Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч багшдаа зодуулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээллийн дагуу дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Бид тус эмнэлэг дээр 11.00 цагийн үед очиход Б.Бат-Эрдэнэ хүү эмчийн өрөөнд эхо-д харуулж байлаа. Хагалгааны дараа хүүгийн хоолой ихэд хатах болсон бөгөөд аав нь соруултай ус барин сандран гүйнэ.
ХҮҮГИЙН ЭЛЭГ НЬ БЯЦАРЧ, ХОЁР ГАЗАР БУГЛАА ҮҮСЭН ИДЭЭЛСЭН БАЙЖЭЭ
Тэд өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 4-ны өдөр Улаанбаатар хотод ирж маргааш нь Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д хэвтэн эмчлүүлжээ.
Хүүгийн элэг нь бяцарч дотроо хоёр газар буглаа үүсэн идээлсэн гэх оноштойгоор хагалгаанд оржээ. Одоогоор хүүгийн биеийн байдал дээрдсэн бөгөөд эмч нарын зүгээс “Чадах бүх арга хэмжээг авсан. Цаашид эмчилгээгээ сайн хийлгээд, өдөр бүр алхаад байвал хурдан эдгэнэ” хэмээн хэлж байлаа.
ГГСҮТ-ийн зүгээс тухайн хүний гэмтлийг гадны нөлөөтэй гэж үзвэл заавал цагдаагийн байгууллагаас бичиг хийлгэдэг байна. Тус бичгээр Б.Бат-Эрдэнийн гэмтэл гадны нөлөөтэй гэж гарчээ. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийн анги даасан багш буюу нийгмийн ухааны багш нь хүүгийн элгийг бяцартал хүчтэй цохижээ.
Тухайн өдөр Б.Бат-Эрдэнэ найзынхаа хамт тамхи татаж байгаад багшдаа баригдсан нь дээрх асуудал гарахад нөлөөлжээ.
Энэ талаар тэрбээр ярихдаа “Манай багш буруугүй. Цахим орчинд яваад байгаа мэдээлэл худлаа. Манай багш сурагчиддаа байнга гар хүрдэг хүн биш. Хэрэг гардаг өдөр багш их стресстэй байсан юм шиг санагдсан. Багш намайг дээрээс цохихоор нь гараа дээш өргөсөн чинь доороос хийтэй цохисон юм шиг байна лээ. Тэр өдрөөс хойш 14 хоног халуураад эмчид үзүүлсэн чинь эхлээд олгой байна гэж хэлсэн. Эход харуулсны дараа л элгэнд асуудал үүссэнийг мэдсэн” гэсэн юм.
Хүүгийн ар гэрийнхний зүгээс “Хүүд маань гар хүрсэн багшийг буруутгахыг хүсэхгүй байна. Хүүд маань ч гэсэн буруу байгаа. Бидний үед багш нь сурагчдаа гар хүрдэг байсан гэхдээ арай л хэтрүүлсэн. Хүүгээ зөвтгөөд багшийг буруутгахгүй” гэх байр суурийг илэрхийлж байлаа.
Хүүг эмнэлэгт хэвтсэн цагаас нь анги даасан багш нь холбоотой байсан бөгөөд өнөөдөр 12.00 цагт эмнэлэг дээр байхад нь Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамнаас дуудуулсан байна.
Хэдийгээр Б.Бат-Эрдэнийн аав ээж нь цагдаагийн байгууллагад хандаагүй боловч хамаатан нь цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна. Эмэгтэй хүн цохиход ийм хэмжээний бяцрал үүсэх эсэх зэрэг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн тогтоох юм.
Холбоотой мэдээ