УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр /2019.03.14/ “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нээж үг хэлэв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 17 хуулийн төслийн хамт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэж, Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлээд байна. Өнөөдөр бид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтууд, Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн санал, дүгнэлт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар баримтлах байр суурийг сонсоно. Та бүхэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудалд анхаарлаа хандуулж, санал бодлоо чөлөөтэй солилцон, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэлтэй байна гэлээ.
Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийлээ. Тэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд баталж, өнөөдөр тус хуулийн шинэчлэлтэй холбогдуулан ээлжит хэлэлцүүлгийг хийж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байна, үүнд, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн зохистой тэнцвэрт байдлыг бий болгох; Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах; Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох; Төрөөс хөдөлмөрийн харилцаанд тавих хяналтыг Олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчлөх шаардлага үүсээд байна гэж танилцуулгын эхэнд тодотгов. Түүнчлэн, хуулийн төсөлд тусгасан үндсэн зохицуулалтын хувьд, хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй байна. Үүнд,
Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн байр суурийг ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсны дараа уг хуулийн талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны баримтлах байр суурийг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар танилцууллаа. Тэрээр, “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан ойлголцлын баримт бичиг”-ийг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. МҮЭ-ийн холбооноос гаргах үндсэн саналын хувьд, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах нь зүйтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил олгогч, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулах зохицуулалт. Учир нь, одоогийн үйлчилж буй хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тохиолдолд буюу байгалийн гамшиг, осол аюул, улс орны батлан хамгаалах зэрэгтэй холбоотойгоос бусад тохиолдолд илүү цагаар ажиллуулахыг хориглосон зохицуулалтыг дордуулсан. Үйлдвэрлэлийн ослын хувьд, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй. Мөн Маргааныг шийдвэрлэх хугацааны хувьд хэт сунжирч маргааны ач холбогдол алдагдана. /Одоогийн хуулиар хамтын маргаан 30 хоногт шийдэгдэж байгаа, ганцаарчилсан маргааныг 1 жилийн дотор шийдэж байгаа/ гэлээ.
Дараа нь Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар Хөдөлмөрийн тухай хулуийн шинэчилсэн найруулгын талаар Монголын ажил олгогч эздийн баримталж буй чиглэл, байр суурийг танилцуулав. Тэрээр, Хөдөлмөрийн хууль нь эдийн засгийн хөгжилд хүндрэл учруулаад зогсохгүй, ялангуяа хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд саад болох болов. Иймд шинэчилсэн хуулийн нэмэлтээр хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хоорондын харилцан үл итгэлцэлийг арилган баталгаажуулж, хардалт, элдэв хэлбэрийн улс төржилт, хариуцлагагүйн зуд ноёрхсон өнөөгийн нөхцөл байдлыг, тухайлбал ажилласан ч биш, ажиллаагүй ч биш тогтолцоог арилгаж, ажил хийвэл хийсэн шиг хийдэг, ажил хийлгэсэн бол өгсөн шиг өгдөг нийгмийн хариуцлагатай хөдөлмөрийн харилцааны шинэ тогтолцоог бий болгох хуулийг батлуулах байр суурийг бид дэмжиж байна. Цаашид ажил олгогчоо, ажилтнаа аль алиныг нь хариуцлагатай байхыг хуулиар батлан гаргахад анхаарах хэрэгтэйг дурдаж байв.
Үндсэн илтгэлүүд сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцогчид санал, байр сууриа илэрхийлэхийн сацуу асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, Ажил олгогч болоод хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллөөс шинэчилсэн найруулгад илүү цагийн тухай заалтад нарийвчлал хийх шаардлагатайг онцолж байв.
Мөн энэ хуулийн зарим заалт нь “уриа” төдий л болсон харагдаж байна, энэ нь ажил хийх сонирхол, эрмэлзэллийг бууруулахаар байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд хүний эрх, ашгийг хамгаалах бус хүнийг ажил хийлгэх тал руу чиглэсэн хууль байх нь зүйтэй, эс бөгөөс өмнөх хуулийг мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
Түүнчлэн, 45.1.2 гэсэн заалтыг хасах санал гаргаж байв, учир нь ажилтан нь сонирхолгүйн улмаас ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч нь заавал тэтгэмж олгох үүрэг хүлээдэг. Энэ нь хэн дуртай нь ажилд бүртгүүлээд хэсэг хугацааны дараа ажлаас гарч, тэтгэмж авдаг тогтолцоог бий болгох хуулийн заалт болоод байна. Мөн шинэ ажилтан дадлага, туршлагатай болсны дараа ажил хаях тохиолдол түгээмэл, түүнд хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт байхгүй байна гэлээ.
Ийнхүү, асуулт, хариултын дараа ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, энэ хуулийн зорилт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, ажилтан, ажил олгогч болон тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын хөдөлмөрийн харилцааны зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршиж байгаа юм гээд өнөөдрийн хэлэлцүүлэгт үнэтэй санал, зөвлөмж өгсөнд талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ