Таны хэрэглэдэггүй, хэрэгцээгүй зүйлсийг авдаг дэлгүүр

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Таны хэрэглэдэггүй, хэрэгцээгүй зүйлсийг авдаг дэлгүүр

Шкаф дүүрэн хувцас. Харин өмсөх хувцас нэг ч алга. Энэ мэт сэтгэл хөөрлөөр дэлгүүрээс худалдан авалт хийсэн хувцас олон эмэгтэйчүүдийн шүүгээнд бий. 

Бас бяцхан үр тань хоног хоногоор өсөхийн хэрээр хувцас нь таарахгүй хэдийнээ багадсан байдаг шүү дээ. Энэ мэт “Танд илүүдсэн зүйл бусдад боломж” болохыг олж харсан нэгэн хамт олныг зорин очиж сурвалжиллаа.


ӨХӨӨРДӨМ ТОГЛООМУУД 3-10 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Бондгор бамбарууш, дэлдэн туулай, түрдэг машин, дугардаг тоглоом эзнээ хүлээх мэт лангуун дээр өрөөстэй. Нярай хүүхдийн боди, малгай, бээлий, бойтог гээд хайр хүргэм хувцаснууд “Мөрөөдлийн гэрэл” хэмээх эко дэлгүүрийг чимнэ.

“Дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн худалдаалах” гэсэн тодотголтой эко дэлгүүрт хүүхдийн хувцас, бэлэг дурсгал, тоглоом, эмэгтэй, эрэгтэй бэлэн хувцас, ном гээд бүх төрлийн барааг хямд үнээр борлуулдаг. Монголд анх удаа байгальд ээлтэй, дахин боловсруулагдах сав баглаа боодолтой, дахин хэрэглэх боломжтой бараа бүтээгдэхүүн борлуулдгаараа энэ дэлгүүр бусдаас онцлог. Дахин хэрэглэх боломжтой гэхээр хүмүүс “комисс” гэж ойлгодог. Гэтэл энэ дэлгүүр энэ хандлагыг өөрчлөн нийгэмд эерэг хандлагыг бий болгоод эхэлжээ. Үүдээ нээгээд удаагүй байгаа ч “Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүрээр бага насны хүүхдүүд их үйлчлүүлж, хандив өгч байгаад ажилтнууд нь ам сайтай байв.

Биднийг очиж сурвалжлахад таван хүн ном болон хэрэглэхгүй хувцасаа хандивлаж байлаа. Эко дэлгүүрийн хамт олон нээлтээ хийгээд 10 хонож байгаа ч хүмүүсийн хандлага эерэг байгаад сэтгэл хангалуун байгаа нь илт ажиглагдлаа. Дэлгүүрийн лангуун дээр эмх цэгцтэй өрсөн барааны үнийг хамтдаа сонирхъё. Хүүхдийн баривч, цамц 15 мянган төгрөгөөс доош үнэтэй бол эмэгтэй цамц 5-10 мянга, гадуур хувцас 20-30 мянга, гутал гэхэд 20-30 мянга, хүүхдийн тоглоом гэхэд 3-10 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Дэлгүүрийн худалдагч “Үүдний хэсэгт хүүхдийн унадаг машинууд зөндөө байсан. Өнөөдөр гэхэд бүгд зарагдаад дууссан байна” гэв.

Нэг зүйлийг онцлоход, тэд хүмүүсийн хандивласан хувцас, тоглоом эд зүйлийг дахин боловсруулж, барааны тэмдэг нааж худалдаалдаг аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн хандивласан хувцасыг угааж, цэвэрлэж, индүүдэх, хүүхдийн тоглоомыг өнгө үзэмжтэй болгох зэргээр дахин "шинэ" болгон хямд өртгөөр худалдаалдаг аж.

ХАНДИВЫН 20 САЯ ТӨГРӨГӨӨР ЭКО ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ

Биднийг очиход өнөөдөр таван хүн ном, хувцас, тоглоом хандивласан гэж байлаа. Эко дэлгүүр нээлтээ хийснээсээ хойш нийт 20 орчим иргэн хандив өгчээ. Эко дэлгүүрийг анх Монголдоо нээхээр БНСУ-д ажиллаж, амьдардаг найман залуус нэгджээ. Тэд дэлхий нийтэд хэвшил болон өргөжиж буй дахин хэрэглээний сүлжээ дэлгүүрийн жишиг хувилбарыг Монгол оронд нутагшуулахаар зорьсон нь энэ.

“Хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл” төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн Б.Цолмон

Эко дэлгүүрээ хэрхэн байгуулах болсон тухай “Хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл” төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн Б.Цолмон танилцуулсан юм. Тэрбээр “Бид анх Улаанчулуутын хогийн цэгт амьдарч буй иргэдэд сайн дураараа тусалж байсан. Сайн дурын ажлын хүрээнд МУГЖ И.Одончимэгийн байгуулсан сургалтын төвд хүүхдүүд суралцахаар ирэхгүй байсан учраас хүүхдүүдийг татах орчинг бүрдүүлсэн. Тэгээд бид сагсны талбай барьж өгсөн. Хэдийгээр бид сайхан сэтгэлээр тусалж байгаа ч хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгааг анзаарсан. Зарим аав, ээжүүд бидний өгсөн хувцсыг зараад архи уучихдаг байсан. Тиймээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжье гэж шийдэж, өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд судалгаа хийж явахад хүмүүс эко дэлгүүрийн талаар төдийлөн сайн хүлээж авахгүй байсан. Тэгээд БНСУ-д ажиллаж амьдарч буй залуус маань “I love mongolia” гэсэн бичигтэй футволк 10 мянган төгрөгөөр зарах гэх мэт хандивын үйл ажиллагааг зохион байгуулж, эко дэлгүүрийн санхүүжилтын 80 хувийг босгосон. Тэгээд “Ногоон Ази” төрийн бус байгууллагатай хамтран байгальд ээлтэй, эко дэлгүүрээ байгуулах ажлаа эхлүүлж, 2019 оны гуравдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн” гэв.

АНУ-д гэхэд дахин хэрэглээний сүлжээ татвараар дэмждэг бол БНСУ-д эко сүлжээ дэлгүүр 1200 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД АЖИЛЛАДАГ

Эко дэлгүүр одоогоор ганцхан худалдагчтай. Цаашдаа сайн дурын цагийн ажилтан болон хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнийг худалдагчаар шалгаруулж, авч ажиллуулах гэнэ. Ингэснээр уг дэлгүүрийн орлого өрх толгойлсон ээж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн орлого болох юм.

Эко дэлгүүрийн худалдагч Ж.Саранцэцэг өрх толгойлсон эмэгтэй. Тэрбээр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Худалдагчаар ажиллах болсон тухайгаа ярихдаа “Миний хувьд эко дэлгүүрт ажиллаад хэдхэн хонож байна. Дандаа хүнд хэрэгтэй зүйлс зарж, тусалж байгаадаа баяртай байна. Дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүст маань бүхий л бараанууд их таалагдаж байгаа. Ялангуяа хүүхдүүд, ээжүүд их үйлчлүүлж байна” гэдгийг хэллээ.

Мөн сайн дурын цагийн ажил хийх хүсэлтэй залууст ажиллах газар тэр бүр олдоод байдаггүй. Тэгвэл эко дэлгүүрийн хамт олон нийгэмд сайн дурын ажил хийх хүсэлтэй залуусыг цагаар ажиллуулж, англи, солонгос хэл сургаж, батламж гардуулж өгөх юм байна. Ингэснээр залуус маань гадаадад  их, дээд сургуульд суралцахад сайн дурын ажил хийснийг батлах боломж бүрдэх юм. Дэлгүүрийн лангууны нэгээхэн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй ээж, бүсгүйчүүд гарын ураар бүтээсэн гоёл чимэглэлийг дэлгэжээ. Дэлгүүрийн хамт олон одоогоор хоёр ээжийн бүтээлийг худалдаалж байгаа бөгөөд манай дэлгүүрээр дамжуулан өөрсдийн бүтээлээ худалдаалж болно гэдэг ажлын саналыг тавиад амжсан юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
89
ХөөрхөнХөөрхөн
28
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж