Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2019 оны гуравдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд нийт 1100 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 834 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа. Энэ долоо хоногт зам тээврийн ослоор орон нутагт хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Харин нийслэлд нэг хүний амь нас хохирч, 26 хүн бэртэж гэмтжээ. Үүний найм нь бага насны хүүхэд байсан аж.
Мөн орон нутаг болон нийслэл хотод мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж, энэ төрлийн осол, хэрэг гарч байгаа тул холбогдох байгууллагуудтай хамтран улсын бүртгэлд ороогүй мотоцикльд улсын дугаар олгох, иргэдийг “А” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулах, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг орон нутгуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.
БҮРТГЭГДСЭН ОСОЛ ХЭРГЭЭС ДУРДВАЛ:
- Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин товчооны замд Тоёота приус маркийн автомашин нь явган зорчигч 58 настай А-г мөргөж амь насыг нь хохироожээ.
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Богд уулын ар гэх газар шороон замд улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль онхолдож, жолооч 53 настай Г-н амь нас хохирсон ноцтой хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагуудад шалгаж байна. Мөн зам тээврийн ослын 16 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 33 осол нь мөргөлдөх хэлбэрээр бүртгэгдсэнийг шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 150 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллажээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ