"Хар тамхи зөөвөрлөгчдийн 80 хувь нь санамсаргүй тохиолдол"

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

"Хар тамхи зөөвөрлөгчдийн 80 хувь нь санамсаргүй тохиолдол"

"Хар тамхи зөөвөрлөгчдийн 80 хувь нь санамсаргүй тохиолдол"

Гаалийн ерөнхий газраас хил дээр гарсан зөрчил, үйлдэгдсэн хэргийн талаар өнөөдөр /2019.03.15/ мэдээлэл хийлээ. Тус газраас  иргэдийг гадаадад зорчих болон эх орондоо ирэхдээ бусдын дайвар ачаа тээшийг авч явахгүй байхыг сануулж байна. Тодруулбал, өнгөрсөн оны зургаан сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөж, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй 15 тохиолдол илэрчээ. Хэрэгт холбогдогчид нь бүгд Монгол Улсын иргэд байсан ба гадаад улсад богино хугацааны буюу аялал, сургалтад суух, уулзалтад оролцох зорилготой байсан аж.  Ийм тохиолдолд хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэгч нь шууд гэмт хэрэгт холбогддог, энэ төрлийн зөрчил түгээмэл байгааг сэрэмжлүүллээ.  Түүнчлэн гаалиар импорт, экспорт хийж байгаа аж ахуй нэгж байгууллагууд татвараас зайлсхийх зөрчил их гардаг тул хуулийн хүрээнд татвараа төлөх үүрэгтэйг сануулав.

                   БНАСАУ-ЫН ИРГЭН ХУУЛЬ БУСААР ДАРХЛАА ДЭМЖИХ ТАРИА  ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Он гарснаас хойш хоёр сарын байдлаар гадаад болон дотоодын иргэд хилээр хууль бус бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсан тохиолдол  325 бүртгэгджээ. Энэ нь сард дунджаар 150-180 зөрчил илэрдэг гэсэн үг. Эдгээрийн 15 нь гэмт хэргийн шинжтэй байсан бол бусад нь санамсаргүй тохиолдол аж. Хамгийн сүүлд энэ сарын 11-нд БНАСАУ-аас Монгол Улсын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3,200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэхүү бараа нь 70 кг жинтэй, үзэгдэх байдлаасаа энгийн байсан ч нарийвчилсан шалгалтаар 400 хайрцаг 3200 ампул тариа байжээ.

Хэдийгээр энэ нь дархлааг дэмжих зорилготой, Монгол Улсад эмийн бүртгэлтэй ч мэргэжлийн хяналт, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй, шинжилгээнд хамрагдаагүй, хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ.  Үүнтэй ижил хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард БНАСАУ-ын иргэн Ким нь өндөр үйлчлэл бүхий 4800 ампул тариа хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Өнгөрсөн оны байдлаар нийт 140 гаруй нэр төрлийн эм, эмийн зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан аж. Үүний зарим нь Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй бол зарим нь бүртгэлтэй боловч шинжилгээнд хамрагдаагүй байдаг аж. Эдгээрийн дийлэнх нь дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байжээ. Хууль бус ийм бүтээгдэхүүн нь дархлаа дэмжихээс илүү эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй бөгөөд сүүлийн үед энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байна.

                             ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЗӨӨВӨРЛӨГЧДИЙН АРГА НАРИЙСЧЭЭ

Энэ оны эхний хоёр сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой таван гэмт хэргийн зөрчил  Гаалийн ерөнхий газарт бүртгэгджээ. Монгол Улсын иргэн О, Б, А нар болон Нигер улсын иргэн А нь Зүүн Өмнөд Ази болон Европын орнуудаас хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан бөгөөд хэргийг хуулийн байгууллага шалгаж буй.

Хар тамхи, мансууруулах бодисын тухайд лабораторийн аргаар боловсруулсан илүү хортой болон байгалийн гаралтай хар тамхи болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх арга нь нарийсч, хэлбэр дүрсийг нь өөрчилж, урьдаас төлөвлөгдөх болсон аж. Энэ төрлийн гэмт хэрэгт залуусыг багахан хэмжээний мөнгөөр хуурч хамтрагчаа болгох, улмаар гэмт хэрэгтэн болгох аюултайг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

Гаалийн ерөнхий газраас сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гааль дээр хураасан хар тамхийг хадгалдаг уу. Учир нь гэмт хэрэгт хураан авсан хар тамхийг цагдаагийн байгууллагын ажилтан борлуулж байсан хэрэг гарсан шүү дээ?

-Гаалийн ерөнхий газраас илрүүлсэн хар тамхи, мансууруулах бодисыг хадгалдаггүй. Гаалийн байгууллагын харьяа итгэмжлэгдсэн лабораториор мансууруулах бодисын төрлийг нь тодорхойлсны дараа битүүмжилж  прокурорын байгууллагад хүргүүлдэг. Шүүх, прокурорын байгууллага битүүмжлэгдсэн хар тамхийг нотлох баримт болгон ашигладаг. Өөрөөр хэлбэл, төрийн хяналтын байгууллагад хатуу хяналттай байдаг. Дараа нь ул мөргүй устгалд оруулдаг.

-ОХУ болон БНХАУ улс хил гаалийн хяналт, тоног төхөөрөмж хэр өндөр түвшинд байдаг вэ. Монгол Улсын тухайд хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлдэг тоног төхөөрөмж ямар түвшинд байна?

-Хөрш орнуудын тухайд хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх тоног төхөөрөмж болон, үнэрч нохой, боловсон хүчин нь маш өндөр түвшинд бэлтгэгдсэн. Монгол Улсад энэ чиглэлээр тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах шаардлагатай. Гэмт хэрэгтнүүдийн арга нь улам нарийсч байгаа учраас боловсон хүчний мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 2019 оны Гаалийн байгууллагын шинэчлэлтээр 14 хилийн боомтод нэмэлт лаборатори байгуулж, шуурхай мэдээллийн төв байгуулахаар төлөвлөсөн.  Манай улсыг хар тамхи, мансууруулах бодисын маш том хэрэглэгч, дамжин өнгөрүүлэх том цэг болох магадлалтайг дэлхийн улс орнууд анхааруулсан. Ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бид бүх талаас нь анхаарч ажиллаж байна.

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 54 тонн химийн хорт бодис байна. Үүнийг агуулах байр хангалтгүй байгааг Хүний эрхийн үндэсний  комиссоос мэдээлсэн?

-Бид бүхэн ХҮЭК-оос өгсөн мэдээллийг харсан. Монгол улсад хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон нэвтрүүлэх зөвшөөрөлтэй химийн хорт бодисууд бий.  Эдгээрийн аль нь ч байсан химийн хорт бодисуудыг Улаанбаатарт хадгалах нь хориотой. Хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй гэж үздэг тул нийслэлээс баруун тийш бага хэмжээний агуулахад химийн хорт бодисын байрлуулдаг. Агуулахын хяналтыг сайжруулах, тусгайлан ангилж хадгалах, камержуулах шаардлагатай. Гаалийн ерөнхий газарт химийн хорт бодисыг тусгайлан ангилах агуулах байр хангалтгүй байгаа нь үнэн, хүлээн зөвшөөрч байна.  Энэ асуудлыг 2019 оны Гаалийн байгууллагын шинэчлэлтийн асуудлыг ярьж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж