“ХХ зууны Монголын их яруу найрагч Б.Явуухулан маань сургуульд байхын л хошин яриатай хүүхэд байсан. Энэ зан нь түүний багаасаа урлагийн авьяастай нь илрэл байж. Хожмоо их яруу найрагч болон Монголдоо тодорч гарч ирсэн дээ. Их найрагч Б.Явуулхулангийн маань шүлгүүд амьдралаас урган гардаг. Шүлгээрээ дамжуулан хүний сэтгэлд хүртэл нь зурчихдаг. Аливааг бодитоор харж, сэтгэдэг байсан” тухай Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн багын найз Соёлын гавьяат зүтгэлтэн, гүүш Ж.Гэндэндарам гуай найзаа дурсав.
“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би” хэмээн “Би хаана төрөө вэ” шүлгээ шүлэглэсэн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ой энэ өдөр /2019.03.15/ тохиож буй. Түүний гэрэлт хөшөөнд монголын зохиолч, яруу найрагчдын төлөөлөн болон анд нөхөд, шавь нар нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант сум буюу одоогийн Алдархаан суманд 1929 оны гуравдугаар сарын 15-нд төрсөн. Тэрбээр 1949 онд дүү Бэгзийн Монхоогийн хамт Санхүүгийн техникум төгсөөд Архангай аймагт нэг жил ажиллаж амьдрах болжээ.
Тэр үеийн нэгэн сайхан дурсамжийг түүний багын найз Ж.Гэндэндарам гуай хуваалцсан юм. Тэрбээр “Бид хоёр нэг оных л доо. Анх Завхан аймгийн долоон жилийн сургууль гэж байлаа. Тэр сургуульд бид хамт суралцаж, төгсөөд Б.Явуухулан маань Санхүүгийн техникумд, би Багшийн сургуульд явсан юм. Тэгсэн би 1948 онд их сургуулиа төгсөөд Архангай аймгийн арван жилийн сургуульд багшаар очсон чинь Б.Явуухулан маань Архангай аймгийн Хоршоодын байгууллагын нягтлангаар тэнд очсон байна. Тэгээд л нэг нутгийн хоёр амь нэгтэй. Нэг өдөр санаандгүй Б.Явуухулангаа би гомдоочихлоо. Яасан гэхээр нэг өдөр сургуулийнхаа багш нартай гудамжинд явж байтал Явуутайгаа таараад, хальт мэндлээд өнгөрөхгүй юу. Тэгсэн нэг өдөр хүүхдээр дамжуулан надад дөрвөн мөртэй зурвас хүргүүллээ. Тэр дөрвөн мөрт зурвас нь надад одоо болтол бий.
“Алтан нутгийн сүнс чинь
Ашдын мөрөн дээр чинь торойж байхад
Харийн нутгийн хайчны гуятай
Хамтран яваад навсганж байдаг чинь юу вэ” гэж гомдоллон бичсэн байсан. Тэгээд би маргааш нь Б.Явуухулан дээрээ очиж, уучлалт гуйж байж билээ. Их найрагч маань нэг жил Архангай аймагт ажиллаад хотод ирж, утга зохиолын мөрөө хөөсөн дөө. Тэр цагаас хойш Б.Явуухулантайгаа уулзахгүй явсаар 1968 онд Энэтхэг улсад зохион байгуулсан Ази, Африкийн зохиолчдын их хуралд Л.Түдэвтэй хамт оролцож байхад тааралдсан. Би тэнд Элчин сайдын яаманд ажиллаж байсан” тухайгаа хуучиллаа.
Дорнын их яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчимоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж шүлэг бичсэн нь судлаачид магтаж эхэлсэн гэдэг. Үүний дараагаар Б.Явуухулан яруу найрагч монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг.
Бүсгүй хүн гэдэг Хүний эх нь учраас
Бүх хүн төрөлхтөн Гоо сайхнаа авдаг байна.
Бүсгүй хүн гэдэг бас Гоо сайхны эх учраас
Бүхнээс илүү сайхнаа Өөртөө хадгалж байдаг байна… хэмээн бичжээ. Түүний уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлнэ.
Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
Б.БАТТУЛГА: Б.ЯВУУХУЛАНГИЙН ШҮЛГҮҮДИЙГ ХАР БАГААСАА УНШИЖ ӨССӨН
-"Монголын утга зохиолын хамгийн дээд төрөл болох яруу найргийн ноён оргил яруу найрагч Х.Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүний бүтээл монголын утга зохиолын нэг том залгамж холбоо болж чадсан билээ. Их зохиолч Д.Нацагдоржоос хойш Б.Явуухулан дараагаар нь Б.Лхагвасүрэн хэмээн үргэлжилдэг. Ийм гайхамшигтай яруу найрагч. Монголын ард түмэн маань Б.Явуухулан агсныг Дорнын их яруу найрагч хэмээн хүндэлж, өргөмжилдөг. Минийх хувьд Б.Явуухулан гуайн шүлгүүдийг хар багаасаа уншиж өссөн. Одоо ч түүний бүтээлүүдийг нь сурагчдадаа зааж сургаж байна" гэж “Болор цом 36” наадмын цомын эзэн, яруу найрагч Б.Баттулга ярилаа.
Д.МЯГМАРСҮРЭН: МОНГОЛЫНХОО ОНЦЛОГИЙГ ШҮЛЭГ НАЙРАГЛАЛДАА ИХ ТУСГАСАН
-Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн бүтээлүүдийг их биширдэг. Монгол сайхан орныхоо онцлогийг шүлэг найраглалдаа их тусгаж, тэнгэр дээрээс хараад хэлж байгаа юм гайхалтай бичсэн байдаг. “Би хаана төрөө вэ” шүлгийг уншихад л дэлхийд хосгүй эх оронд төрсөнөөрөө өөрийн эрхгүй омогшдог. Энэ утгаараа түүний бүх шүлгүүд монгол орны сайхан байгалийг тусгасан байдаг. Би хүүхэд байхаасаа түүний шүлгийг уншдаг байсан. Сүүлд хамаатных нь дүү н.Пүрэвжавтай арван жилийн нэг найзууд болж, Б.Явуухулан гуайг их ойроос хардаг байлаа. Намайг Монголын радиогийн уран зохиолын редакцийн албаны дарга байхад манай редакциар их орж ирдэг. Миний шавь Г.Мэнд-Ооёо бол түүний шавь. Ноднин би төрсөн нутагт нь очиж, Завхан аймгийн Алдархаан сумын Тасархайн ам хэмээх бууцан дээр нь очсон тухай МЗЭ-ийн шагналт судлаач,сэтгүүлч Д.Мягмарсүрэн ярилаа.
XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулан нь 1982 оны өвөл 53 насандаа таалал төгсөж, монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Түүний Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн байдаг.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ