Оюутолгойн үйлдвэрлэл хоёрдугаар хагаст нэмэгдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Оюутолгойн үйлдвэрлэл хоёрдугаар хагаст нэмэгдэнэ гэв

“Оюу толгой” ХХК 2015 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Ил уурхайн олборлолтын үе дараалал, баяжуулах үйлдвэрт боловсруулж буй хүдрийн агуулга, төлөвлөгөөт засвар үйлчилгээний түр зогсолт зэргээс шалтгаалж 2015 оны 1 дүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өнгөрөгч оны 4 дүгээр улирлынхтай харьцуулахад 30 гаруй хувиар буурсан байна. Үйлдвэрийн түр зогсолтыг товлосон хугацаандаа багтаж, ямар нэг бэртэл гэмтэлгүй гүйцэтгэсэн. Цагаан сарын баяртай холбогдуулан хил гаалийн үйл ажиллагаа уртасгасан хугацаагаар зогссон хэдий ч 1 дүгээр улирлын баяжмалын борлуулалт нь үйлдвэрлэлийн хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарлаа.

“Оюу толгой” компани 2015 оны 1 дүгээр улиралд 66.4 сая ам.долларын татвар, төлбөр төлж, 78.3 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулсан бөгөөд үүний 14.1 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалд тохирсон тогтвортой үйлдвэрлэл явуулах үүднээс бид үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд үр ашгийг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Уурхайн олборлолтын үе дараалал, төлөвлөгөөт засвар үйлчилгээ, зарим нэг гадаад хүчин зүйлийг эс тооцвол нэгдүгээр улиралд бид осол аюулгүй ажиллаж, уурхайн болон үйлдвэрлэлийн бүтээмжээ дээшлүүлж чадлаа. Уг амжилтаа энэ онд улам бататгаж, илүү өндөр бүтээмжтэй ажиллах болно” гэлээ.

Хүдэр тээвэрлэх замыг оновчтой зохион байгуулах зэрэг ил уурхайд авч хэрэгжүүлсэн бүтээмжийг дээшлүүлэх санаачилгын үр дүнд оны эхний улиралд олборлосон хүдрийн хэмжээ өнгөрсөн улирлынхаас 16 орчим хувиар өндөр гарсан юм. Мөн энэ улиралд боловсруулсан хүдрийн агуулга нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад бага үзүүлэлттэй байлаа.

Энэ онд Оюутолгойн үйлдвэрлэлийн хэмжээ 2014 оныхтой ойролцоо байх төлөвтэйг албаныхан онцолж байна. Харин энэ оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэхээр байна. “Оюу толгой”-н үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар оны эцэс гэхэд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа ажээ.

Д.ЦЭЭНЭ

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ – 2015 он
Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж