Жагсаал, эсэргүүцлийн цуглаан учир утгаа алдаж байгааг гэрчлэх томоохон “тэнэглэлт” үйл явдал өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Энэ бол микроавтобусны үйлчилгээ эрхлэгчид буюу Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны гишүүд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, хотын Засаг дарга нараас шинэ микро автобус авч өгөхийг шаардаж жагсаал зохион байгуулсан явдал байлаа. Тэд нийслэлийн төв талбайд микротойгоо өдөржин залрав. “20 гаруй жил төрийн ачааг хувийн хөрөнгөөр үүрэлцэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гарган шинэ микроавтобустай болгох”-ыг тэд шаардаж байгаа юм.
Үнэндээ микроныхныг ажлаа хийхэд нь хэн ч саад болоогүй. Зөвхөн мөрдөж буй стандартын дагуу 2002 оноос өмнөх автомашинаа солиод арай дөмөгхөн унаагаар иргэдэд үйлчлэхийг Нийслэлийн тээврийн газраас хүссэн төдий. Мөн тэдэнд хуучин, хар утаа гарсан, тос нь гоожсон машинаа солих, сайжруулах багагүй хугацааг өгч, боломж олгосон гэдэг. Гэтэл өнөөх микроны эзэд “Даварсаар даварсаар Давгын орон дээр” гэдэгчлэн одоо бүүр шинэ микроавтобус авах мөнгө өгөхийг төр засгаасаа шаардаад “хэвтчихлээ” шүү дээ. Хэрэв шинэ машин авахад туслалцаа үзүүлж, мөнгө өгөхгүй бол одоо унаж байгаа 2002 оноос өмнө үйлдвэрлэгдсэн, үйлчилгээнд байтугай хөдөлгөөнд оролцох ч шаардлагагыг хангахгүй микрогоо унаад явахыг шаардаж байгаа гэнэ.
Энэхүү мэдээллийг уншсан иргэд, цахим ертөнцийнхөн “Засаг даргаа надад Iphone 6 аваад өг, миний амортизатор гэр хорооллын замын муугаас 2 удаа солиулсан мөнгөө авъя, Миний машины дугуй элэгдээд бүр тросс нь гарчихаж шинэ дугуй авч өгөөрэй ТӨР ЗАСГАА” гэхчилэн элэглэж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байна. Мөн иргэд “Өнөөгийн нөхцөлд ямар ч асуудалгүйгээр мөнгийг олж, эдийн засгийн хямралд хотойхгүй байгаа хүмүүс бол микроныхон шүү дээ. Дуртай үнээ хэлээд, дуртай замаараа, дуртай хүнээ дуртай тоогоороо чихээд явчихдаг болохоор арга ч үгүй биз” гэцгээж байна.
Д.ЖАРГАЛ