NEWS” агентлаг залууст зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтэн М.Даваасүрэнг онцолж байна.
Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч хоёр байгууллага болох IFLA /Олон Улсын Номын сангийн холбоо/, OCLC /Онлайн Компьютер Номын сангийн төв/ хамтран хэрэгжүүлдэг хөгжиж буй орнуудын номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөрт анх удаа монгол залуусаа төлөөлөн шалгарч чаджээ.
Номын санч бүсгүй маань хоёр жилийн өмнө Өмнөд Австралийн их сургуульд номын сан, мэдээллийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэхээр “Beyond books” төслийг санаачилж, Монголд иргэний номын санг нэвтрүүлэхээр зорьж буй юм. Ингээд түүнтэй хөтөлбөртөө хамрагдахаар АНУ-ыг зорихын өмнөхөн хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэе.
МЯГМАРЫН ДАВААСҮРЭН: 1987.05.25
Төгссөн сургууль:
Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургууль /2004 он/
Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургууль, Утга зохиол судлал, сэтгүүлч /Бакалавр 2008 он/
Өмнөд Австралийн их сургууль, Номын сан, мэдээллийн менежмент /Магистр 2016 он/
Мэргэжил:
Номын санч, мэдээллийн ажилтан
Одоо эрхэлж буй ажил:
“Beyond books” төслийн зохицуулагч
Сошиал хуудас:
Davaasuren Myagmar /фэйсбүүк/
ХҮҮХЭД НАСНЫХАА ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТУХАЙ ЯРИАЧ?
-Би Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. Одоо бодоход байгаль дэлхийтэйгээ ойр хөдөө өнгөрүүлсэн бага нас минь үнэхээр жаргалтай үлгэр шиг санагддаг. Миний багын мөрөөдөл аавынхаа төгссөн сургууль шиг сайн сургууль төгсөх байлаа. Ухаан орсон цагаасаа л гадаад оронд суралцах чин хүсэлтэй болсон. Учир нь аав маань ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль буюу тэр үеийн “Зөвлөлтийн Харвард”-ыг палентлогич мэргэжлээр төгссөн хүн. Эрүүл мэндийн шалтгаанаар хөдөө орон нутагт очиж дунд сургуульд багшлах болсон. Сүүлд бие нь илааршаад мэргэжлээрээ хотод ажиллаж болох байсан ч хөдөөгийн хүүхдүүдэд насаараа багшилсан хүн.
ХӨДӨӨНИЙ ЖААХАН ОХИН НОМЫН САНЧ БОЛОХОД ЮУ НӨЛӨӨЛӨВ?
-Хөдөөний айлуудын гэрийн хойморт бурхан тахил байдаг бол манайд багахан гэрийн номын сан байсан. Тэр номын сангийн нүүрэнд Москвагийн их сургуулийн зураг нь бурхны хөрөг шиг залаастай байлаа. Би ингэж л номтой нөхөрлөж эхэлсэн. Намайг хоёрдугаар ангид байхад аав маань надад зориулан жижиг номын булан хүртэл гаргаж өгсөн. Манайх хэдийгээр орон нутагт амьдардаг байсан ч хүүхдийн шинэ хэвлэл, ном, сонин их захиалдаг байлаа. Ер нь аав ээж хоёр маань эрдэм мэдлэгийг эрхэмлэдэг, номонд мөнгө хайрладаггүй хүмүүс л дээ. Нэг жил аав хот яваад ирэхдээ Д.Алтангэрэлийн Англи хэлний толь бичгийн анхны хэвлэлийг авчирч бэлэглэсэн. Тэгэхэд би маш их баярлаж байсан санагддаг юм. Аавын минь сайн сайхан үг бичиж бэлэглэсэн номын нандин цуглуулга надад одоо ч бий. Зургадугаар ангидаа сумаасаа аймгийн төв рүү шилжиж суралцахаар явахдаа ногоон модон хайрцагт хэдэн номоо дүүргэж аваад л явж байсан. Эргээд бодоход гэрээсээ авч гарсан хамгийн үнэтэй өмч минь тэр байж. Номын сангийн салбартай холбогдох суурь ингэж тавигдсан гэж боддогддог.
ХӨДӨӨНИЙ СУРАГЧ АНГЛИ ХЭЛИЙГ СУРАХАД ИХ ХҮНДРЭЛТЭЙ БАЙВ УУ. ӨӨРИЙН ТАНЬ ХУВЬД АНГЛИ ХЭЛИЙГ БИЕ ДААН СУРСАН ГЭВ ҮҮ?
-Англи хэлийг сурсан гэхээсээ илүүтэй суралцаж явна гэж хэлвэл онох байх. Гадаад хэл сурна гэдэг хүний насан туршийн хөдөлмөр. Орон нутгийн дунд сургуульд англи хэлний хичээлийг хангалттай түвшинд эзэмшиж чаддаггүй шүү дээ. Одоо энэ нөхцөл байдал харьцангуй сайжирсан байх. Би хотод ирээд ч англи хэлний их сургуульд суралцаж үзээгүй л дээ. Өөрөө бие дааж, англи хэлний дүрмийн ном судалж, англиар ном уншиж суурьтай болсон. Миний хувьд эх хэлнийхээ өгүүлбэрийн бүтцийг сайн ойлгосон болохоор англи хэлний дүрмийг бие даан судлахад илүү дөхөм болсон юм. Арван жилийн монгол хэлний багш минь Б.Амгалан гэж мундаг багш бас гайхалтай сайн хүн байсан. Би 13-хан настай гэрээсээ гарч, сайн сурах зорилготой аймгийн төвд ирэхэд намайг гарын шавиа болгосон юм. Багш минь намайг уралдаан тэмцээнд бэлтгэж, арван жилийн сургуулиа төгсөхдөө улсын олимпиадаас мөнгөн медаль авч, Монгол Улсын их сургуульд урилгаар суралцах замыг нээсэн. Сайн багш хүнийг чиглүүлээд зогсохгүй цаашдын олон зам мөрийг нээдэг юм билээ. Гадаадад сурна гэсэн мөрөөдлөө биелүүлэх суурь нь англи хэл өндөр түвшинд эзэмших байсан болохоор оюутны амралтаараа англи хэлээ сайжруулж болох янз бүрийн ажил хийж гэртээ харих зав төдийлөн гардаггүй байлаа. Ер нь хотод англи хэл системтэй эзэмшсэн хүн, орон нутгаас бие даан англи хэл сурсан хүн хоёр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж тэнгэр газар шиг зөрүүтэй. Надад олон улсын стандарт шалгалтууд болох IELTS, IBT TOEFL өгөх амаргүй байсан болохоор англи хэлний сургалтын төвд богино хугацаанд суралцсан.
АВСТРАЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦСАН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦААЧ?
-Олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийнхээ шимийг хүртэж, энэ тэтгэлэгт хамрагдаж багын мөрөөдлөө биелүүлсэн. “Australia Awards” тэтгэлэгт хөтөлбөр бол амьралд минь эргэлт гаргасан, олон гайхалтай боломжийг олгосон, олон улсын нэр хүндтэй тэтгэлэг. Энэ тэтгэлгийн нэг давуу тал бол эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах боломжтой ч гадаад хэлний түвшин нь магистрийн түвшинд суралцахад арай хүрэхгүй байгаа хүмүүст боломж олгож англи хэлний мэргэжлийн сургалтыг зохион байгуулдаг. Би энэ сургалтанд хамрагдаж их сургуульд шаардагддаг англи хэлний оноо авч, Австралид магистр хамгаалах боломж бүрдсэн. Төгсөж ирсэн ч энэ тэтгэлгийнхээ үр шимийг олон талаар хүртсээр л явна. Дашрамд хэлэхэд Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр одоо зарлагдсан байгаа. Хүн болгонд нээлттэй энэ гайхалтай хөтөлбөрт өөрсдийгөө сориорой гэж залуустаа уриалмаар байна.
ДЭЛХИЙН ХӨГЖИНГҮЙ ОРОНД НОМЫН САНЧ МЭРГЭЖИЛ ЯМАР ЧИГЛЭЛ РҮҮ ХӨГЖИЖ БАЙНА ВЭ?
-Миний хувьд 2015-2017 оны хооронд Өмнөд Австралийн их сургуульд номын сан, мэдээллийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан. Суралцах хугацаандаа их сургуулийн номын сангаас эхлээд нийтийн номын сан зэрэг бүх төрлийн номын санд дадлагажиж мэргэшсэн. Дэлхийн жишигт номын санч мэргэжлийг магистрын түвшинд бэлтгэдэг. Ер нь олон улсад номын санч мэргэжлээр бакалаврын түвшинд сургалт явуулахаа бараг больж байна. Энэ нь орчин цагийн мэдээллийн үер дунд үнэн зөв, чанартай мэдээлэл рүү хүмүүсийг чиглүүлэх нь мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан ажил болсонтой холбоотой. Тухайлбал, хуульч мэргэжилтэй хүн магистрын түвшинд номын санч мэргэжлээр мэргэшиж, хуулийн талаар хүмүүст лавлагаа мэдээлэл өгөх жишээтэй. Дэлхий дахинд номын санч мэргэжил олон нийтэд чанартай зөв мэдээллийг түгээх, номын сан мэдлэг мэдээлэл, боловсрол, хүний хөгжлийн төв гэдэг утгаараа хөгжиж байна.
ӨӨРИЙН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “BEYOND BOOKS” ТӨСЛИЙНХӨӨ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ. ЯАГААД ЭНЭ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОВ?
-Хоёр жилийн өмнө Австралид магистр хамгаалаад эх орондоо ирээд том охиноо чанартай сайн сургуульд оруулахаар хайж эхэлсэн. Энэ явцад Монголд баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрч, энэ нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус хүртээмжийг бий болгох суурь шалтгаан болж буйг анзаарсан. Чанартай боловсролд тэмүүлсэн эрэлт хэрэгцээг дагаж, ихэвчлэн Хан-Уул дүүрэг рүү чиглэсэн энэ талын бизнес цэцэглэж, эсрэгээрээ гэр хороололд амьдарч буй хүүхдүүдийн ирээдүй хөгжил рүү хандсан ажил бараг байхгүй. Байгаа нь ихэвчлэн шашны гэх мэт гадны хүчин зүйлийн нөлөөтэй. Үүнд сэтгэл маш их өвдсөн. Өөрөө боловсролын тэгш бус хүртээмжээс улбаатай бэрхшээлүүдийг биеэрээ туулсан хүний хувиар эзэмшсэн мэргэжлээ түшиглэн юу хийж болох вэ гэж их бодсон.
Ноднин зун гадны мэргэжилтнүүдтэй судалгаа хийж яваад “ADRF Mongolia” гэж 2011 оноос хойш хүүхэд хөгжил, боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллагын хамт олонтой танилцах завшаан гарсан. Энэ байгууллагын санаачилгаар Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэдийн дэмжлэгтэйгээр номын сангийн зориулалтаар баригдсан хоёр давхар цоо шинэ барилгыг олж мэдсэн. Тэгээд энэ барилгыг орчин үеийн жишиг иргэний номын сан болгож иж бүрэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулъя гэж шийдсэн. Яг үүнтэй давхцаад Австралийн Засгийн Газрын тэтгэлгээр тус улсад магистр хамгаалсан мэргэжилтнүүдэд зориулсан “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрт шалгарч, хөтөлбөрийн таван оролцогч найзтайгаа санаа зорилго нэгдсэн. Ингээд Монголын анхны иргэний номын санг цогцлоох “Beyond books” төслөө эхлүүлсэн. Бид өөрсдийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлага, нөөц боломжиндоо тулгуурлан уг номын сангийн дотоод тохижилт, автоматжуулалт, хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж, хүний нөөцийг сургаж, нийслэлийн дүүрэг, хороод, цаашилбал орон нутагт шууд хуулаад тавих боломжтой жишиг загвар болгож, хөгжүүлэхээр ажиллаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт номын сангаа цогцоор нь ашиглалтад оруулна.
ИРГЭНИЙ НОМЫН САН ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ ТОДРУУЛБАЛ?
-Иргэний номын сан бол иргэний хөгжлийн тулгуур төв юм. Орчин үеийн нийтийн номын сангийн үндсэн загварыг ашиглан тухайн орчинд амьдарч буй хүмүүс байгуулж, хөгжүүлж, удирддагаараа онцлог. Номын сангийн энэ загвар анх Англи улсад үүсч, Канад улсад цогц утгаараа хөгжиж, улмаар дэлхий дахинд түгсэн байдаг. Сүүлийн үеийн жишээ гэхэд Непаль улсад эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, нийтийн бичиг үсэгт тайлагдалтыг дэмжих зорилгоор байгуулсан байна. Уг номын сангаар хүссэн хүн бүр үйлчлүүлэх боломжтой ч нийгмийн нийтлэг үйлчилгээг амьдрах орчин нөхцөл, санхүүгийн болоод бусад бэрхшээлээс болж хүртэж чадахгүй байгаа иргэдийг зорилтот хэрэглэгчээрээ тодорхойлж, тэдний эрэлт хэрэгцээ, өөрчлөлтийг байнга судалж, сан хөмрөг, үйлчилгээ, хөтөлбөрүүдээ чиглүүлдэг. Хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх зорилготой гэдэг утгаараа манай гэр хорооллын нөхцөлд яг тохирч байгаа.
ДЭЛХИЙН НОМЫН САНГИЙН САЛБАРЫН ТАВАН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭНД ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГТ АНХ УДАА МОНГОЛ ХҮН ТЭНЦСЭН ГЭЖ ДУУЛЛАА. ЭНЭ ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ШАЛГАРСАН БЭ?
-Дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч хоёр байгууллагаас хамтран хэрэгжүүлдэг, хөгжиж буй орнуудын номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог тэтгэлэгт хөтөлбөр нь 2001 оноос эхлэн хэрэгжиж буй. Энэ жил анх удаа Монгол номын санч шалгарсан. Хөтөлбөрийг нээлттэй зарлаж, улс орныхоо номын сангийн салбарт өөрчлөлт хийх боломжтой гэж үзсэн залуу мэргэжилтнүүдийг олон улсын номын сангийн мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс хоёр шатны шалгуураар сонгон шалгаруулдаг.
Номын сангийн салбарт хамгийн чухлаар хөндөгдөж буй сэдвүүдээр олон улсын мэргэжилтнүүд сургалт явуулна. Энэ үеэр шалгарсан таван номын санч тус бүрт ямар асуудал байна вэ, ямар давуу тал байна вэ гэдэг дээр олон улсын экспертүүд ажиллана. Дараагаар нь эх орондоо ирээд юу хийж, хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг тэдний тусламжтайгаар гаргах юм.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Одоо бага хүүхэд маань нэг ой гарантай. Үнэнийг хэлэхэд надад чөлөөт цаг гэсэн ойлголт одоохондоо алга. Хийж бүтээх, сурах мэдэх зүйл маш их байна. Нөхөр маань намайг бүх талаар дэмжиж, тусалдаг ч бага насны хүүхдүүдтэй айлын эзэгтэй хүний хувьд ажил, амьдралаа тэгш авч явна гэдэг үнэхээр амаргүй. Сүүлийн жилүүдэд агаар, хөрсний бохирдол гэх мэт гадны олон хүчин зүйлээс болж, гэр бүлд маш их ачаалал ирж, хүүхдийн өвчлөл нэмэгдэх болсон. Тиймээс аль болох гэр бүлдээ цаг гаргаж, агаар салхинд гарч, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, тэднийгээ сонсохыг л хичээдэг дээ.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?
-Өөрийгөө алхам тутам хөгжүүлж, дэлхийн хаана ч ажиллах чадвартай мэргэжилтэн болохыг хүсдэг. Боловсрол мэдээллийн тэгш хүртээмжийг бий болгоход, мэдлэг чадвартай хүнээс бүрдсэн эрүүл нийгмийг цогцлооход хувь нэмэр оруулахсан гэж зорьж явдаг.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Миний хувьд энэ он үнэхээр үр өгөөжтэй жил болж байна. ADRF, Зориг сан гэж байгууллагуулыг өөртөө нээж, “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрөөр дамжуулан олон зүйлийг сурч, өндөр боловсрол, ёс зүйтэй үе тэнгийн шижигнэсэн залуустай хамтран хүссэн төслөө хэрэгжүүлж байна. Энэ бүхнээс эргэн харахад нийгэмд залуусын оролцоо ямар чухал юм бэ. Ялангуяа мэдлэг, боловсролтой, чадварлаг, эрүүл зөв сэтгэлгээтэй залуусын оролцоо өнөөгийн нийгэмд ус агаар шиг хэрэгтэй гэдгийг анзаарсан. Залуус үнэт зүйлсээрээ нэгдээд, хамтдаа хөдөлж чадвал ямар ч өөрчлөлтийг хийж чадна гэдгийг олж харсан. Залуустаа эзэмшсэн мэргэжилдээ гаргуун байж, салбар салбартаа нэгдэж, эзэн нь болж чадвал улс орныхоо хөгжилд оруулж буй хамгийн үнэтэй хувь нэмэр юм шүү гэж хэлье.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ