УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүд уг төслийг хэлэлцэхийг дэмжиж байв. Гэвч эрхэм гишүүн Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ нар Авлигын эсрэг хөтөлбөрийн эсрэг “хатуу байр суурьтай” зогсоцгоов. Тэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, улсын хэмжээний бодлогыг АТГ-ын хөтөлбөр хэмээн андуурсан бололтой.
Тэгж байтал үдийн цайны завсарлагын цаг ч болж, хөтөлбөрийг дэмжиж байсан гишүүд уван цуван гарцгаасны дараа санал хураалт явуулав. Ирц дутуугийн хажуугаар мордохын хазгай гэгчээр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат зөвшөөрсөн санал өгөх гээд татгалзсан саналд тоолуулж орхив. Ингээд ганц саналын дутуугаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл байнгын хорооны босго давалгүй бүдэрлээ.
Хуралд ирэхдээ хойргошдог атлаа цайны цагаа яс мөрддөг, дэмжиж байсан асуудал дээрээ эсрэг санал өгдөг, хэлэлцэж байгаа асуудлынхаа утга агуулгыг ойлгодоггүй гээд эрхэм гишүүдийн паян дуусахгүй бололтойдог шүү.
Г.ХОРОЛ