Төрийн алба хашиж байсан дуулиант эрхмүүдэд холбогдох хэргүүд өнөөг хүртэл шийдэгдэхгүй хэвээр байна. Тэр дундаа “Бандааш” хочит Д.Гантулга, “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргүүд улс төрийн бужигнааны хажуугаар чимээгүйхэн прокурорт буцсан билээ. Бид энэ удаад шүүхийн хэлэлцүүлгээс прокурорын шатанд буцаагдсан хэргүүдийг тоймлон хүргэж байна.
Д.ГАНТУЛГЫН ХЭРЭГ ТОДОРХОЙГҮЙ ШАЛТГААНААР ХОЙШЛОГДСООР БАЙНА
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч оны есдүгээр сард болсон юм. Шүүх хурал өмнө нь хоёр ч удаа товлогдож хойшлогдсон байдаг.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж байгаа юм. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсвэл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсвэл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл багтдаг аж.
Дээрх хэргийг үйлдсэн нь тогтоогдвол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.
Тэгвэл тун саяхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хохирогчийн төрсөн эгч Ч.Саранзаяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан дээрх хэргийг хурдан шийдвэрлэж, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүссэн юм.
Ш.БАТХҮҮ, Г.АЛТАН НАРЫГ ТӨРИЙН БАНКИЙГ ЗАЛИЛСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
Эрдэнэт үйлдвэр, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой дуулианы хажуугаар “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүхийн хэлэлцүүлэг болж чимээгүйхэн прокурорт буцлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 20.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.
Эх сурвалжаас тодруулсан мэдээллээр хэргийг нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүгч дүгнэсэн аж.
Уг нь прокуророос “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэргээр "Жаст" группийн захирал Ш.Батхүүг мөн үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат, “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байсан юм. Уг хэргийг нэхэн сануулбал, 2009 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн байдаг. Харин тухайн үеийн “Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг Ш.Батхүүд баталгаа гарган өгсөн юм.
Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон байдаг. Үүнээс гадна Ш.Батхүүг “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэж үзжээ. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төрийн банк, Г.Алтангийн хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болж, Төрийн банк шүүхэд ялагдаж Э.Сүрэнд 51.5 тэрбум төгрөг төлөх шийдвэр гарсан байдаг.
Өөрөөр хэлбэл энэ бүх асуудлыг нотлоход прокурорын ирүүлсэн баримтыг шүүх дутуу байна гэж үзэн прокурорт хэргийг буцаасан нь энэ юм.
Э.БАТ-ҮҮЛ НАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАХААР БОЛОВ
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг өнгөрөгч хоёрдугаар сард шүүхийн танхимаас прокурорт буцаан шийдвэрлэсэн. Уг нь Э.Бат-Үүлийг прокурорын газраас Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хүү Б.Чулуудайн компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэн шалгах болсон билээ. Тэгвэл түүнтэй хамт шалгагдаж буй нэр бүхий хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан.
Ингэхдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл нар нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан юм. Одоогоор хэргийн нэмэлт мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан билээ.
Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯР НАРЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр, иргэн Р.Онон нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч сард болсон билээ. Шүүхээс Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийг нэхэн сануулбал, эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм. Дээрх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ