&#34Шатрын шигшээ багтай болсны ашиг гарахгүй байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

&#34Шатрын шигшээ багтай болсны ашиг гарахгүй байна&#34

Ж.Мөнхбаяр: Шатрын шигшээ багтай болсны ашиг гарахгүй байгаа нь харамсалтай

 

Дэлхийн шатрын холбооны шүүгч, спортын мастер Ж.Мөнхбаяртай Монголын шатрын ирээдүйн талаар ярилцлаа.

-Та Франц улсад амьдраад багагүй хугацаа өнгөрлөө. Шатарчин хүний хувьд тус улсын болон дэлхийн шатрын хөгжлийг арай өөр өнцгөөс харсан байх гэж бодлоо. Энэ талаар ярилцлага эхлэх үү?

-Францад ирээд зургаа дахь жилтэйгээ золгож байна даа. Ирснийхээ дараагаар шатрын клубуудтэй нь холбогдож тэмцээн, уралдаанд оролцож эхэлсэн л дээ. Тэгж л анхны жилээсээ Францын шатрын холбооны гишүүний  “А” лицензтэй болсон. Зарим тэмцээнд оролцоход ганцаараа Монголын шатарчин гээд нэрээ дуудуулах сайхан л байдаг юм.

-Танаас өөр монгол шатарчин Францад байгаа юу?

-Бидний үед тоглож байсан өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ц.Идэр Парисын их сургуульд багшилдаг. Түүний хүү И.Боря олон улсын мастер цолтой. Францын нэр дээр тоглож байна. Бас нэг хүү тоглодог гэж сонссон.

-Монголын шатрын холбоо удахгүй  их хурлаа зарлаж дүрэмдээ өөрчлөлт оруулах тухай сонссон. Таны санал бодлыг сонсвол?

-Монголын шатрын холбооны дүрмийг бүрэн шинэчлэх нь зөв. Удахгүй хуралдах холбооны их хурлаараа энэ асуудлыг шийдвэрлэхээр саналаа өгөхийг зарласан. Энэ хурлаар маш сайн хэлэлцэж дүрмийг баталж гаргах шаардлагатай. Үүний дараа сонгуулийн товыг хурлын үеэр зарлах нь зүйтэй гэж үзэж байна. Дүрмийг шинэчилснээр олон асуудлыг шийдэхэд дөхөм болох юм. Хуучин дүрэм нь шагнал урамшуулал, шийтгэлийг орхигдуулсны улмаас зарим хүн албан тушаалаа ашиглан эрүүгийн хэргийн шинжтэй асуудалд холбогдож байсан. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй боловуу гэж бодож байна. Шатар бол маш өвөрмөц спорт. Соёл, урлаг ч гэж хэлж болох талтай. Дэлхийн улсуудын спорт, соёл, урлаг нь сайн хөгжсөн бол эдийн засаг нь адилхан өндөр хэмжээнд хөгжсөн байдаг юм билээ. Манай улсын хувьд энэ тал дээр арай бага анхаарал тавьдаг юм уу гэж анзаарагддаг. Монголын шатрын холбоо нь ФИДЕ-гийн гишүүн учир дүрмийг нь дагаж мөрдөх ёстой. ФИДЕ-гийн дүрмийн “Handbook -ийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дүрэм нь монгол хэлээр байдаггүй учраас манай шатарчид, дасгалжуулагчид багш нар нарийн сайн мэддэггүй. Энэ дүрмийг эх хэлнээ хөрвүүлэх ажлыг шатарчид болон дэмжигч нарт хамтран ажиллах санал болгосон боловч дэмжих хүний тоо маш бага байна. Олон хуудас заалттай мэргэжлийн хэллэг ихтэй учир эх хэлнээ хөрвүүлэхэд хүндрэл гарч байгаа. Миний хувьд бүх шатарчныг гишүүнчлэлтэй болгох, шүүгч, шатарчид, багш дасгалжуулагчдыг лиценз, сертификатжуулах хэрэгтэй. Мөн шатарчид, дасгалжуулагч нар маань хамтраад мөрийн хөтөлбөр боловсруулж дүрэмдээ суулган батлуулах хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг хийж хэрэгжүүлж эхэлснээр Монголын шатрын ирээдүйг тодорхойлох нэн чухал ажил гэж үзэж байгаа. Үүнээс гадна Монголын шатрын холбооны ерөнхийлөгч гэсэн заалтыг маш нарийн тусгаж өгөх хэрэгтэй юм. Би хувьдаа ийм саналтай байна.

-Арай дэлгэрүүлээч. Яаж гишүүнчлэлийн татварыг авч болох вэ?

-Францын шатрын холбооны дүрмээс авсан санаагаа хэлье л дээ. Гишүүнчлэлийн тухайд хүн бүрээс татвар авна гэдэг хүндрэлтэй байдаг юм билээ. Бүх аймаг, клубт энэ асуудлаа даалгах хэрэгтэй. Зөвхөн аймаг, клубийн захирал, нарийн бичиг нартай л харилцаж, шатарчных нь тоогоор татвараа авах боломжтой. Харин хүүхдүүдийн хувьд татваргүй зөвхөн бүртгэлжүүлж гишүүний үнэмлэх олгоход болно. Монголын шатрын холбооноос зохиогдож байгаа албан ёсны хурал болон тэмцээнд зөвхөн гишүүд л оролцоно. Тийм болохоор шатрын тэмцээнд оролцох хүсэлтэй бол та заавал гишүүн болох хэрэгтэй. Түүнээс хувийн байгууллагууд ивээн тэтгээд зохиож байгаа тэмцээн уралдаанд бол хүн бүрт оролцох эрх нь нээлттэй.

-Шатарчдын хувьд?

-Монголд лигийн тэмцээнийг явуулмаар байгаа юм. Тоглолтын дүнг нь ФИДЕ-гийн  рейтинг тооцуулж байвал шатарчиддаа хэрэгтэй. Мөн гранпритай төстэй шилдэг шатарчдын тойргийн тэмцээнийг Улаанбаатар хот болон аймгуудад хийх хэрэгтэй. Үүнээс гадна Монголын брэнд нэрээр нэрлэсэн олон улсын нээлттэй тэмцээнийг жилдээ нэгээс доошгүй удаа зохион байгуулвал сайн байна. Мөн долоо хоног тутмын амралтын өдрөөр рейтинг тооцох тэмцээнийг тогтмол явуулбал их үр дүнтэй гэж боддог. Шагналын санг хураамжийн 80 хувиар шагнах боломжтой. Ийм арга хэмжээ явуулснаар шатарчдын рейтинг нэмэгдэх, олон улсын цолтон олноор төрнө. Мөн дэлхийн шатрын олимпиад, багийн ДАШТ-д оролцох багийг бүрдүүлэхэд бэлтгэлтэй шилдэг шатарчныг сонгох боломжтой болох юм. Францад томоохон нээлттэй тэмцээний хажуугаар хүүхдийн тэмцээн байнга явуулдаг. Том цолтой шатарчдаар бахархах, үлгэрлэн дууриах сайн талтай. Ийм тэмцээнд 1300-гаас доош рейтингтэй хүүхдүүд оролцдог. Хураамж авахгүй оролцуулж оролцсон бүх хүүхдийг дурсгалын зүйлээр шагнадаг нь тэднийг шатрын спортод дур сонирхолтой болгодог. Ингэснээр шатраар хичээллэгч хүүхдийн тоо жил бүр нэмэгдэнэ гэсэн үг.

-Тэгвэл багш, дасгалжуулагч нарын ур чадварын тухайд юу хэлэх вэ?

-Жилд хамгийн багадаа л хоёр мэргэжлийн багш, дасгалжуулагчийг гадаадад бэлтгэмээр байгаа юм. Үүнээс гадна дотооддоо тогтмол сургалт явуулбал багш дасгалжуулагч нарын чадварт сайнаар нөлөөлнө. Манай багш дасгалжуулагч нар сайн. Сайны хажуугаар саар ч бас бий л дээ.Гэхдээ бүр л илүү сайжрах хэрэгтэй.

-Шүүгч нар?

-Бас л ФИДЕ-тэй адилхан лицензжүүлэх хэрэгтэй. Францын шүүгчид ур чадвараасаа шалтгаалан зохих төвшнийхээ тэмцээн, уралдаанд ажилладаг. Шүүгч нарт жил бүр мэргэжлийн сургалт явуулах шинэчилсэн дүрмийн талаархи мэдээллийг өгч байвал зүгээр. Мөн тэднийг зиндаачлан лицензжүүлмээр байна. Жишээ нь, орон нутгийн болон анх удаа шүүгчээр ажиллаж байгаа хүмүүсийг шалгалт авахаас гадна тодорхой хэдэн тэмцээнд цалингүй ажиллуулж дадлага хийсний дараа тэмцээн уралдаанд ажиллах эрхийг зөвшөөрч болно.

-Монголын шатрын холбооны удирдлагуудын асуудал байнга шүүмжлэл дагуулсаар ирсэн. Одоо ч мөн ялгаагүй. Таны бодлыг сонсмоор байна.

-Мөрийн хөтөлбөр нь мэргэжлийн хүнд бол үзүүлэхэд ч ичмээр юм амладаг. Түрүү би хэлсэн нутаг ус найз нөхдөөрөө нийлээд л дэмждэгийн хор уршиг л даа. Одоо бол гол нь санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой, менежментийн багтай, шатрын спортод сэтгэл зүрхээ өгч чадах хүнийг л олж сонгох хэрэгтэй.  Жил бүрийн нэгдүгээр сарын эхний хагаст тайлангийн хурал хийдэг болмоор байгаа. Хөтөлбөрийг хийж чадаж байгаа гэж үзвэл цааш нь ажиллуулаад явах, чадахгүй байна гэвэл дахин шинэ сонгууль хийх хэрэгтэй. Олимпиад, тивийн аварга, дэлхийн аварга гэх мэт тэмцээнд уралдаанд оролцоод медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч, дагалдагчийн зардлыг нь буцаан олгох чадвартай байх. Өсвөр, насанд хүрэгчид ч ялгаагүй. Үүнээс гадна их мастер цолыг цөөхөн хүн авч байгаа учраас тэднийхээ хөдөлмөрийг үнэлээд байр сууцаар хангаад өгвөл илүү их амжилт гаргах болов уу. Яагаад гэвэл санаа зовох зүйл нь багасч зөвхөн шатартаа л анхаарлаа бүрэн хандуулна шүү дээ. Мэдээж шинээр цол авч байгаа шатарчны цол, үнэмлэхийн төлбөрийг төлөх ёстой. Шатрын спорт хөгжсөн аль ч оронд ийм л байдаг. Ирээдүйн шатрын хөгжлийн хөтөлбөргүй бол ирээдүйг төсөөлөхөд хэцүү байна л даа. Ийм байр сууринаас шатарчид нэгдэн ажиллаж чадвал хэн ерөнхийлөгч байх нь хамаагүй асуудал. Энэ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн хүнийг л ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй юм. Өнөөдрөөс л ажлаа цаасан дээр буулгаад хэлэлцээд шийдвэрүүдээ гаргаж  ажлаа эхлэх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Шатар бол цаг хугацаа шаарддаг төрөл, тийм учраас л алгууралгүй эхлэх хэрэгтэй гээд байгаа юм л даа.

-Энэ дүрэм, хөтөлбөрийг зөвшөөрөх хүн олдохгүй бол яах вэ?

-Гүйцэтгэх захирлыг түр томилж ажиллуулж болох байх гэж бодож байна. Энэ нэр хүндтэй холбоог удирдаж оюуны спортод сэтгэл зүрхээ өгөх хүн олдох байлгүй дээ.

-Хагас зуун жилийн түүхэнд манай улс найман их мастертай болжээ. Уг нь үүнээс олон их мастер цолтон төрөх боломж байх юм. Юун дээрээ алдаад байна вэ?

-Тоондоо гол нь биш. Наад зах нь манайхан 2600 рейтингтэй болж чадахгүй л байна шүү дээ. Үүний гол үр дагавар нь мэргэжлийн дээд хэмжээний дасгалжуулагчгүйд байгаа юм. Тийм учраас дэлхийн цомын тэмцээнд эрэгтэй шатарчид маань ганц ч удаа оролцож үзсэнгүй. Энэ асуудлыг шийдэх эхний алхам нь гадаадаас мэргэшсэн, өндөр цалинтай дасгалжуулагчийг авч ажиллуулах хэрэгтэй. Бас гадаадад бэлтгэх боловсон хүчний асуудалд анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Ер нь мэргэжлийн багш дасгалжуулагчгүй улс, дэлхийн дээд хэмжээнд өрсөлдөнө гэсэн ойлголт байхгүй л дээ. Манай улсын шатрын холбооны гол алдаа нь үүнд л байгаа байх.

-Монголын шатарчид гаднын тэмцээнд уралдаанд оролцохдоо ихэвчлэн өөрсдийн зардлаар явдаг. Тэр ч утгаараа жилд харьцангуй цөөхөн тэмцээнд оролцож байна. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой юм бол?

-Сүүлийн жилүүдэд шатарчид боломжийнхоо хэрээр тэмцээнд оролцоод л явж байна. Энэ бол сайн үлгэрлэл. Шат шатаар ахиж яваагийн нэг илрэл. Гэвч байнга л санхүүгийн асуудалтай тулгардаг. Магадгүй үүнээс болоод Монголын шатарчид рейтингээ хүссэн хэмжээгээрээ ахиулж чадахгүй байгаа юм болов уу. Дэлхийн дээд хэмжээнд тоглоё гэвэл Европт суурин амьдрах хэрэгтэй. Манай шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул, А.Энхтуул нар Москвад сурч байхдаа амжилт нь сайн байсан. Одоо ФИДЕ мастер Б.Баярмаа байна. С.Отгонжаргал Австралид сурч байхдаа олон улсын мастерын болзол хангаад их мастерын нэг нормтой болсон. Унгарт байгаа Д.Номин-Эрдэнэ их мастер болчихлоо.

-Дөрвөн их мастераас бүрдсэн шигшээ багтай болсон. Шигшээ багтай болсны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Шигшээ багтай болсны ашгийг яг одоогоор хараагүй л байна. Төдий л өндөр амжилт харагдсангүй. Б.Мөнгөнтуул л гэхэд дэлхийн аваргад оролцох эрхээ авч чадсангүй шүү дээ. Өмнө нь Азийн бүсийн тэмцээнд түрүүлээд нэг, ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн цагаан хуудсаар нэг удаа ДАШТ-д оролцож байсан. Тэр үедээ Москвад сурч байсан нь илт давуу тал болсон болов уу гэж боддог.

-Шүүгч, дасгалжуулагч болон тамирчдын ур чадварыг сайжруулах тал дээр холбооны зүгээс хийж байгаа ажилд та сэтгэл хангалуун байдаг уу?

-Хангалтгүй санагдаж байгаа гэдгээ нуухгүй ээ. Манайхан шинийг эрэлхийлэхгүй урсгалаараа л явж байна. Шатар бол дэлхийн тэргүүлэх спорт шүү дээ. Бид өөрсдийгөө сайн бэлтгэж байж хүнээс юм хүсэх хэрэгтэй. Тамирчдынхаа амжилт үзүүлэх нөхцлийг шатрын холбоо хангах ёстой. Тэгж байж тэднээс амжилт нэхэх нь зүйн хэрэг. Чадахгүй бол амжилт нэхээд хэрэггүй шүү дээ. ФИДЕ-гийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Завхан аймагт очих үеэрээ энэ жил манай улсын таван хүүхдийг Москвад сургаж өгөхөөр амласан юм билээ. Завхан аймаг гурван хүүхдээ явуулахаар болсон. Харин шатрын холбоо хоёр хүүхэд явуулах талаар сонгон шалгаруулалт зарлаагүй. Таг чимээгүй л байна. Товчхондоо бол Кирсан Илюмжинов манайханд итгэдэг ч бид түүнийг нь даах тал дээр тааруу.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж