Сэтгэлээ сэвтүүлэх айдас

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Сэтгэлээ сэвтүүлэх айдас

"Хайрлах урлаг" номын хураангуй (2р хэсэг)

Өмнөх – "Хайрлах урлаг" номын хураангуй (1р хэсэг)

2.    Сэтгэлээ сэвтүүлэх айдас

  • Хүн ганцаар амьдрах боломжгүй

Энэ удаад Фроммын “Хайрлах урлагт” гарах хайрын онолын тухай дэлгэрэнгүй тайлбарлая.

Юун түрүүнд “Хайр гэж юу вэ?” гэдгийг тунгаахад хамгийн эхний суурь нөхцөл болох нь “Хүн ганцаар амьдрах боломжгүй” гэх факт юм. Гээд хэлбэл магад зарим нэг зожиг, эсвэл өрөөндөө бүгэж амьдрах гоонь хүмүүс “Би лав олон жил хэнтэй ч харьцалгүй амьдраад болоод л байна даг” гэлцэн үгүйсгэж мэдэх юм. Гэвч, эзгүй арал дээр цор ганцаар байгаа л биш бол, гарцаагүй эргэн тойрныхны дэмжлэг туслалцаа байгаагийн ачаар л бусадтай харилцалгүй амьдарч чадаж байх учиртай. “Ганцаарахнаа байлаа гээд надад ямар ч хүндрэл бэрхшээл алга, бүх юм хэвийн сайхан байна” гэж хэлэх хүн ч гэсэн дэлгүүрээс юм авч, гуанзанд хоол идэх тоолондоо бусдын тусламж дэмжлэгийг хүртэж явдаг. Хүн гэдэг ганцаараа амьдарч чадахаар юм шиг харагдах хэрнээ, үнэндээ бол зайлшгүй бусадтай ямар нэгэн хэлбэрээр харилцаанд орж амьдарч байдаг.

Эдийн засгийн харилцааг хасаж тооцсон ч, хүнд ганцаараа амьдарч чадахгүй шалтгаан дор хаяж хоёр бий. Түүний эхнийх нь биологийн шалтгаан юм. Шавьж болон загас зэрэг доод төрөлт амьтад төрөхдөө эхтэйгээ бараг ижил төрхтэй гарч ирдэг тул, тэр дороо өөрийн хүчээр хоолоо олох чадвартай байдаг. Харин сүүн тэжээлтэнүүд тэгж төрдөггүй. Хэсэг хугацааг эх эцгийнхээ халамжинд өнгөрүүлж, тодорхой хэмжээнд өсөж торнисоны дараа биеэ дааж ирнэ.

Биологийн өнцгөөс бол, арчаагүй нярай төрдөг хүний хувьд дор хаяж 5 – 6 жил эцэг эхийн халамжийг шаардана. Сүүн тэжээлтэн дотроо ч хамгийн бие даах чадвар султай нь гэхэд болох биз. Хэний ч тус дэмжлэг авалгүй цор ганцаараа бие гүйцсэн хүн болчихсон юм шиг өөрийгөө санадаг хүмүүс сүүлийн үед олширсон мэт боловч, үнэндээ ямар ч хүн хүний дайтай бойжих явцдаа гарцаагүй бусдын халамж дэмжлэгийг хүртдэг болохыг мартаж болохгүй юм.

Хүн ганцаар амьдарч чадахгүй хоёр дахь шалтгаан бол “БИ”-тэй холбоотой. Өмнөх бүлэгт “БИ бол хүнд төрөхөөс суугдсан байдаг зүйл бус, өсөж бойжих процесс дунд бүтээж бий болгодог эд” болох тухай өгүүлсэн боловч, үнэндээ бол БИ-г хүн зөвхөн өөрийн хүчээр бий болгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, байгалийн зөнгөөр (буюу инстинктээр) цаанаасаа БИ гээч юм үүсдэг бус, БИ гэдэг бол бусдыг хуулбарлахаас хэлбэржиж эхэлдэг.

Нярай хүүхэд юун түрүүнд эхийгээ ажиглаж, эхийнхээ БИ-г өөрийн дотроо хуулбарлан бойжино. Түүний хойно өсөж торних явцдаа янз бүрийн хүмүүстэй харьцаж, олон шинэ хуулбарыг өөртөө авч ашигласаар БИ нь хэлбэржин бүрдэнэ. Үүнийг өөрөөр илэрхийлбэл, хүн гэдэг бол огтоос цоо шинэ оргинал оршихуй бус, бусдын БИ-гийн өөдсүүдийг зүүж холбосоор бүтээгддэг гэсэн үг юм.

Бусад амьтадад БИ гэж үгүй бөгөөд, хэзээд байгалийн зөнгөөрөө амьдрах чадвартай байдаг бол, хүний хувьд хувьсалын урт удаан процесс дундаа ямар нэгэн шалтгаанаар байгалийн зөн нь эвдэрчихсэн тул, БИ-тэй болох шаардлагатай болсон гэж үздэг.

Бүр мөсөн байгалийн зөнгүй болчихсон хэрэг биш, мэдээж тэр нь байгаа. Гэхдээ эвдэрчихсэн. Тиймээс “зөвхөн байгалийн зөнгөөрөө” амьдрах боломжгүй болсон хэрэг.

Байгалийн зөн нь эвдэрчихсэн гэж сонсуут “Хүнд бэлгийн дур, хоолны дур гээд бүх л байгалийн зөнгүүд байна бус уу?” гэж санагдах хүн гарч болох юм. Гэвч, хэрвээ хүний хоолны дур нь байгалийн зөнгөөрөө байсан бол хүн зөвхөн биенд сайн хүнс л идэхэд болчих учиртай байсан биз. Гэтэл өнөөгийн бид хоолыг янз бүрээр голж шилж, энд тэндэхийн чамин гоё хоолонд дурлах хүмүүс ч байна. Тэдний зорилго бол зүгээр л биенд сайн хүнс олж идэх гээд байгаа биш нь тодорхой. Мөн түүнчлэн биенд мууг нь мэдсээр байж тамхи татаж, их хэмжээгээр архи ууцгаана. Амь насанд аюултайг нь мэдсээр байж өндөр ууланд авирч азаа үзэх нь ч бий. Цаашлаад бэлгийн дур гэж ярих юм бол, бусад амьтдад байдаг орооны үе гээч юм хүн бидэнд байдаггүй.

Энэ мэтчилэнгээр, байгалийн зөн гээч юмыг амьд явахын төлөөнөө заяагдсан (суугдсан) зүйл юм гэвэл, хүний тэрхүү байгалийн зөн нь эвдэрчихсэн болох нь илт тодорхой гэж хэлж болно. Эвдэрхий байгалийн зөнгөө дагах юм бол хүний үйл хөдлөл бөөн төөрөгдөл будлианыг дагуулж, эцсийн бүлэгт шууд мөхөлд хүргэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс байгалийн зөнг орлох үйл хөдлөлийн хил хязгаар болгож, хүмүүс БИ гээчийг өөртөө бүтээдэг болсон хэрэг юм.

Ерөөс, бусдаас хуулбарлаж үүсэх БИ үгүйсэн бол бидний нийгэм өөрөө оршин байх боломж үгүй. Хүн багаж хэрэглэж, иргэншилийг бүтээн босгож чадсан нь ч бас эвдэрхий байгалийн зөнгөө БИ-гээр нөхөж ирсэний үр дүн юм.

Зөгийн үүрийг геометрийн нягт нарийн бүтэцтэй гэдэг ч юм уу, шоргоолжны нийгмийг зөв ажил үүргийн хуваарилалттай гэх зэргээр ярьдаг ч, зөгий болон шоргоолжнууд бол юу ч бодож тунгаалгүй зөвхөн байгалийн зөнгөөрөө үйлдэж буй төдий бөгөөд, тэр нь хүний бүтээн босгосон нийгмээс тэс ондоо эд. Хүний нийгэм бол, юун түрүүн бусдын оршихуй байж, түүнээс хуулбарласан БИ-гийн оршихуй байснаар сая нөхцөлдөж байдаг.

Ингэж БИ бүрэлдэн бий болох процессийг туулж, бидний өнөөгийн амьдарч буй иргэншсэн нийгэм үүссэн учиртай боловч, тэрхүү нийгэм нэгэнт бий болмогц энэ удаад эсрэгээрээ нийгэм нь хувь хүнд дарамт шахалт болж ирнэ. Хувь хүн тус бүртээ өөрийн хүсэл тачаалынхаа зоргоор амьдрая гэвэл дэг журам гээч юм алдагдах аюултай тул, биесээ харилцан тэвчих шаардлага тулгарна. Тэр хэрээр бүхий л хүмүүс их багаар дундуур сэтгэл тээхэд хүрнэ. Үүнийг нэг төрлийн тойрох боломжгүй “иргэншлийн өвчин” гэж үзсэн ч болох биз.

Сэтгэл дундуур байдал хуримтлагдаад ирэхээр, явсаар “чөлөөтэй болмоор байна” гэсэн хүсэл хүний дотор соёолж ирнэ. Гэлээ ч тэгж хүсэх төдийд амархан чөлөөтэй болчихгүй. Өөрийн харъяалагдах бүлэг хийгээд бүтцээ хадгалж барих дүрэм журам, элдэв хяналтын систем нийгэмд гүн гүнзгий суугдсан бий тул, тэдгээрийг нураагаагүй цагт чөлөөтэй болно гэж үгүй юм.

Гэсэн ч, орчин үежилтийн нөлөөгөөр тэдгээр хаалтууд бага багаар нурсаар байна. Монголд гэхэд л, хуучин цагт гэр бүл айл саахалтаараа нэгэн хүрээг үүсгэж, хүүхдүүд хот айлынхаа ажил хөдөлмөрт оролцож, харилцан биесдээ туслалцсаар өсөж торних нь хаана ч мэдээжийн явдал байж. Гэтэл суурин амьдралд шилжиж, аж үйлдвэрийн бүтцэд өөрчлөлт орсоноор уламжлалт амьдралын хэв маяг бага багаар нурсаар ирлээ.

Илүү ойлгомжтой хэлэх юм бол, мужааны хүү мужаан болж, гуталчины хүү гуталчин болох нь мэдээжийн явдал байсан цаг үеэс, олонхи хүмүүс үйлдвэр компанид ажиллах цаг үе тийш нийгэм хувирч, үр дүнд нь удам дамжин өвлөгдөх гэр бүлээ хамгаалах шаардлага ч, ойр тойрны хөршүүдтэйгээ ойртон дотносох хэрэгцээ ч багасч иржээ гэсэн үг. Энэ нь явсаар гэр бүлийн атомчлал (буюу задрал) дэлгэрч, бүс нутгийн харилцаа ч алдарч, хувь хүн тус бүртээ салангид амьдрах цаг үе айлчилан ирэв. Эндээс шинэ асуудал босч ирсэн нь “өнөөгийн хүмүүсийн ганцаардал” гэх асуудал юм. Арайхийж элдэв садаанаас ангижирч чөлөөтэй болж чадлаа гэж бодтол, түүний цаана анаж байсан нь “ганцаардал” байсан хэрэг юм.

  • Өнөөгийн хүмүүсийн ганцаардал

“Хүн ганцаараа амьдрах боломжгүй” гэж дээр өгүүлсэн ч, үүнийг “Хүн ганцаардмалаар амьдрах боломжгүй” гэж сольсон ч болно. Ганцаардал гэдэг мэдрэмж сэтгэлийн тайван бусыг төрүүлнэ. Тайван бусыг мэдрэх үед хүмүүс ганцаардлаас мултрахын тулд хэн нэгэнтэй холбогдохыг хүснэ. Хүн бидний бусдыг хайрлах шалтгааны уг язгуур ч бас энэхүү ганцаардлын тавгүйтлээс мултрах гэсэн сэдэл болох нь маргаангүй юм.

“Хайрлах урлаг”-ийн 2-р бүлэг дэхь “Хайрын онол” хэсэгт, юун түрүүн орчин үеэс хойшхи хүмүүст тулгараад буй “ганцаардал” гэх асуудлыг эхэлж дэлгэн үзүүлдэг.

–         Хүмүүс цаг ямагт анзаарч байдаг мэдрэмж, тэр бол “Хүн гэдэг нэгэн ганцаардмал (тусгаарлагдмал) оршихуй. Хүний амьдрал богинохон. Хүн өөрийн хүсэл зоригоос үл хамааран энэ хорвоод төрж, өөрийн хүсэл зоригтой харшилдан энэ хорвоогоос хальж одно. Хайртай хүнээсээ түрүүлээд явж ч мэднэ, эсвэл хайртай хүн нь түрүүлээд яваад өгч ч мэднэ. Хүн гэдэг ганцаардмал, байгаль хийгээд нийгмийн өмнө дэндүү хүчин мөхөс оршихуй…” хэмээх чимээгүй айдас. Энэ бүхнээс болж хүний цогц бус ганцаардмал амьдрал гэдэг тэвчихүйеэ бэрх шорон болон хувирна. Энэ шоронгоос мултран гарч, гадаад ертөнцөд байх бусад хүмүүстэй ямар нэгэн хэлбэрээр холбогдохгүй л бол, хүн галзуурах нь лавтай биз.

Ганцаардал хэмээх шоронгоос мултрахын тулд хүмүүс өдийг хүртлэх түүхэндээ зүсэн зүйлийн арга туршиж ирсэн гэж Фромм өгүүлнэ. Түүнээс жишээ болгож нэрлэвэл, эртний отог омгуудын дунд нийтлэг харагддаг “зан үйлийн шинжтэй хөөрлийн төлөв” байна. Урьд цагийн зэрлэг хүмүүсийн отогт гал тойрон бүжиглэх ч юм уу, эсвэл ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэн үйлдэх зан үйл түгээмэл байсан ба, тэр нь сүргээрээ транс төлөв (ховсдуулсан мэт хэвийн бус төлөв)-т орсоноор өөр хоорондын ганцаардлаа зөөллөх зорилготой байсан болов уу, гэж Фромм анализ хийсэн байдаг.

үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж