Тор зарлаа гэж торгохгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Тор зарлаа гэж торгохгүй

Тор зарлаа гэж торгохгүй

Нэг удаагийн нийлэг уут буюу 0.035 мм-ээс нимгэн нийлэг уутны хэрэглээг хориглосон тогтоол хэрэгжээд 10 гаруй хонож байна. Гэвч иргэд яг ямар уутыг ашиглаж болох талаар мэдээлэлгүй, эсвэл бүх төрлийн нийлэг уутыг хориглосон гэж ойлгож байгаа нь амьдралтай уялдаагүй шийдвэр, гарцыг нь шийдээгүй тогтоолтой холбоотой.

Засгийн газрын 189 дүгээр тогтоол болон Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай хуулийн дагуу 0.035 мм-ээс нимгэн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны гуравдугаар сарын 1-нээс хориглосон. Үүнтэй холбоотойгоор ихэнх дэлгүүр нийлэг уут худалдаалахгүй байгаагаас иргэд худалдаж авсан зүйлээ цувуулж унагасаар дэлгүүрээс гарч байгаа. Энэ хуулиас болж жижиг дэлгүүрүүд бүх төрлийн тор худалдаалахгүй, иргэдэд үйлчлэхгүй байгаа учраас "Хоёр кг төмс, хоёр халаасанд багтдаг юм билээ", "Элсэн чихэр халаасандаа хийж болох уу" гэх шог яриа ч сошиал орчинд өрнөж байна. Энэ нь нэг талаас иргэд даавуун уут хэрэглэж дадаагүйтэй холбоотой. Нөгөө талаас нийлэг уут ашиглавал хувь хүнийг 300 мянга, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгоно хэмээх буруу ойлголттой холбоотойгоор тухайн нийлэг уут 0.035 мм-ээс зузаан байсан ч худалдахгүй байгаа аж. Гэвч тус торгууль нь Хог хаягдлын тухай хуульд хамаардаг тул сав, баглаа боодлын зориулалттай нийлэг уутанд хамаарахгүй юм.

Тогтоолын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа. Энэ хүрээнд 0.035 мм-ээс нимгэн бусад нийлэг уутыг ашиглаж байгаа тохиолдолд торголгүй, тухайн нийлэг уутыг хураан авч байгаа гэв.

Түүнчлэн 0.035 мм- ээс нимгэн цөөн тооны нийлэг уутыг зах зээлд ашиглахыг зөвшөөрч байгаа. Үүнд, хүнсний скоч, тасалдаг уут, хогийн уут, үйлдвэрлэлийн анхдагч савлагааны нийлэг хальсан уут, түүний түүхий эд, бэлдэц багтаж байгаа юм.

Мөн мэргэжлийн байгууллагууд зах зээлд байгаа нийлэг уутуудад хэмжилт хийж байгаа бөгөөд үүний дараа яг ямар тор 0.035 мм хүрч байгаа талаар мэдээлэл бэлтгэн хүргэх юм байна. Уг нь хууль, тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө энэ хэмжилтээ хийж, ямар уутыг хэрэглэж болох, ямрыг болохгүй талаар иргэдэд сурталчилгаа, мэдээллийг өгөх үүрэгтэй төрийн байгууллага аль нь вэ? БОАЖЯ уу, Мэргэжлийн хяналтын газар уу?

Өөрөөр хэлбэл, тор зарлаа гэж торгохгүй, 0.035 мм-ээс нимгэн нийлэг уут ашиглаж байвал хурааж авч байна. Харин худалдаа эрхлэгчид тухайн ашиглаж байгаа уутаа 0.035 мм хүрч байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл нийлүүлж байгаа газартаа хүсэлт гаргаж болно гэж байгаа.

Эцэстээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сайдын журам амьдралд нийцэхгүй гэдэг нь хэрэгжээд 10 хоноход л илт. Ядаж л хориглосон бүтээгдэхүүнийхээ орлох бүтээгдэхүүний зах зээлийг судлах, ямар бүтээгдэхүүнээр орлуулж болох, иргэдэд үйлчилж байгаа худалдааны төвүүдэд үнэн мэдээллийг хүргэх, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах зэрэг ажлаа хэрэгжүүлэхгүй, шийдвэр гаргаад л орхидог төрийн ажлын нэг хэлбэр нь энэ шийдвэр байлаа. Цаашид хүнсний худалдаа эрхлэгчид нийлэг уутнаас татгалзахын тулд ямар бүтээгдэхүүнээр орлуулах вэ гэдгийг нь тодорхой болгохгүй бол хэрэгждэггүй, цаасан дээр үлддэг сайдын шийдвэрийн нэг болоод үлдэх нь. Таны гаргасан шийдвэрт хяналт тавих Мэргэжлийн хяналтын байгууллага журам нь зөрчилдөж байгаа учраас иргэдийг торгож чадахгүй байна гэдгээ учирлаж сууна.

Худалдаачид, хэрэглэгчид нийлэг уутнаас татгалзах шийдвэрийг чинь хэрэгжүүлмээр байна, гэхдээ түүнийг орлох бүтээгдэхүүнийг бий болгох, хариуцлагын тогтолцоог нь ойлгомжтой болгосны дараа хэрэгжүүлбэл яасан юм бэ, Н.Цэрэнбат сайд аа.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж