Худалдааны тухай хуулийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Худалдааны тухай хуулийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Худалдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар дэмжин хэлэлцэхээр боллоо. Ингэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төслийн гишүүдийн 76.9 хувь, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар тус тус дэмжив.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авахаас гадна дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ ч гадаадаас импортолж байгаа. Энэ нөхцөлд үндэсний бараа бүтээгдэхүүнийг хамгаалах шаардлага тавигдаж буй аж. Нөгөө талдаа гадаадаас орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг олон улсын төвшинд хүргэх, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахад шинэ зохицуулалт шаардаж байгаа тул энэ бүхнийг Худалдааны тухай хуульд тодорхойлж өгчээ. Тухайлбал, худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзвэл, Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Сүүлийн 20-иод жилд хүнсний барааг импортлох, экспортлохдоо худалдааны ямар нэг хэм хэмжээг баримтлахгүй, “ганзага” хэлбэрээр нийлүүлж иржээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга импортын бараанд квот тавих боломж байна уу, энэ хуульд ямар зохицуулалт тусав гэдгийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Г.Батхүү логистикийн асуудал ямар хэлбэрээр тусгалаа олсныг лавласан юм.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын тайлбараар бол импортын бараанд квот тогтооно гэхээс илүүтэй эхлээд импортоор авдаг бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох. Ингэхгүйгээр импортын бараанд механикаар шууд квот тогтоох нь сөрөг үр дагавар дагуулна гэж үзсэн байна. Эхний ээлжинд дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараан дээр импортын тодорхой зохицуулалт хийхээр заасан байна. Жишээ нь импортын бараа оруулж ирэх иргэн, аж ахуйн нэгж нь Гадаад худалдааны гэрээ байгуулсан байх, гарал үүслийн тодорхой гэрчилгээ зэргийг авсан байх гээд олон улсад мөрдөгддөг шаардлага тавигдаж эхлэх аж.

Харин логистикийг ерөнхий байдлаар оруулсан. Худалдаа болон үйлдвэрлэл, хэрэглэгчийг холбосон логистикийг зөвхөн Худалдааны тухай хуулиар зохицуулах боломжгүй, энэ асуудлыг детальчилж хийх шаардлагатай гэж үзсэн гэдэг тайлбарыг сайд Д.Эрдэнэбат хийсэн юм.

Санал хэлэх шатанд гишүүд “Хуулийн төслийг батлах зайлшгүй шаардлагатай. Зохицуулалтгүй явж ирсэн олон асуудлыг олон улсын төвшинд нь харж, шийдэхийг эрмэлзсэн сайн хуулийн төсөл орж ирсэн тул дэмжиж байна” гэдгээ илэрхийлснээр дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа төслүүдийг нэгтгэх юм байна.

Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж