ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Гамшигтай тэмцэх газрын дарга С.Залуухүү, улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нар улсын хэмжээнд гараад буй ой хээрийн түймэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 89 түймэр гараад байгаагаас дөрвөн түймрийг цурманд оруулж чадаагүй байна. Энэ жил хуурайшилт эрт эхэлсэн, салхины хүч их байгаа нь ой хээрийн түймэр гарах, газар авах нөхцөлийг бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумд руу тархан ороод байгаа. Түймэр газар авах болсон шалтгааны талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Эхний хоёр өдөр салхины хурд 21-22 метр секунд байсан нь түймэр тархах нөхцөл болсон. ОБЕГ өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас ой хээрийн түймэр гарч болзошгүй бүс нутагт хүчээ байршуулан Сүхбаатар аймагт бүтцийн өөрчлөлт хийж, 14 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багийг шинээр бүрдүүлсэн. Мөн Дорнод аймагт 10 хүний бүрэлдэхүүнтэй аврах ангийг байгуулж, урьдчилан таамаглаж, хамгаалах бэлтгэл ажил хийж байсан. Түймэр гарсан даруйд манай хоёр баг очиж ажилласан боловч салхины хурдыг гүйцэж чадаагүй. Тиймээс нэмэлт хүч татаж ажилласан боловч салхины хурдтай холбоотойгоор тархац нь өндөр байсан" гэх тайлбар хийлээ.
Түймэрт өртөж 44 айлын гэр шатсан бөгөөд Засгийн газраас гэр олгох шийдвэр гаргажээ. Түймэр газар авсан бүс нутагт 600 гаруй хүн ажиллаж, Ерөнхийлөгчийн шийдвэрээр Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 100 гаруй албан хаагчаар хүч нэмэгдүүлсэн байна.
Одоогоор Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтрааж, цурамд оруулаад байгаа аж. Харин Дорнодын Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн баруун хойд хэсгээр маш том хэмжээний гал асч салхины хурдаар өөрчлөгдөж, байдал хүнд байгаа аж. Тус газруудад хил хамгаалах отрядын хоёр анги, Зэвсэгт хүчний 194 алба хаагч, орон нутгаас 330 гаруй хүн ажиллаж байгаа талаар мэдээллээ. Мөн ОХУ-аас манай улсад 10 гаруй гал орж ирсэн байна. Одоогийн байдлаар ой хээрийн түймэрт хэдий хэмжээний газар нутаг өртсөнийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Он гарснаас хойш цасан шуурга, ой хээрийн түймэрт улсын төсвөөс 1.2 тэрбум зарцуулсан байна.
С.ОТГОН