Ардчилсан намд гал дүрэлзэж эхэллээ. Ардчиллын туг Э.Бат-Үүл ардчиллаа хамгаалахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулгатай үзэлцэнэ гэдгээ “Чааваас Ерөнхийлөгч намайг айлгах гээд байгаа юм уу?. Чадахгүй ээ! “ нийтлэлээрээ дамжуулан мэдэгдсэн бол Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй үзэлцэнэ гэдгээ өнөөдөр мөн зарлалаа.
Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг намын даргатайгаа дайтахын тулд зөвлөхөөсөө ч түдгэлзэх нь. Энэ албыг 1.8 жилийн хугацаатай хашаад байгаа аж. Тэрбээр тэмцэлд орох болсон шалтгаанаа МАНАН бүлэглэлийн хамсаатан болсон С.Эрдэнийг намын удирдлагаас зайлуулах, ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх зэрэгтэй холбож тайлбарлажээ.
Үнэндээ бол одоо Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цөхөрсөн бизнес эрхлэгчдийн итгэл нь болж, эрх баригчид болоод Ерөнхийлөгчийн барьж буй бодлогын эсрэг сөрж зогсоо. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор төр маш бодлогогүй алхам хийж байна. ЗГХЭГ-ын дарга нь хамгаалалтынхныг нь барьж зодоод битүүмжилдэг, нэг бол өөрөө гүйж очоод хэдэн албан тушаалтныг халж, хаалга лацдах байдлаар асуудалд хандаж болохгүй. Төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордыг 34 хувиас доошгүйг нь төр эзэмшинэ гэсэн хуультай. Хуулийн зохицуулалттай байхад 400 лицензийг тэр чигээр нь төрд авна гэж байгааг ойлгохгүй байна. Ардчилсан намын үзэл баримтлалын үндсэн тулгуур зарчим бол хувийн өмчийг дээдэлсэн, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам байна гэдгээ зарласан, бид энэ байр сууриндаа хатуу зогсоно. Хэн нэгэн хүний хувь хүний эрх чөлөөнд халдах, хууль бусаар аж ахуй нэгжийн хувийн өмчид халдах ийм халдлагыг Ардчилсан нам хэзээ ч зөвтгөхгүй, хатуу зогсоно” гэдгээ онцолсон билээ.
Ийм байхад Н.Алтанхуяг зөвлөх Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй тэмцэнэ гэдгээ зарласан нь сөрсөн базаа биш байгаа гэх хардлагыг ч дагуулж эхлээд буй юм.
Учир нь Э.Бат-Үүлийн ардчиллаа хамгаалах Ерөнхийлөгчтэй хийх тэмцлийг сулруулахын тулд Н.Алтанхуяг нарт Ардчилсан намын удирдлагыг өөрчлөх шаардлага тулсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ цаг дор Үндэсний бодлогын хорооны сунгаа нам дотор эхэлсэн нь өөрсдийн хүмүүсээр багаа бүрдүүлэх өмнөх тактикаа хэрэгжүүлэх далим болсон байхыг ч үгүйсгэхгүй байна.
Г.ХОРОЛ