ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбооны Нарийн бичгийн дарга Ксения Кизиловатай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Улмаар тус хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж 2019 оноос Дэлхийн үнэлэмжийн судалгааг Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэгийнудирдлага дор Монгол Улсад зохион байгуулж явуулахаар тохиров.
Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоо нь (www.worldvaluessurvey.org) Швед улсын Стокгольм хотод байрладаг нийгмийн болон улс төрийн амьдралд үзүүлж буй үр нөлөө, үнэт зүйлсийн өөрчлөлтийг судалдаг нийгмийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн дэлхий нийтийн сүлжээ бүхий олон улсын судлаачдын баг юм. Дэлхийн үнэлэмжийн судалгааг 1981 оноос хийж эхэлсэн бөгөөд өдгөө 115 оронд бараг 400,000 хүний дунд явуулсан болно. Тус судалгаа нь эрдэмтэд, бодлого боловсруулагч нарт дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд үнэлэмж, сэдэлжилтийн өөрчлөлтийг бүрэн дүүрэн ойлгуулахыг зорьдгоороо онцлогтой. Улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, социологич, нийгмийн сэтгэл зүйчид, антропологич, эдийн засагч нарт эдийн засгийн хөгжил, ардчилал, шашин шүтлэг, жендэрийн тэгш байдал, нийгмийн капитал, хувь хүний сайн сайхан байдал зэрэг сэдвээр дүн шинжилгээ хийхэд мэдээллийн эх сурвалж, сан болдгоороо чухал ач холбогдолтой. Түүнчлэн эдгээр мэдээллийг засгийн газрын албан хаагчид, сэтгүүлчид, оюутнууд төдийгүй Дэлхийн Банкны бүлгийнхэнд ч эдийн засгийн хөгжил болон соёлын хүчин зүйлсийн хоорондын уялдаа холбоог тодруулахад өргөнөөр ашиглагддаг билээ.
Эх сурвалж: ШУА
Холбоотой мэдээ