Монголын чөлөөт бөхийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг бол яах аргагүй шилэгдмэл шүүгч, ардын багш А.Басхүү билээ. Монголд төдийгүй дэлхийд танигдсан түүний хөдөлмөр, зүтгэлийг дэлхий хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс өнгөрсөн оны едсүгээр сард дэлхийн бөхийн нэгдлийн “Алдрын танхим”-д түүний нэрийг мөнхөлсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл А.Басхүү энэхүү нэр хүндтэй шагналаа аваагүй байсан юм. Зургаан сар гаруй хугацаанд АНУ, Такшент, АНУ гэж явсаар саяхан Лас Вегаст болсон эрэгтэй чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээний үеэр Монголын баг тамирчдад гардуулан өгсөн байна. Харин уг шагналыг нь уржигдар ардын багш, олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүүд албан ёсоор гардуулжээ. Ингэснээр тэрээр ФИЛА-гийн “Алдрын танхим”-д заларсан анхны монгол зүтгэлтэн болж байгаа юм.
А.Басхүү “30 жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна. Энэ хугацаанд би сайн, муу бүхий л зүйлтэй учирч явлаа. Зөвхөн мимний төдийгүй Монголын чөлөөт бөхийнхний хувьд энэ бол том шагнал. Биднийг үнэлж буй хэрэг юм. Батламж маань миний гар дээр иртлээ багагүй бэрхшээлтэй тулгарч зургаан сарын дараа албан ёсоор авсандаа сэтгэл баярлаж байна. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бөхийг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэндээ би баярлаж явдаг юм. Одоо ч гэсэн үлдсэн амьдралаа чөлөөт бөхийн спортод зориулахад бэлэн” хэмээн ярив. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөс эхлээд бүхий л шатны ажлыг хийснээс гадна Монголоос төрөн гарсан анхны олимпийн зэрэглэлийн шүүгч билээ.
Б.ЗУЛ