Бүтэн нэг жилийн турш үзэгчдийн дунд өндөр хүлээлтийг үүсгэж байсан “Гурван найз”-ын адал явдал маргаашнаас үргэлжлэх гэж байна. Энэ бол “Кистоун” филмьс, “Эмоци” продакшны бүтээл “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны кино юм.
Хар багаасаа найзалж, хэн хэнийхээ төлөө гэж ирсэн ухаалаг Төгөлдөр, бүтэлгүй Санчир, хүүхэмсэг Цэрэндалай гурав энэ удаад нөхөрлөлийнхөө 22 жилийн ойг дурсамжтай, бас сургамжтай өнгөрүүлэх юм байна. Энэхүү уран сайхны кинонд манай гол дүрийн гурав дээр жүжигчин Б.Баатархүүгийн бүтээсэн “Баян” Барсаа болон А.Туяагийн бүтээсэн найз бүсгүйн дүр нэмэгдэж байгаа юм.
Киноны нээлтийн үйл ажиллагаа маргааш 16:30 цагаас “Тэнгис” кино театрт, 20:00 цагаас “Өргөө-1” кино театрт болох юм байна. “Гурван найз”-ыг шимтэн үздэг үзэгчдэд барих ковер тоглолт, бөмбөрийн үзүүлбэр, чопперчдын сүрлэг цуваа, киноны дууг амилуулсан уран бүтээлчдийн тоглолт, гэрлийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ нээлтийн үеэр болох юм байна.
“Боловсрол суваг” телевизээр гарсан “Гурван найз” цуврал киноны дууг “A-Sound” хамтлаг, дуучин Батмөнх нар дуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн уран сайхны кинонд зориулан гурван ч дуу шинээр бүтээгээд байгаа бөгөөд киноны эхний “Үүрд хамт” дууг “Бид 4” хамталгийнхан дуулж, үзэгч, сонсогчдын хүртээл болгоод байгаа юм. Харин дуучин Цэцэ, Цэлмүүн болон “Люмино” хамтлагийн цоо шинэ уран бүтээлийг “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны нээлтийн ёслолын үеэр анх удаа сонсох нь ээ.
Улаан хивсний ёслолд гол дүрийн жүжигчид болох О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар болон жүжигчин Б.Баатархүү, Ш.Алтанцэцэг, Г.Нарансолонго, Л.Дэмидбаатар, Б.Ариунцэцэг, Б.Баярмаа зэрэг жүжигчдийн баг бүтэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.
Өмнө нь олон ангит кинонд тамирчин, дуучин, сэтгүүлч, жүжигчин зэрэг олон төрлийн мэргэжлийн хүмүүс дүр бүтээж байсан билээ. Тэгвэл энэхүү уран сайхны кинонд ч мөн тэрхүү жишгээ дагаж “X-Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр буюу Ганбаа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан, Э.Алдар нар оролцон тогложээ.
Чадварлаг уран бүтээлчдийн бүтээсэн дүрүүд, хөгжилтэй, хөгтэй адал явдал үзэгчдэд инээд хөөр бэлэглэхийн зэрэгцээ нөхөрлөлийн үнэ цэнэ, мөн чанарыг харуулна гэдгийг уран бүтээлчид онцолж байгаа юм.
Одоогоос 145 жилийн өмнөх 4-р сарын 22-ны өдөр төрсөн Ленин үзэл номлолоороо дэлхийг байлдан дагуулж байсан бол энэ удаад 4-р сарын 22-ны өдөр нээлтээ хийх “Гурван найз: Яасан байх нь уу?” УСК монголын үзэгчдийг байлдан дагуулах нь ээ.
Хүүхнүүд хөл алдан гүйдэг сайхан төрсөн Төгөлдөр, охид бүсгүйчүүдийн араас гүйх овжин сэргэлэн Цэрэндалай, үргэлж л бүтэлгүйтэх үнэнч сэтгэлт Санчир нарын цоо шинэ адал явдлыг маргаашнаас “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”, “Хүннү”-гийн дэлгэцээр үзээрэй.