Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ ОХУ-ын Москва хотын үзэсгэлэнгийн төв цогцолбор “Экспоцентр”-т 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр болов.
Дэлхийн 55 улс орон, ОХУ-ын 50 гаруй бүс нутгийн 1800 гаруй байгууллага, аж ахуйн нэгж аялал, жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж буй Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон тус Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцов.
Дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх таван үзэсгэлэнгийн нэгд зүй ёсоор тооцогддог, ОХУ-д зохион байгуулагддаг хамгийн том энэхүү олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам өндөр ач холбогдол өгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Аялал жуулчлалын Нью жуулчин зэрэг компаниудыг нислэгийн чиглэл, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнээ уг арга хэмжээний талбарт анх удаа дэлгэрэнгүй сурталчлах нөхцөл боломжийг олгох чиглэлээр ОХУ дахь Элчин сайдын яамнаас бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэв.
Арга хэмжээний үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүд болон Оросын Засгийн газрын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай, тухайлбал Төрийн Думын гишүүн Е.Г.Драпеко, Москва хотын аялал жуулчлалын хорооны орлогч дарга Т.М.Шаршавицкая нарын хүмүүстэй ажил хэргийн яриа өрнүүлж, харилцан сонирхсон асуудлаар ярилцав.
Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсаас тус үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцож байгаа компаниудын талбайд зочилж тэдний санал болгож буй аялал, жуулчлалын үйлчилгээтэй танилцав. Монголын компаниудын сурталчилгааг гадаадын аялал жуулчлалын компаниудын төлөөлөл болон оросын иргэд ихэд сонирхож, хамтран ажиллах, жуулчлан айлчлах саналтай байгаагаа илэрхийлж байлаа.
Энэ үеэр Москва хотноо суралцаж буй оюутнууд уртын дуу, монгол ардын бүжиг, морин хуурын гоцлол үзүүлбэрийг тоглож байсан нь олны таашаалыг ихэд хүлээж байв.
Олон улсын аялал жуулчлалын 26 дугаар “МИТТ” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа гурван өдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ