Идэрийн эх хэлний уламжлалт олимпиад болно

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Идэрийн эх хэлний уламжлалт олимпиад болно

Эх хэлээрээ зөв сайхан бичих, яруу төгөлдрөөр ярьж хэлж занших, сурах эрмэлзлэлийг идэвхжүүлэх, хамгийн гол нь алслагдсан бүс нутгийн багш, сурагчдад шалгарал, өрсөлдөөнийг буй болгодог “Идэрийн эх хэлний сорилго” наадмаа 2015 оны тавдугаар сарын 7-9-нд уламжлал ёсоор Завхан аймгийн Идэр сумын нутаг Идэрийн голынхоо хөвөөнд зохион байгуулахаар Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих Үлэмжэгшиглэн сангийн Удирдах зөвлөл шийджээ.

Монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Лутын Лхагважавын нэрэмжит энэхүү олимпиадад Монголын эрдэмт мэргэн зохиолч, шинжлэх ухаан боловсрол, урлаг соёлын зүтгэлтнүүд тогтмол дэмжин оролцож ирсэн бөгөөд энэ жил хөлгөн найрагч Д.Урианхай, Д.Цоодол, Т.Галсан нарын тэргүүлсэн алдар суутнууд багш, сурагчид, ард түмэнд уулзалт ярилцлага зохиож, биечлэн танилцаж, эх хэл соёл, урлагийн олон талт арга хэмжээ  зохион явуулна.

Түүнчлэн энэ жилээс эхлэн олимпиадын шүүгч багш нарын бүрэлдэхүүнд жил бүр ротаци  хэлбэрээр  50 хувийн өөрчлөлт оруулж байхаар Үлэмж эгшиглэн сангийн Удирдах зөвлөлөөс тогтжээ.

Б.ДОРНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж