С.Эрдэнэболд: Эрх баригчид шударга ёстой алагчлан тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэболд: Эрх баригчид шударга ёстой алагчлан тэмцэж байна

С.Эрдэнэболд: Эрх баригчид шударга ёстой алагчлан тэмцэж байна

Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.3.15/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс сүүлийн үед үүсээд байгаа цаг үеийн асуудал болох Эрдэнэтийн 49 хувийн асуудал, 60 тэрбум, ЖДҮ, ШХАБ-тай холбоотой асуудлуудын талаар байр сууриа илэрхийлсэн.

АН 2016 ОНЫ СОНГУУЛИАС ХОЙШ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Ардчилсан залуучуудын холбооны  ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Ардчилсан намын залуус юу хийж байна вэ”, “Нийгэмд тулгамдаа буй асуудалд ямар байр суурьтай байна вэ” гэж асууж байна. Тиймээс таван зүйл дээр өөрсдийн байр суурийг илэрхийлье. 2016 оны сонгуулиар АН маш том даалгавар авсан. Тэр нь шинэчлэл байсан. Бид шинэчлэлийг таван зарчмаар харсан. Ингээд үзэл баримтлал, үндсэн дүрэм, хүний нөөцийг ил тод болгох, санхүүгээ мөн ил тод болгох, оролцоонд тулгуурлаан шийдвэр гаргадаг бодлогын нам болох гэсэн таван зорилт гаргасан.

АН-ын үйл явц 2016 оноос хойш шинэчлэлээр дүүрэн байлаа. Хамгийн эхэнд намын даргын сонгууль орон даяар өрнөсөн. Үүнд таван хүн нэр дэвшсэн. Дараа нь Монгол Улсын ерөнхийлөгчид зургаан хүн нэр дэвшсэн. Үүний дараа Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ нь шинэчлэлийн эхлэл байсан. Энэ бүхэнд залуус маш идэвхтэй оролцсон. Үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 50 хувь нь 39-өөс доош насны залуус байна. Мөн 2018 арванхоёрдугаар сард намын их хурлаа зохион байгуулж, Намын үзэл баримтлалыг 1000 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Ингэснээр АН-ын үзэл баримтлал 2019 оны нэгдүгээр сард дээд шүүхээр батлагдсан.

Нийгэмд үүсээд байгаа бүх хямрал нь үзэл баримтлалаа баримталдаггүй байснаас эхтэй. АН-ын дотоод тэмцэл ч мөн үүнтэй холбоотой. Тиймээс бид үзэл баримтлал дээр түлхүү ажилласан.

ЖДҮ-ЧИН ГИШҮҮДИЙНХЭЭ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛ

Бидний нэрлэж заншсанаар 60 тэрбумын асуудал 2016 оны үед эхэлсэн. Харин 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох үед орон нутгаар явах үед 60 тэрбумыг эвлүүлэг гэсэн мэдээлэл хэвлэлээр явсан. Манай намынхан 60 тэрбумын эсрэг байр суурьтай байсан. Энэ үед миний бие МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг 60 тэрбумын асуудлаар халз мэтгэлцээнд урьсан.

ЖДҮДС-гын 130-аад тэрбум төгрөгийн 120 тэрбумыг МАН-ын дарга нар өөр дотнын хүмүүстээ авч өгсөн. Мэдээлэлд ойр байгаа, бодлого боловсруулдаг хүмүүс нь жирийн иргэдийн авч чадахгүй байгаа зээлийг өөрсдийн нөлөөллөөр авсныг бид эрс буруушаасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэлэхэд, шударга ёсны төлөө тэмцэж байгаа юм бол ЖДҮчин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж, шалгуулаач гэдгийг сөрөг хүчний залуучуудын байгууллагын хувьд албан  ёсоор  шаардаж байна.

СТАНДАРТ БАНКИНД САР БҮР 100 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ХҮҮ ТӨЛЖ БАЙНА

Түүнчлэн Эрдэнэтийн 51 хувийг буюу ард түмний хувийг Стандарт банкинд тавьснаас болж бид 100 орчим сая төгрөгийн хүү төлж байна.   Сард нэг сая гаруй ам.долларын хүү төлж байгаа. Эрх баригчид яагаад шударга ёстой алагчлан тэмцээд байгаа юм бэ. Эрдэнэтийн 51 хувийг яагаад 49 хувьтай цуг гаргаж тавихгүй байгаа юм бэ.

ЭРДЭНЭТИЙН АСУУДАЛД НАМЫН ГИШҮҮДЭЭ ӨМГӨӨЛӨХГҮЙ

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал сүүлийн үед дуулиан болж байна. Монголын төр давуу эрхээсээ яагаад татгалзсаныг шалгах ёстой. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан, УИХ, АН-ын дарга байсан З.Энхболд саяхан мэдэгдэлдээ “Энэ асуудлыг тухайн үед мэдээгүй” гэж хэлж байна. Энэ үнэ үү. Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн оролцолгүйгээр, төр давуу эрхээс татгалзсан юм бэ. Тиймээс хуулийн дагуу уг асуудлыг шалгах ёстой. Энэ асуудалд намын гишүүдээ өмгөөлж хамгаалахгүй.

ШХАБ-ЫН АЖИГЛАГЧ СТАТУСЫГ АХИУЛНА ГЭДЭГ НЬ ГИШҮҮН БОЛГО ГЭСЭН ҮГ ҮҮ?

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) Монгол Улс элсэх үү, үгүй юу гэдэг асуудал их гарч байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч тус уулзалтад ажиглагчаар оролцохдоо  Монгол Улс гишүүнчлэлийнхээ статусыг ахиулна гэсэн. Ажиглагч дөрөв, гишүүн найман орон бий. Ажиглагчийн статусаа ахиулна гэсэн нь гишүүн болно гэсэн үг үү.  Гадаад харилцааны сайд тэргүүтэй нөлөө бүхий 12 хүн ШХАБ-д элсэх нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Улсын гадаад бодлоготой асуудалд гудамжны үг хэллэг ашиглаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж