Хулгайчтай зэрэгцсэн хулгай

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Хулгайчтай зэрэгцсэн хулгай

Нийтийн тээвэрт нэвтрүүлсэн цахим төлбөрийг хянах зорилгоор нэг тэрбум төгрөг зарцуулан байж, 1340 тээврийн хэрэгсэлд камер суурилуулсан ч 80 хувь нь ажиллахгүй болжээ. Телекамер ажиллаж байх нь автобусанд үйлддэг халаасны хулгайг илрүүлэхэд тустайгаас гадна жолоочийн үйлдлийг ч давхар хянана.

Гэвч “Улаанбаатар смарт карт” компанийн Үйл ажиллагааны газрын дарга Р.Ган-Эрдэнийн тайлбараар бол жолооч зорчигчийн бэлнээр өгдөг 500 төгрөгийг авахын тулд зориудаар камерыг ажиллагаагүй болгодог байна.

Нийтийн тээврийн үйлчилгээг цахим төлбөрт шилжүүлээд гурван жил болсон ч 500 төгрөг бэлнээр төлж зорчих иргэд бий.  Түүнийг нь жолооч компанидаа тушаадаг уу, эсвэл өөрийнхөө халаасыг түнтийлгэдэг үү, бүү мэд. Гэхдээ зорчигчийн бэлнээр өгсөн төлбөрийг авахын тулд камерыг зориудаар ажиллагаагүй болгодог нь баттай бол нийтийн тээврийн салбар дахь мөнгөний хулгай зогсоогүй байна л гэсэн үг.  Учир нь нийтийн тээвэрт цахим төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлж, кондукторыг халсан нь нэг талдаа хулгайг зогсоох зорилготой байв. Одоо зорчигчид автобусаар үйлчлүүлэх бүрийдээ төлбөрөө цахимаар хийж хэвшихгүй бол халаасны хулгайчтай зэрэгцээд бэлэн мөнгө авдаг хулгайг өөгшүүлсэн үйлдэл болж мэдэхээр байгааг энэхүү жишээнээс харж болно.

Нийтийн тээврийн салбарыг мөлхүүлж ирсэн хулгайг цэгцлэхийн тулд холбогдох газрууд ирэх зургадугаар сарын 1-н гэхэд автобусанд суурилагдсан телекамерыг ажиллагаатай болгох амлалт өгөөд байна. Нэг автобусанд дөрвөн камер байршуулсан байгаа аж.  Нэг камер зам руу, нөгөө нь орох хаалга руу, гурав дахь камер нь заал руу, дөрөв дэх нь заалнаас урагшаа бичлэг хийх зориулалттайгаар  суурилагдсан. Эдгээр камеруудыг “Улаанбаатар смарт карт” компаниас суурилуулсан байдаг аж. Гэтэл камерын утсыг салгах, хард дискийг нь салгах, доторх картыг нь авах зэрэг  зөрчлүүд олонтаа гардаг байна. Иймээс Нийтийн тээврийн газар автобус компаниудад бодлогоор хяналт тавьж, камерыг зориудаар ажиллагаагүй болгосон тохиолдолд торгох зэргээр хариуцлага тооцохгүй бол зөрчлийг хязгаарлаж чадахгүй гэдэг санал ч гарч буй юм.

Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан  ч автобусанд үйлдэгддэг халаасны хулгай өсчээ. Халаасны хулгайн 80 хувийг гар утас эзлэх болсон байна. Гэтэл автобусанд суурилуулсан хяналтын камер ажилладаггүйгээс урт гартнууд хэргээс мултардаг.  Улмаар хулгайгаа дахин, дахин үйлддэг байна.

Зөрчлийн хуульд зааснаар анх удаа дээрх хэргийн үйлдсэн бол  7-30 хоног баривчлах буюу албадан сургалтад хамруулах, хоёр ба түүнээс дээш удаа дараа үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.3.1-ээр 5-12 жил хорих ялаар шийтгүүлэхээр зүйлчилсэн юм байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болоод хувийн хэвшлийн компаниуд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн байдаг. Алдагдлын шалтгааныг  үнэгүй үйлчилгээ авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлдэг оюутан, төлбөрөө төлдөггүй “туулайчид” зэрэгтэй холбон тайлбарладаг ч зорчигч нь төлбөрөө цахимаар хийж хэвшсэн цагт халаасны хулгайчтай зэрэгцэж үйлдэгддэг хулгайг зогсооно гэж үзэж байна.

Гэхдээ нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн нөхөн олговорт зориулж 2017 онд 35.1 тэрбум,  2018 онд 32 тэрбум төгрөг зарцуулсан бол 2019 онд 33.4 тэрбум төгрөг олгох аж.

2015 онд нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлж зорчигчдын бодит урсгалыг тоолдог болсноор төсвөөс олгодог энэхүү нөхөн олговрын хэмжээ буурсан байна. Түүнээс өмнө зорчигчдын тоог нарийн гаргаж чаддаггүй байсан тул жил бүр 53 орчим тэрбум төгрөгийг зөвхөн нийтийн тээврийн нөхөн олговорт зориулж нийслэлийн төсвөөс хуваарилж иржээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж