Агуу Шекспир Монголд дахин заларлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Агуу Шекспир Монголд дахин заларлаа

Английн их яруу найрагч,жүжгийн зохиолч Шекспир Уильямын алдарт “Сонетүүд” монгол хэлээр хөрвүүлэгдэн ном болж уншигчдын гарт очлоо. Их зохиолчийн жүжгүүдийг  Монголын театрын алтан тайзнаа өнгөрсөн зууны дунд үеэс тавьж ирснийг олон хүн мэднэ. Мөн түүний сонетүүдийг орчуулан нийтийн хүртээл болгож байлаа. Гэхдээ энэ удаа Шекспирийн 154 сонетийг анх удаа бүрэн эхээр нь англи хэлнээс орчуулсныг нэгэн боть болгон хэвлэжээ. Сонетүүд нь бүгдээрээ хайр дурлалын гэрэл сүүдрийн тухай өгүүлэх боловч хүний амьдралын утга учир, нүгэл буяны тухай зохиолчийн үзэл санааг давхар өгүүлсэн байна. Хайр дурлалыг залуу халуун насны зугаа цэнгэл төдийд бодолгүй амин насныхаа гэрэл гэгээ болгон дээдэлж явахыг залуу хүмүүст сургамжлан уриалсан байдаг нь сонетүүдийн бас нэг онцлог юм. Хэлбичгийн ухааны доктор, яруу найрагч Б.Магсаржав дуун хөрвүүлжээ.

Орчуулагч бээр номынхоо өмнөтгөлд ““Сонетүүд”-ийн суу билиг нь хайр дурлалын дуулал болсонд оршино гэвэл учир дутагдалтай.Хүмүүний амьдралын утга учрыг гүнээ сэтгэн,олон талаас нь үзэж,өөрийн үеийнхнээс илүү холыг харж, амьдралын үнэт зүйлсийг цаг зуурын гялгар цалгар,хуурамч юмсаас ялган салгаж,нэгэн цогц номлолыг дэвшүүлэн тавьсан учир 450 жилийн салхи шуургыг туулан цуулан, зэрэгцэн гарсан найрагчдыг хол хаяад,хожим төрсөн найрагчдыг гүйцэн түрүүлж дэлхийн найргийн их наадмын магнайдаа тоосгүй ажнай болон тодорчээ…” хэмээн бичсэн байна.  Харин энэхүү уран сайхны орчуулгын номын анхны уншигч, СГЗ, зохиолч, орчуулагч Л.Дашням “ “Шекспирийн сонетуудыг орчуулъя хэмээн зориглон барина гэдэг тийм ч жижигхэн зүрх биш. Б.Магсаржав өөрөө яруу найрагч, хэл шинжлэлийн хүн болохор Шекспирийн шүлгүүдийг орчуулахын тулд эхлээд судлаж, орос хэлний олон олон орчуулгыг харьцуулан үзэж, суут бүтээлчийн эх оронд морилон очиж тэнд монголоор ярих уу, эсвэл аугаа их Шекспирийг Монгол нутагтаа залан ирүүлж, өөрийг нь монголоор яриулах уу гэдгээ шийдсэн хойноо орчуулгынхаа ажилдаа шамдан орсон нь юуны өмнө анзаарагдаж байна.” хэмээжээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж