Багахангайн мах боловсруулах үйлдвэр 430 сая төгрөгийн өртэй

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Багахангайн мах боловсруулах үйлдвэр 430 сая төгрөгийн өртэй

Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн /НИТХ/ хуралдаан өнөөдөр /2019.03.14/ боллоо. Тус  хуралдаанаар   орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /ОНӨААТҮГ/ гурван аж ахуй нэгжийг менежментийн гэрээгээр ажиллуулах эсэхийг хэлэлцсэн юм. Энэ үеэр нийслэлийн Захирагчийн албанаас томилогдсон  ажлын хэсэг  тус гурван байгууллага дээр ажилласан дүгнэлтээ танилцууллаа.

Тодруулбал, Булган аймгийн “Үртсэн шахмал түлшний үйлдвэр”, Багахангай дүүргийн  “Багахангайн мах боловсруулах үйлдвэр, Налайх дүүргийн “Чандмань  Налайх” ахуй үйлчилгээний  төв зэрэг гурван  байгууллагын үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар зогсонги байдалд байгаа аж. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна.

НЭГ КГ ТҮЛШ  ТУТАМД 235 ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ  ХҮЛЭЭДЭГ

Булган аймгийн “Үртсэн шахмал түлшний үйлдвэр”-ийн тухайд 2009 онд  байгуулагджээ. Жилд 4000 тонн үртсэн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч тоног төхөөрөмжүүд нь  хуучирсан учраас Чех  улсаас шинэ тоног төхөөрөмж худалдаж  авахад  600 сая төгрөг , түүхий эд болон урсгал засварт  352 сая төгрөг  шаардлагатай  хэмээн тус дүгнэлтэд дурджээ.

Түүхий эдийн чанараас хамаараад тус үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдрэл ихээр гарсан байна. Өөрөөр хэлбэл, ашиглаж байгаа үртсүүд шороотой байдаг учраас тоног төхөөрөмж элэгдэхэд   нөлөөлсөн. Үйлдвэрийг 2014 онд нээлттэй дуудлага худалдаагаар худалдах гэсэн боловч санал ирээгүй” хэмээн Нийслэлийн өмчийн харилцааны  газрын дарга Ч.Однасан хэллээ.

"Үртсэн шахмал түлшний үйлдвэр"т  нийт 952 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд өнөөдрийн байдлаар нэг кг түлш  тутамд 235 төгрөгийн алдагдал  хүлээдэг гэнэ. Үнийн зөрүүний алдагдлыг төрөөс санхүүжүүлээд явбал 352  сая төгрөг шаардлагатай байна  гэх тооцооллыг ч холбогдох албаныхан хийжээ. Мөн  ОХУ-ын Буриад улстай хамтарсан компани байгуулах ажил яригдаж байгаа аж.

БАГАХАНГАЙН  МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР УЛААНБААТАР БАНКАНД 430 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ

Дараагийн менежментийн гэрээгээр ажиллуулах шаардлагатай газар Багахангай дүүргийн “Багахангайн  мах боловсруулах үйлдвэр” юм. Тус үйлдвэр 1994 онд байгуулагдсан, 2003 оноос хойш үйл ажиллагаа нь зогссон. Тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулж, барилгад засвар хийх шаардлага тулгараад буй.

2018 оны жилийн эцсийн тайлангаар 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. 470 сая төгрөгийн богино хугацааны зээлтэй гарсан байна.  “Багахангайн  мах боловсруулах үйлдвэр”  Улаанбаатар хотын банканд 430 сая төгрөгийн өртэй бөгөөд үйлдвэрийн объектын хоёр га газрыг   хамруулан  шүүхийн шийдвэрээр битүүмжилжээ.

Өөрөөр хэлбэл, Баганхангайн мах боловсруулах  үйлдвэрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг 400 сая төгрөгийн өрөнд тооцоод Улаанбаатар хотын банканд хураагдсан гэсэн үг. Шүүхийн шийдвэрээр тус үйлдвэр битүүмжлэлд байсан  ч Улаанбаатар банкныхан үйлдвэр рүү орж 4-5 контейнер зүйл ачаад явсан нь Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байжээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын /НӨХГ/  зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаад Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг зээлийн өрөнд хураасан үйлдлийг хүчингүй болгосон гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Ингэснээр өрөнд хураагдсан үйлдвэрийн объект сулларсан  ч тус үйлдвэр Улаанбаатар банканд өртэй хэвээрээ байгаа юм. НӨХГ-аас   Багахангай дүүргийн  цагдаагийн хэлтэст хүсэлт гарган Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн бүх  хөрөнгийг тоолж байгаа бөгөөд анх Улаанбаатар хотын банканд хүлээлгэж өгөхөд хэдий хэр хөрөнгө байсан одоо хэр зэрэг хөрөнгө байгаа талаар зөрүүг нь гаргаж хохирлын үнэлгээг  хийлгэх гэнэ.

2017 ОНД 44 САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ

Мөн өнгөрсөн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн Налайх дүүргийн “Чандмань  Налайх” ОНӨААТҮГ-ын ахуй үйлчилгээний  / 8 хүний  халуун усны газар/ төвийн барилгыг  менежментийн хувьчлах санал оруулж ирсэн юм.

Тус ахуй  үйлчилгээний төв нь 2017 онд 44 сая төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд  усыг нь цахилгаан тенээр халаадгаас болоод   цахилгааны зардал өндөр гардаг байна.  

Менежментийн үр дүнг харгалзан  хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах  журмыг боловсруулахдаа   сонгон шалгаруулалт оролцогч нь тухайн салбарт хөрөнгө  оруулалт хийж үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх чадамжтай гэж үзэж буй.  Улмаар менежментийн гэрээг гурав хүртэл  жилээр байгуулахаар  төлөвлөсөн байна.  Гэрээний хугацаа  дуусахад үйлдвэрийн  үйл ажиллагааг тодорхой түвшинд хүргэсэн тохиолдолд хувьчлах аж. Хэрэв үр дүнд хүрэхгүй тохиолдолд  гэрээг хааж,  улсын орлого болгохоор төсөл боловсруулан оруулж ирсэн юм.

Дээрх  гурван газар нь 2018  оны ИТХ-ын  21 дүгээр тогтоолоор шийдвэрлүүлж өмч хувьчлалын жагсаалд орсон байна.

Өнөөдрийн хуралдаанаар менежментийн хувьчлалын төсөл дээр хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байсан ч тэргүүлэгчдийн зүгээс менежментийн хувьчлалтай холбогдуулж  нэмж тодруулах санал гарсан юм. Тухайлбал, төлөөлөгч С.Мөнхчулуун “Энэ асуудлаар хотын Засаг даргын саналыг сонсох ёстой. Мөн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг тусгах ёстой. Аливаа өмчийг хувьчлахдаа бодлоготой оруулж ирэх хэрэгтэй.  Тиймээс буцаах саналтай байна” хэмээн горимын санал гаргаснаар хэлэлцэж буй асуудлыг дараагийн хуралдаанаар үргэлжлэн хэлэлцэхээр болов.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж