль тогтоогчийн үзэл, санаа зорилгыг гажуудуулж, хуулийн тогтворгүй болгожээ. Тодруулбал хуулийг өөрчлөх замаар төвлөрлийг сааруулах, удирдлагын босоо тогтолцоог халах зэрэг дэвшлийг аажмаар халж, хуучин төвлөрсөн байдалд шилжүүлсэн гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм.

Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад зарчмын шинжтэй суурь асуудал болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үйл ажиллагаа, дотоод удирдлагатай холбоотой харилцааг үлдээж салбарын шинжтэй асуудлыг тухайн салбарын хуульд тусгахаар заажээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг төсвийн зэрэг салбарын хуулиар бус гагцхүү энэ хуулиар зохицуулдаг болох. Салбарын нарийвчилсан зохицуулалтыг бусад хуулиар тус хуульд нийцүүлэн зохицуулахаар тусгажээ.

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

Тус хуулийн  ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг хуулийн талаар хэлэхдээ “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл нь Үндсэн хуулийн дараа орох Орон нутгийн эрхзүйн харилцааг зохицуулдаг суурь хууль юм. Уг хуулийг дагаж Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хууль  шинэчлэгдэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахын өмнө  орон нутагт тулгамддаг асуудлыг авч үзэж цаашид хуулийг шинэчлэх шаардлага байгаа эсэхийг эрдэмтэн судлаачдаар дүгнүүлсэн. Тус дүгнэлтэд үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. Уг хуулиар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг тодорхой болгоход ихээхэн анхаарч байна. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг буюу төсөв санхүүгийн эрх мэдлийг нь нэмэгдүүлэх шаардлага өнөөдөр зүй ёсоор тулгарч байна. Орон нутгийн иргэд маань орон нутгийн улстөржилт, талцтал хуваагдалд  хамгийн ихээр санаа зовдог. Тэгвэл уг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Төрийн захиргаа, орон нутгийн байгууллагын хоорондын харилцааг тодорхой болгож өгнө. Хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Баг, хорооноос эхлээд иргэдийнхээ төлөө асуудал шийддэг, иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай байна. Мөн баг, аймгийн дарга нар давхацсан эрх мэдэлтэй байна. Чиг үүргийн давхцалаас болж заримыг нь давхардуулж хийгээд, зарим асуудлыг орхигдуулж байна. Тиймээс чиг үүргийн давхцалыг арилгаж, тус тусад нь тодотгож өгөх хэрэгтэй байна. Эдийн засагтай холбоотой өмч, татварын зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Хот, тосгоны эрхзүйн зохицуулалтыг мөн тодотгож өгөх хэрэгтэй байна. Манай нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчим төлөвшөөд хөгжөөд ирсэн.

Үндсэн хуульд гол анхаарал татаж, маргаж байгаа асуудал энэ. Орон нутгийн харьяалалтай хот буюу аймгийн төвүүдийг хот болгоод, засаг захиргааны нэгж байгуулах. Харин Эрдэнэт, Дарханыг засаг захиргааны нэгж болгох юм. Дэлхийн 26 улсад хотууд нь нэгж болоод явсан байгаа. Монгол Улс суурин соёл иргэншилд шилжээд олон жил болж байна. Хэдийгээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа ч гэсэн дэлхийн суурин соёл иргэншилд шилжээд явахаас аргагүй. Тиймээс хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэж үзэж байгаа. Тэнд хотын өөрийн удирдлага давхар хэрэгжинэ гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн.

СУДЛААЧ Д.ГАНЗОРИГ:

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 оноос мөрдөгдөж эхэлснээс хойш 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн  өнөөгийн хэрэгжилтэд хийсэн судалгааны дүнгээ танилцууллаа. Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр аймаг  сум, баг, нийслэл нь дүүрэг хороонд хуваагдана гэсэн заалттай. Засаг, Захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийн хуулиар дээрх нэгжүүд ямар чиг үүрэгтэй ажиллах уу, эрхзүйн харилцаанд хэрхэн оролцох  уу гэдэг нарийвчилсан  зохицуулалтыг хийх ёстой байтал бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд энэ зохицуулалтаа хийж чадаагүй.  Үүнээс үүдэж цаашдаа аймаг, сум, багийн түвшинд удирдлага зохион байгуулалт, чиг үүрэг, бүрэн эрх нь ямар байх байх нь тодорхойгүй болсон. Зарим тохилдоод дээрх гурван нэгжийн удирдлагын бүрэн эрх нь хоорондоо давхцаж байна гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Хоёрдугаарт Засаг, Захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж дахь хотын тухай асуудал. Үндсэн хуульд хотын статусыг эрхзүйн хүрээнд  тусгайлан зохицуулна гэсэн заалт бий. Судалгааны багийн зүгээс хотыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох асуудлыг яаран шийдэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж