“Цагаан суваргын ордод төрийн эзэмшил байхгүй”

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

“Цагаан суваргын ордод төрийн эзэмшил байхгүй”

Posted by News.mn on Thursday, March 14, 2019

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод, нээлттэй уул уурхай" хэвлэлийн хурлыг өнөөдөр /2019.03.15/ зохион байгуулав. Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 7-нд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна гэж хэлсэн. Энэ нь хэр боломжтой вэ?

УУХҮ-н сайд Д.СУМЪЯАБАЗАР: Монгол Улс өнгөрсөн 28 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо  нийт 17 мянган тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүний Монгол Улсын хэмжээнд ашигт  малтмалын  хайгуул, ашиглалтын  3022  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.Үлдсэн 14 мянган  хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь буцаагдсан байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.ХЭРЛЭН: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд  400 гаруй ордын тусгай зөвшөөрлийг цуцлах, улс авах асуудал байхгүй. Компаниуд хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна. З.Энхболд дарга ямар үндэслэлээр ингэж ярьсныг өөрөөс нь асуух хэрэгтэй болов уу. Хуулийн хүрээнд ийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

-УУХҮ-н сайд Д.СУМЪЯАБАЗАР:  Монгол Улс 1960-аад оны дүнд үеэс 1980 оныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс байсан. Энэ үед бүх хайгуул хийх  мөнгийг улсын төсвөөр гүйцэтгэсэн байдаг.  1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Үүнээс хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг замбараагүй олгох болсон юм. Би сайд болоод иймэрхүү замбараагүй ажлуудыг эмхлэх гэсээр цаг хугацааг зарцуулж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд чөлөөтэй хэн хамгийн түрүүнд өргөдлөө өгсөнд нь олгодог болсон ийм л тогтолцоо руу орсон. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайд өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн ААН байхыг үгүйсгэхгүй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд  бид хуулийн зөвлөхүүдтэй хамтран зөв шийдэл гаргах ёстой.. Түүнээс бүх тусгай зөвшөөрлийг хураана, цагдан хорино гэдэг асуудал байж болохгүй. Одоогийн хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.4.5-д энэ талаар маш тодорхой зааж өгсөн. Бид хуулийн л хүрээнд ажиллах ёстой.ААН-үүдтэй уулзаж ярилцах шаардлага бий.Тухайлбал, Ураны салбар их түвэгтэй байна. Уранаа төмөр замаар ч, агаараар тээвэрлэх боломжгүй. Маш олон газраас зөвшөөрөл авахаар болдог. Уран болон газрын ховор элементийн салбарт төр дангаараа 100 хувь анхаарч ажиллах нь зөв. Тоглоомын асуудал биш. Ашигт малтмалуудаа бид стратегийн гэж ангилах ёстой. Жил бүр энэ ангиллаа гаргадаг болгох зэрэг салбарын эрхзүйн шинэчлэлтэй холбоотой асуудалд зөв алхам үе шаттайгаар хийх ёстой. Ер нь УИХ, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын бүрэн эрхэд хүртэл уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон эрх олгосон. Энэ нь олон бүрэн эрх цаашаагаа задарчихсан. Өнөөдөр уул уурхайн салбар сахилга батгүй байгаагийн үндсэн шалтгаан нь үүнтэй шууд холбоотой. Бүрэн эрх нь зөвхөн УИХ , Засгийн газарт л байх ёстой. Орон нутгийн бүрэн эрх, сумын бүрэн эрх гэж байж болохгүй. Үндсэн хуульд энэ талаар маш тодорхой заасан. Бид хэн нэгнийг буруутгахаасаа өмнө эхлээд системээ зөв харах нь чухал.

 -Цагаан суваргын ордод төрөөс ямар арга хэмжээ авах вэ?

Х.Хэрлэн: 2014 онд УИХ-ын тогтоолоор Цагаан суваргын ордод төрийн эзэмшил 0 байхаар тогтоосон байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үүрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг журам бий. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил гараагүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулууд бүгд төлбөрөө  хуваарийн дагуу төлөөд явж байна.

-“Эко Алтан Заамар” компанид дөрвөн хүн амиа алдсан энэ асуудалд яамны зүгээс тус компанийн тусгай зөвшөөрөлд   хариуцлага тооцох уу?

-УУХҮ-ийн сайд: Энэ явдалд би маш их эмгэнэж, эмзэглэж байна. “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт эздийн гайгаар өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрдэж байна.Зөвхөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ юм. Яамны зүгээс тусгай зөвшөөрлийг нь цуцална. МХЕГ-аас бидэнд удахгүй ослын дүгнэлтээ танилцуулах байх. Осол болохоос нэг өдрийн өмнө Байгаль орчны яам энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал оруулж байсан. Харамсалтай нь маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. Нийт дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байгаа юм.

-Энэ онд манай гол түүхий эдийн үнэ ханш ямар байх вэ?

-Нүүрсний зах зээл энэ онд их боломжийн байна. Үнэ уруудахгүй, харин ч өснө гэж мэргэжлийн байгууллагуудын шинжээчд дүгнэсэн. Алтны хувьд манай улсын хуульд алтны ордуудыг стратегийн ордод хамааруулдаггүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Уран, газрын тосны салбарт төрөөс  тусгай бодлого боловсруулна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49  хувийг худалдаж авсан асуудал нэлээд маргаан дагуулж байна. Энэ асуудалд салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн тухайд Засгийн газар, УИХ Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан.  Засгийн газар хуулийнхаа хүрээнд арга хэмжээг авч байгаа. 49 хувийг худалдан авсан талынхныг шалгасны дараа Засгийн газар хэлцлийн ширээний ард сууна байх гэж бодож байна.  Би ажлын хэсэгт багтаагүй. Л.Оюун-Эрдэнэ сайд ажлын хэсгийг ахалсан. Гарц нь хэлцэл хийх.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Энэ хуулийн төслийг  зөвхөн алтны татвартай холбоотой гэж ойлгож болохгүй. Хууль бус ашигт малтмал олборлолт, бичил уурхай зэрэг хэд хэдэн асуудал орж байгаа. Алтны татварыг 2.5 болгох нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж